Наран ургах зүгээс хөгжлийн төмөр зам дөтөлнө
Дорнод аймгийн Булган сумын Зараатын хөндийд Чойбалсан-Баруун-Уртын чиглэлийн төмөр зам барих ажил ид өрнөж байна. Монгол Улсын хэмжээнд 5.683.5 км төмөр замын суурь бүтцийг барихаар бодлогын баримт бичигт тусгасны эхний ээлжийнх нь буюу 1100 км зам энэ бүсэд баригдах юм. Тодруулбал, Даланзадгад-Таван толгой-Цагаан суварга-Зүүнбаянгийн чиглэлд 400, Сайншанд-Баруун-Уртад 350, Баруун-Урт-Хөөтийн чиглэлд 140, Хөөт-Чойбалсангийн 150 км зам байх аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга энэ чиглэлийн төмөр зам барих ажлын явцтай танилцлаа.
Чойбалсан-Баруун-Урт чиглэлийн төмөр замын тендерт "Транс Кон" компани шалгарч, өөрийн туслан гүйцэтгэгч болох "Хэт" компанитай хамтран хөрс хуулалтын ажлаа эхлүүлжээ. Ажил ч урагштай, урамтай яваа аж.Таван км замын хөрсийг бүрэн хуулж, өрөмддөг судалгааны ажил шувтарч байгааг тэд дуулгалаа. 49 км замын 300 метр тутамд зургаан метрийн гүн өрөмдлөг хийн, судалгааны дээж авчээ. Харин гүүр хоолой барих газарт 15 метрийн гүн өрөмддөг хийсэн байна. "Өнгөрсөн дөрөвдүгээр сард бэлтгэлээ базаан, энэ сарын 6-наас хөрс хуулалтын ажил эхэлсэн" хэмээн 'Транс Кон" Компанийн талбайн инженер Д.Долгорсүрэн тайлбарлав. Хөрс хуулалтын баг нь 16 техник, 35 хүний бүрэлдэхүүнтэй цомхон аж. Дорнодын төвөөс 40 гаруй км-т баазаа байгуулан төвхнөжээ. Ирэх наймдугаар сарын 1 гэхэд 50 гаруй км төмөр замын хөрс хуулалтыг дуусгаж, далан босгоно гэдгээ тэд ярьж байна. "Даланг барихын өмнө ажлын зургийг гаргасан байх учиртай. Тиймээс ажлын зургаа удахгүй гаргана" хэмээн "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа хөрс хуулалтын багийнханд танилцууллаа.
Засгийн газар шинэ төмөр зам тавих хөрөнгийн эх үүсвэрээ судалж байгаа гэнэ. Эхнийхийг нь Хөгжлийн банкны санхүүжилтээр шийдэх боломжтой. Харин хоёр дахь гарц нь "Монголын төмөр зам" компанийн 49 хувийг хувьчилж, хөрөнгө босгох хувилбар юм. Харин гурав дахь нь Тавантолгойн тендерт оролцож буй компаниуд дэд бүтцээ өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэй аж.Төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай нийт хөрөнгө дээрх гурвын нэгдлээс хамаарна. Одоогоор шинэ төмөр замын ажилд дөрвөн чиглэлд дөрвөн компани ажиллаж байгаа юм билээ.Тэд бол "Дорнын төмөр зам", "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг,"Транс Кон" компани. Харин дөрөв дэх компани удахгүй Баруун-Уртаас төмөр замын ажлаа эхлэх гэнэ. "Нэг км төмөр зам барихад шаардлагатай хөрөнгийн хэмжээ албан ёсоор хараахан гараагүй. Нэг км төмөр замыг 2-2.5 сая ам.доллараар барих болов уу гэсэн хар зураг бий. Ирэх долдугаар сард зам тавих үнэлгээ гарчихна" хэмээн ЗТБХБ-ын сайд Х.Баттулга ярилаа.
Б.Батзаяа: Хэрлэн голын дээгүүр 300 метр гүүр барина
"Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захиралБ.Батзаяагаас цөөн зүйлийг тодруулсан юм.
-Дорнод аймаг цагаан зээр ихтэй.Тиймээс төмөр зам барих нь зээрийн нутаг, бэлчээрт ямар нөлөө үзүүлэх бол?
-Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг "Эсмек" компани хийж байгаа. Дэлхийн байгаль орчны байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн компани мониторинг хийх учраас байгаль орчинд ээлтэй байхуйц зохицуулалт хийгдэх болно. Зээрийн нутаг хоёр хэсэгт хуваагдана гэх асуудал гарахгүй.
-Чойбалсан-Сайншанд хүртэлх төмөр замд хэчнээн өртөө, зөрлөг байхаар тооцоолсон бэ?
-Эцсийн ажлын зураг гараагүй тул өртөөний тоог тодорхой хэлэх боломжгүй. Одоогоор техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа. Ачаа тээврийн нэвтрүүлэх чадвараас шалтгаалан өртөө, зөрлөг тодорхойлогдоно. Долдугаар сарын сүүлч гэхэд бэлэн болчих байх.Трассын дагуу барих хамгийн том гүүрийг Чойбалсан-Сайншандын замд барина. Хэрлэн гол дээгүүр 300 орчим метр гүүр барих ажлын зураг удахгүй бэлэн болно.
-Гүүр, хоолой барихтай холбогдож нэг км төмөр замын өртөг өндөр гарах байх.Үүнийг судалж тооцсон уу?
-Газар нутгийн байршлаас үүдэж, нэг км төмөр замын өртөг янз бүр байх нь ойлгомжтой. Сайншандаас Тавантолгой хүртэлх зам сайр ихтэй, үерийн ус буух эрсдэлтэй тул ус зайлуулах хоолой барихад зардал ихтэй. Харин Дорнодын нутагт зардал харьцангуй бага. Энэ бүгд ажлын зургаас тодорхой болох юм.
-Дэлхийн бусад оронд 1000 гаруй км төмөр замыг хэдий хугацаанд барьдаг юм бэ?
-Казахстан,Туркменистанд төмөр замын бүтээн байгуулалт их өрнөж байна.Тэд 900 км төмөр замыг хоёр жилийн хугацаанд барьсан байна билээ. Гэхдээ манай цаг уурын онцлогийг тооцон үзэх хэрэгтэй. Аравдугаар сараас дөрөвдүгээр сарын эх хүртэл хөрсний ажил хийх боломжгүй. Ялангуяа говийн нутагт бүр амаргүй. Гэвч цаг хугацаа алдах учиргүй. Дараагийн зам барих төслийн ерөнхий гүйцэтгэгч,туслан гүйцэтгэх компанийг шалгаруулах ажил энэ оны сүүлчээс эхэлнэ гэв.
Хөрс хуулах үед сум галт зэвсэг гарч иржээ
Зараат өртөөнөөс Хөөт хүртэлх 50 гаруй км-т хөрс хуулах "Транс Кон" компанийн гүйцэтгэх захирал Б.Хүдэр-Ян "Өдөрт 700 орчим метр хөрс хуулж байна. 60 хоногийн дараагаар далан босгох ажил эхэлнэ" хэмээв. Цаг агаарын нөхцөл, дизель түлшний хомсдол Улаанбаатараас 650 орчим км-т бүтээн байгуулалт өрнүүлж буй тэдэнд бэрхшээл учруулсаар байгаа аж. Тэглээ гээд шинэ төмөр зам
тавих ажил сатааран зогсохгүй нь мэдээж. Бүтээн байгуулалтад оролцоно гэдэг бол үндэсний компаниудын хувьд нэр төрийн хэрэг юм. Шаардлага хангахуйц орон нутгийн компаниуд энэ ажилд оролцох боломж нь нээлттэй байгаа аж.
Төмөр зам тавих газрын хөрс хуулах үеэр галт зэвсэг, сум ихээр гарч ирсэн тул "Хэт" компани Зэвсэгт хүчний 0327-дугаар ангитай гэрээ байгуулан устгуулжээ. Оросын цэргийн анги, цэргийн сургууль байрлаж байсан газар тул төмөр замын трассын дагуу галт зэвсэг, сум орхигдсон бололтой. "Транс Кон" компани төмөр зам тавих ажилд орон нутгаас ажиллах хүч авах төлөвлөгөөтэй байгаа аж. 50 гаруй км замын ажилд улирлын чанартай 500 гаруй ажлын байр бий болно гэж тэд тооцоолжээ.
Чойбалсан-Баруун-Урт хүртэлх төмөр замын ажил иймэрхүү өнгөтэй байна. "Хөгжлийн төмөр зам" гэж нэрийдээд буй энэ зам дөрвөн аймгийн 11 сумаар дайран 1100 км үргэлжлэх төдийгүй олон улсын зах зээлд өрсөлдөх чадамж, нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдүүлэх юм. Монгол Улс жилд 60 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох тооцоотой бөгөөд түүний нэлээд хэсгийг энэ замаар тээвэрлэнэ. Хоёр жил хагасын дараа ашиглалтад орно гэж төсөөлөөд буй "Хөгжлийн төмөр зам" энэ салбарын хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх нь тодорхой.