Төмөр замын ерөнхий захирлуудын XXV бага хурал болж, өндөрлөө
Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төмөр замын ерөнхий захирлуудын XXV бага хурал өчигдөр өндөрлөлөө.
Уг байгууллагын гишүүн 25, ажиглагч дөрвөн орны төлөөлөгч бүтэн долоо хоногийн турш олон чиглэл, сэдвээр хуралдаж байгаа билээ.
Тодруулбал, Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын өнгөрсөн онд хийсэн ажлын тайланг хэлэлцэж, энэ оны зорилтоо тодорхойлж буй. Уг хурлын үр дүнд төмөр замын захирлууд хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичиг гаргаж, гарын үсэг зурсан юм. Үүнийг ирэх тавдугаар сард Чех улсад болох сайдуудын зөвлөл хэлэлцэж, баталгаажуулснаар шийдвэр хүчин төгөлдөр болохыг Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн Шозда Тадеуш онцолж байв.
Монголын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга өчигдрийн хурлыг нээж үг хэлэхдээ "Далайд гарцгүй Монгол орны хувьд Ази, Европыг холбон худалдаа хийхийн тулд төмөр замын тээврийг хөнгөвчлөх зайлшгүй шаардлага тулгарч байна" хэмээсэн юм. Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн ор нууд Олон улсын ачааны хэлэлцээрийн баримт бичгээр ачаа тээвэрлэдэг аж. Харин Европын орнууд өөр бичиг баримтаар ачаа тээвэрлэдэг учир багагүй бэрхшээл тулгардаг юм байна. Үүнийг хөнгөвчлөх үүднээс нэгдсэн бичиг баримт хэрэглэх талаар энэ удаад хэлэлцжээ. Мөн галт тэрэг хилээр нэвтрэхдээ хугацаа алдаж байгааг хэрхэн хөнгөвчлөх талаар ярилцсан тухай Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын Монголын талын төлөөлөгч, төмөр замын ашиглалтын инженер Д.Амарбаясгалан хэлсэн юм.Зорчигч болон олон улсын транзит тээврийн тарифын талаар ч оролцогчид санал солилцсон байна. Манай зэс, алт, нүүрсний томоохон уурхай удахгүй ашиглалтад орно. Төмөр замгүй бол бид Оюутолгой, Тавантолгойн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж чадахгүй нь лавтай. Тиймээс манайхан Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны төлөөлөгчдөд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх төмөр замын сүлжээ байгуулах тал дээр хамтарч ажиллахад нээлттэй гэдгээ дуулгаж амжив. Польш улсын Варшав хотод төвтэй Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага 1956 онд бий болсон. Манайх уг байгууллагын анхны 10 гишүүний нэг болохоор үйл ажиллагаанд нь нэлээд идэвхтэй оролцдог билээ.