Монголчууд өөрсдөө төмөр замаа тавьж эхэллээ
ЗТБХБ-ын сайд Х.Баттулга Улаанбаатар хотын Толгойт өртөөнөөс Гаалийн баталгаат агуулах хүртэлх 4.6 км төмөр зам шинээр тавих барилгын ажилтай танилцлаа. Энэхүү төмөр замын ажлыг Монголын "КНШ" компани гүйцэтгэж байгаа аж. Төмөр замын барилгын ажил өнгөрсөн оны аравдугаар сард эхэлжээ.
Одоогоор төмөр замын бул шорооны асгалт дуусаж,гүүр хоолойны ажилдаа орсон байна "Төмөр зам тавих ажил 80 хувьтай явна. Замын дэр модыг хадаад бэлэн болсон" хэмээн Улаанбаатар төмөр замын зургийн төслийн секторын дарга Б.Лхагвасүрэн хэлж байлаа. Харин шинээр барьж буй салбар замыг ирэх зургадугаар сарын 10-нд захиалагч "Вагнер Ази" комданид гэрээний дагуу хүлээлгэн өгөх аж. Таван толгой, Сайншандын чиглэлд барих 1100 км-ийн төмөр зам барих ажилд оролцох сонирхолтой байгаагаа “KHNR” компанийн Захирал З.Баасандорж ЗТБХБ-ын сайдад хэлж байв. Тэднийх 100 км төмөр зам тавих техник эдийн засгийн үндэслэл гаргасан байна. ТЭЗҮ-ийг үзэхэд 100 км төмөр замыг нэг жил, найман сарын хугацаанд барина хэмээн тооцжээ.
Одоо барьж буй 4.6 км замын нэг км зам нь дунджаар 500-600 сая төгрөгийн өртөгтэй юм байна. Монголчууд өөрсдөө судалгаа тооцоо, зургаа гарган төмөр зам барьж байгааг салбарын сайд онцолсон юм. Манайд төмөр зам тавих 14 компани байдаг аж. ЗТБХБ ын сайд Х.Баттулга "Энэ хавраас төмөр замын бүтээн байгуулалтын их ажил эхэлнэ. Компаниуд маань төмөр зам барих ажилд консорциум байдлаар нэгдээд ажиллана байх. Өртгийн хувьд бол говьд барих төмөр зам хүнд даацынх учраас зардал өндөр. Жилдээ 30-50 орчим сая тонн нүүрс тээвэрлэнэ. Тиймээс хамгийн чанартай гэсэн техник, материал шаардлагатай болно" хэмээсэн юм. Монголчууд өөрсдийн гараар төмөр замаа тавьж байгаа нь томоохон дэвшил гэдгийг онцлох хэрэгтэй.
Б.Баяртогтох