Хамтдаа гарц хайя! /Цуврал ярилцлага/
Хамтдаа гарц хайя!
/Цуврал ярилцлага/
Ярилцах сэдэв:
“Дорноговь аймгийн Сайншанд хотод аж үйлдвэрийн цогцолбор байгуулагдвал, төмөр замаа өргөтгөж, техникийн шинэчлэл хийх асуудал ч давхар шийдэгдэнэ. Түүнчлэн Тавантолгойгоос Зүүнбаян хүртэл 500 км төмөр зам тавих ажил ч яригдаж байна. Хэрвээ эдгээр төмөр замыг тавьж эхэлбэл, ажлын байр нэмэгдэж, орон нутагт дэд бүтэц хөгжих сайн талтай. “Гэхдээ монгол төмөр замчиддаа ажлын байрыг нь хадгалж үлдэхийн тулд, цаашлаад үндэсний аюулгүй байдлаа бодолцсон ч, нарийн төмөр тавьж болохгүй.” хэмээн эсэргүүцэж байгаа хүн олон байна.
Аж үйлдвэрийн цогцолбороос гарах эцсийн бүтээгдэхүүнийг манай улс хоёр хөршөөсөө гадна гуравдагч орон руу экспортлох боломжтой. ОХУ, Финлянд, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан ихэнх орон манайхтай адилхан өргөн төмөр зам ашиглаж байна. Харин урд хөрш БНХАУ болон Европын улс орнууд нарийн төмөр замтай. Манай төмөр зам 1956 онд ашиглалтад орсон, хуучин технологитой. Гэхдээ дээрх хоёроос өөр стандарт ч төмөр замд бий. Улс орон бүр өөрийн гэсэн стандартаа мөрддөг байна.
Манайх ч энэ жишгийг дагаж, өргөн төмөр зам хэрэглэсээр ирсэн. Хятадын хил давмагц, дугуй солих шаардлагатай болдгийг бид мэднэ. Энэ нь нэг талаас хүндрэлтэй ч, өргөн төмөр замыг нарийнаар сольчихвол үндэсний аюулгүй байдал, ажиллах хүчний асуудал давхар сөхөгдөнө.
Замын-Үүд, Гашуун сухайт, Байтаг богд, Бургастай, Шивээ хүрэн, Бичигт, Сүмбэр, Хавирга зэрэг урд хөрштэй хиллэдэг боомтуудын цаана хятадууд нарийн төмөр зам тавих бэлтгэлээ аль хэдийн хангасан. Энэ нь манай улсын ашигт малтмал, түүхий эдийн нөөц хаана байгааг урд хөрш эртнээс судалж, ажиглаж ирсний нотолгоо гэж хэлэх хүн ч байна.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд "Төмөр зам бол тусгай зөвшөөрлөөр хэрэгжих үйл ажиллагаа" гэсэн байдаг.
Ухаа худаг Гашуун сухайтын чиглэлд нарийн төмөр зам тавих санал "Энержи Ресурс" компани Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гаргажээ. Сайтар судалж үзэхийг хүсээд, саналыг нь буцаасан ч, дээрх компанийн удирдлагууд төмөр зам тавих эрх олгох тогтоолд гарын үсэг зурсан байна. Уг нь тусгай зөвшөөрөл олгохдоо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдэх ёстой юм байна.
Дээр нь нарийн төмөр зам тавих мэргэжилтэн манайд байхгүй учраас урд хөршөөс ажилчид орж ирнэ. Монгол төмөр замчид хятадуудад шахагдан ажилгүй хоцорно. Манай галт тэрэгнүүд нарийн зам дээр явах боломжгүй. Иймээс нарийн зам тавилаа гэхэд Хятадын галт тэрэг л явна. Өөрөөр хэлбэл, манай хилээр урд хөршийн галт тэрэг чөлөөтэй орж гардаг болно гэсэн үг. Манай улсын хувьд өмнөд хөрш рүү төмөр зам тавиад ямар ч ашиггүй. Харин зарим нэг компани, эрх мэдэлтнүүдэд л ашигтай байж болзошгүй. Дээр дурьдсан найман боомтод нарийн төмөр зам тавигдвал яахын аргагүй Үндэсний аюулгүй байдлын асуудал яригдах учиртай. Тиймээс нарийн төмөр зам ганцхан гарц нээгээд, /ГАРЦ: Өмнөд хөрш рүү түүхий эдээ хямд зардлаар шууд нийлүүлэх/, маш олон саад /СААД: Монгол төмөр замчдаасаа ажлын байрыг нь булааж, хятадуудыг тэжээнэ. Хэдэн мянган хятад ажилчин орж ирээд, хот тосгоноо байгуулна. Тавьсан төмөр зам дээр нь зөвхөн хятад галт тэрэг явна./ бий болгож байна... “
... Хэвлэл мэдээллээр цацагдаж, хүмүүсийн дунд түгэн тархаж байгаа энэ мэт мэдээлэл эх оронч хүн бүрийн санааг зовоож байна. “Үнэхээр хятадууд олноороо орж ирээд, хилийн наана хот тосгоноо байгуулчихгүй байгаа. Монголчууд цөөхүүлээ юм чинь амархан идэгдэнэ.” гээд л улс үндэснийхээ тусгаар тогтнол, аюулгүй байдалд санаа зовох хандлага олон нийтийн дунд түгээмэл байна. Тиймээс бид эхний зочинтойгоо энэ сэдвээр ярилцлаа. Олон нийтийн анхаарлын төвд байгаа, улс үндэсний эрх ашигтай холбоотой асуудлаар гарц хайсан цуврал ярилцлага цаашид ч үргэлжилнэ...
Ж.Батсуурь: Манай улс нүүрсээр үнэхээр баян. Энэ баялаг нөөцөө ойрын үед эргэлтэд оруулах хэрэгтэй. Эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрс хэрэглэх нь ирээдүйтэй харагдахгүй байгаа. Ер нь нүүрс шатааж, цахилгаан гаргадаг арга техник хоцрогдож байна. Өртөг өндөр, байгальд хортой технологи. Тиймээс эрчим хүчний нүүрсээ сонирхогч орнуудад ойрын үед худалдан борлуулах нь онц ач холбогдолтой. За тэгээд, тэр баялгийг асар хол зам туулж, ОХУ-аар дамжуулан, Европын зах зээлд гаргана гэдэг бол өртөг өндөр, бэрхшээлтэй зам шүү дээ. Тиймээс аль нэг замыг нь сонгоод, нөгөөг нь битүүлнэ гэдэг байж боломгүй зүйл. Хоёр хөрштэйгээ яаралтай эн тэнцүү, харилцан ашигтай, хамтран ажиллах хэрэгтэй. Мэдээж, аль аль эрх ашгаа хамгаалж ажиллах ёстой.
Манай улс эрдэс баялгийнхаа нөөцөд тулгуурлаад, ирээдүйд томоохон хөрөнгө оруулалттай хүнд үйлдвэрүүд барьж байгуулна. Тэр үед дэд бүтцийн асуудал тун чухал болж ирнэ. Ялангуяа төмөр зам. Тиймээс төмөр зам тавих хөрөнгө оруулагчдаа хайж, ажлаа яаралтай эхлүүлэх шаардлагатай.
Урд хөрш рүү нүүрс тээх төмөр зам тавьчихвал, үндэсний аюулгүй байдал алдагдана ч гэдэг юм уу, энэ бол тийм биш. Төмөр зам тавьснаар маш олон асуудал шийдэгдэнэ. Оюутолгой том орд. Баяжуулагч үйлдвэр барьж байгууллаа гэхэд түүхий эдийг нь говьд юугаар тээвэрлэх вэ? Хүнд даацын том том машинууд явах боломж алга байна. Тиймээс тэр Оюутолгой руу, урд хөрш рүү, түүнчлэн төв замтайгаа холбоод, Сайншанд, за тэгээд Сүхбаатар аймгийг дайруулаад, Дорнод руу төмөр зам тавих зайлшгүй шаардлагатай. Үнэхээр тооцоолоод, тээх ачаа нь байгаа бол, байгалийн баялгаа ашиглах нь нэгэнт тодорхой болсон нөхцөлд энэ төмөр замуудаа барьж байгуулах ёстой.
Миний хувьд Дорноговь аймгийн даргаар ажиллаж байхдаа, 2003 оны үед Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Оюунбаатар, Долгор нартай Оюутолгой, Тавантолгойг төв замтай холбох талаар ярилцаж байсан. Өөрөөр хэлбэл, Сайншандаас Зүүнбаян, тэгээд Тавантолгой, Оюутолгой гэсэн чиглэлд төмөр зам барьж байгуулах зайлшгүй шаардлагатай. Үүний техник, эдийн засгийн үндэслэл, судалгааг хийх хэрэгтэй гэж үзээд, төсөл хөтөлбөр, санал боловсруулан оруулж байсан. Тухайн үед Улаанбаатар төмөр замаас мэргэжлийн хүмүүс очиж, зам маршрутыг үзэж хараад, урд хөрштэй ч санал солилцож байсан. Тэрүүгээрээ дамжаад, урагшаа шууд төмөр зам тавих талаар ч ярилцаж байлаа.
Тэгэхээр яагаад энэ асуудал өнөөдөр нилээд эрч хүчтэй яригдаж байна вэ гэхээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсан. Таван толгойг ашиглах гэрээний асуудал хэзээ мөдгүй яригдах гэж байна. Яг цаг үе нь болчихоод байна л даа. Харин ч цаг үеэсээ хоцорч байна.
Оюутолгойн гэрээг байгуулчихаад байхад, замын ажлыг нь эхлүүлчихсэн, зам нь ашиглалтад орчихсон бол өнөөдөр шууд л ашиглахад бэлэн байх байлаа. Ер нь ч тэр том даацын тоног төхөөрөмжүүд, их хэмжээний ачааны урсгалыг бид дан ганц Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлж, гаргаж чадахгүй. Ачаалал нь дийлэхгүй.
Тиймээс аль аль тал руугаа дэд бүтцээ хөгжүүлж, төмөр замаа барьж байгуулах, ачааны урсгалаа аль болох нэмэгдүүлэх хэрэгтэй. Дээр нь төмөр замтайгаа зэрэгцүүлээд, хүнд даацын автомашин явах хүчин чадалтай, байгальд хор хөнөөл багатай авто зам барьж байгуулахад хөрөнгө оруулагчдын сонирхлыг төрүүлж, хамтран ажиллах нь зөв. УИХ, Засгийн газар, төр өөрөө бодлогоо тодорхойлох шаардлагатай. Бодлого тодорхой болчихвол, Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд сонирхогч талууд хамтраад, ганц улс орных биш, хэд хэдэн улс орны сонирхогч талууд хөрөнгөө оруулж, хамтраад ажиллаж болно. Томоохон өмчийн харилцааг зохицуулах үүрэг бүхий Монголын компаниудаар дамжуулан хөрөнгө оруулалт хийгээд, тэгээд тодорхой хувийг нь ямар нөхцлөөр эзэмших юм бэ, Монголын төрд ямар эзэмшил байх юм бэ ч гэдэг юм уу, асуудлаа зах зээлийн зарчмаар шийдэх нь зүйтэй.
Түүнээс зарим хүмүүсийн ярьж байгаа шиг Монголын төр мөнгө гаргаад, тэнд бүтээн байгуулалт хийгээд явах юм бол нэг талаас зах зээлийн зарчим алдагдана. Нөгөө талаас, төрийн мөнгөөр тийм их бүтээн байгуулалт хийх боломжгүй. Гадны томоохон хөрөнгө оруулагчдаас мөнгө босгосны үндсэн дээр энэ ажил хийгдэнэ.
Оросын тал бол энэ говь руу чиглэсэн төмөр замыг барьж байгуулахад тодорхой хэмжээний хөрөнгө оруулахаа өнгөрсөн оны сүүлээс эхлээд, удаа дараа илэрхийлж байгаа. Дээрээс нь нэмээд, хамаагүй Орос, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалтаар энэ замыг барьж байгуулж болно ш дээ. Түүнээс гадна яг энэ Зүүнбаянгаас Оюутолгой руу чиглэсэн зам дагуу, манай Дорноговь аймгийн нутагт Ураны томоохон орд газар бий. Үүнийг ашиглая гэж 10 гаруй жил хайгуул хийсэн Францын компани Монголын Засгийн газарт санал тавиад, тодорхой хэмжээний санамж бичигт гарын үсэг зурчихсан явж байгаа. Ашиглах нөхцөл нь үндсэндээ бүрдэж байна. Монголын төрөөс цацраг идэвхт бодисын талаар авч баримтлах бодлого, үзэл баримтлал, хуулиа баталчихсан байгаа. Өөрөөр хэлбэл, тэр ордыг ашиглахад хууль эрх зүйн орчин нөхцөл бий гэсэн үг. Тиймээс компаниуд аль аль талаасаа хамтраад, Монголд мөрдөгдөж байгаа хууль журмын хүрээнд хөрөнгө оруулалтаа хийгээд явбал, ажлын байр нэмэгдэнэ, хүмүүсийн амжиргаа ч дээшилнэ.
Эхний ээлжинд дэд бүтцээ нилээд сайн авч үзэх ёстой. Говийн бүсийн эрчим хүчний асуудал энд зайлшгүй яригдана. Оюутолгой, Тавантолгойг ашиглахад их хэмжээний эрчим хүчний эх үүсвэр шаардлагатай. За мөн, төмөр замын төв маршрут дагуу хүнд үйлдвэр, боловсруулах үйлдвэрүүд барьж байгуулах боломж нөхцөл бүрдэнэ. Эдгээрийг одооноос гадны томоохон хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгох хэрэгтэй. Тээврийн зардлаа бодсон ч, түүхий эдээ боловсруулж баяжуулаад, ачаад явах нь урд хойд хөршийн компаниудад ашигтай. Манайхны хувьд ахиу үнээр зарах боломжтой.
Гэхдээ бид ямар ч үйлдвэрлэл явуулсан борлуулалт, ашиг орлогыг худалдан авагч тал, зах зээл л шийднэ. Түүнээс зах зээл байхгүй байхад, ажлын байр нэмэгдүүлж байгаа нь энэ гээд, бөөн мөнгө үрж, үйлдвэр байгуулж болохгүй. Тиймээс эцсийн эцэст худалдан авагч, зах зээл, энэ хоёр орны томоохон хөрөнгө оруулагчид шийднэ гэдгийг ухаарах хэрэгтэй. Харин Монголын төрийн бодлого тодорхой байх ёстой. Ямар санал илэрхийлсэн түнштэй, хэрхэн яаж, ямар хугацаанд хамтран ажиллах вэ гээд.
Түүнээс биш Монголын төр маш их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаад, нэг хүнд үйлдвэр байгуулаад, боловсрууллаа гэхэд худалдан авагч тал “Өө манайх наад бүтээгдэхүүнийг чинь авахгүй” гэвэл яах вэ? Нөхцөл байдал хүндрээд, энэ нь бүхэлдээ ашиггүй хөрөнгө оруулалт болж хувирна. Тиймээс бид зах зээлийнхээ бичигдсэн, бичигдээгүй олон хуулийг дагаж мөрдөх ёстой.
Хоёрдугаарт, эдийн засгийн үр ашгийн тооцоо гэж айхтар юм бий. Аливаа үйлдвэрлэл өөрийн өртгөө нөхөөд, ашигтай ажиллах хувилбарыг сонгохоос өөр аргагүй. Тийм учраас одоо хаана, ямар үйлдвэр барьж байгуулахаа яг таг шийдэх ёстой. Зүгээр хүнд үйлдвэрийн цогцолбор гээд нэг газар олон хүнд үйлдвэр байгуулчихна гэж байхгүй. Тэгэхээр чинь ажиллах хүчний дарамт, том хот байгуулах шаардлагаас эхлээд олон зүйл шийдэх ёстой болно. Тэгээд ч хэдэн зуун мянган хүнтэй хот тийм амархан богино хугацаанд сүндэрлэж чадах уу, үгүй юү гээд олон асуудал бий.
Тиймээс энийг бид нээлттэй бодлого баримталж шийдэх ёстой. Монголын төрийн бодлого тодорхой байх юм бол гадаадын хөрөнгө оруулагчид мэдээж тооцоо гаргаж, судалж үзээд, тэгээд гэрээ байгуулсны үндсэн дээр ажил хийгдэнэ ш дээ.
Хөршөө сонгодоггүй гэсэн үг бий. Нэг талаараа бидэнд завшаантай хэрэг. Энэ их баялгийг бага зардлаар тээж аваачаад, ашиглах боломжтой хоёр их том зах зээл, хоёр том хэрэглэгчийн дунд бид оршин амьдарч байна.
Хятад бол эрчим хүчний гангийн үйлдвэрт хэрэглэдэг коксжих нүүрс, ер нь нүүрсээрээ дэлхийд хамгийн баян орон. Хамгийн ихийг үйлдвэрлэдэг. Бас гадагшаа маш их хэмжээгээр экспортолж байна. Тэгэхээр манай юмыг гуйсан, гуйгаагүй авна гэхэд бас л бэрхшээлтэй. Үл ойлголцлоос шалтгаалаад, одоо авахгүй ээ гэвэл яах вэ. Бодох л зүйл. ОХУ ч гэсэн өөрсдөө бас маш том ордтой. Манай Увс аймагтай хиллэдэг тэр хэсэгт бас л томоохон коксжих нүүрсний ордын сураг дуулдаад л байна. Бид бас “Оюутолгой дэлхийд хосгүй ховор” гэж яриад л байна. Гэтэл өнөөдөр судалгаа аваад үзэхэд, дэлхийн хэмжээнд ойрын үед ашиглахад бэлэн болсон, нөөцийн судалгаа нь хийгдсэн, Оюутолгойтой дүйцэхүйц, зарим талаараа тэрнээс давах 7- 8 төсөл байна.
Тэгэхээр бид яаравчлахгүй, хүнд суртал гаргаад, эсвэл зөвхөн нэг талынхаа ашгийг бодоод суугаад байж болохгүй. Зайлшгүй яаравчлах хэрэгтэй. За тэгээд, дэлхийн улс орнуудын жишиг жаягаар бас тодорхой хэсгийг нь түүхий эдээ баяжмалаар нь, бас боломжтой хэсгийг нь эцсийн бүтээгдэхүүн болгоод, аль аль хэлбэрээр нь нийлүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл, бид чинь жил жилийнхээ төсвийг бүрдүүлж чадахгүй, алдагдалтай төсөвтэй л тууж явна ш дээ. Тиймээс эцсийн бүтээгдэхүүн гартал бас цаг хугацаа шаардагдана. Тэр болтол бас зарим хэсгийг нь борлуулж, төсвийнхөө орлогыг нэмэгдүүлж, ард иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах зайлшгүй шаардлага байна л даа.
Тийм учраас “Зам тавихгүй ээ. Нүүрсээ түүхийгээр нь гаргахгүй ээ.” гээд суугаад байвал бид ямар замаар баялаг хуримтлуулж, төсвийнхөө орлогыг бүрдүүлэх вэ? Дандаа гуйлга гуйж, хандив тусламж авна гэж байхгүй шүү дээ.
Мэдрэмж: Үндэсний аюулгүй байдалд хүмүүсийн эмзэглэж байгаа шиг нөлөөлөхгүй гэсэн баталгаа хаана байна? Ийм болгоомжлол иргэдийн дунд их байна.
Ж.Батсуурь: Тэгэхээр болгоомжлох асуудал бол байж л таарна. Болгоомжлох ёстой. Хардах эрх хэнд ч бий. Гэхдээ хэтэрхий их хардалт, хэтэрхий их болгоомжлол сайн зүйл ерөөсөө биш. Бид тэртэй тэргүй бие даасан тусгаар улсын хувьд ямар хэмжээний ажилчин гаднаас оруулж, гаргахаа мэднэ. Хуулиндаа тоогоо тогтоосон, хяналтын тогтолцоо ч бий. Тэгэхээр зүгээр тэнд үйлдвэр зам барингуутаа, гаднаас зоргоороо хүн оруулж ирэх боломж нэгдүгээрт байхгүй. Хоёрдугаарт, энэ бол дэлхийн улс орнуудын баримталж байгаа зарчим ш дээ. Тийм учраас, юу юугүй монголчуудаас олон тооны хятад орж ирээд ч гэдэг юм уу, гадаадын хүмүүс орж ирээд, тусгаар тогтнол алдагдана гэж байхгүй. Аль эсвэл үндэсний эрх ашиг хөндөгдөнө энэ тэр гэж. Тийм зүйл байхгүй.
Тэртэй тэргүй манай улс дархан хилтэй. Хэнийг оруулж гаргах вэ, ямар хугацаагаар байлгах вэ, бүгд тодорхой байгаа. Сахилгагүй нөхдүүд жуулчны визээр орж ирчихээд, удаан хугацаагаар амьдарч байна гээд л манай Гадаадын иргэдийн харъяатын асуудал хариуцдаг байгууллага баривчлаад, хөөж туугаад, гаргадаг ш дээ. Энэ бол дэлхийн улс орнуудын л жишиг.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт уламжлалт ажилчин анги байхгүй, мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа нөхцөлд тодорхой хэмжээний мэргэжлийн ажилчин, инженер техникийн хүмүүсийг гаднаас оруулахыг зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэхдээ энэ нь тийм улс үндэсний аюулгүй байдалд хүрэхээр хэмжээнд очихгүй гэж би ойлгож байгаа л даа.
Мэдрэмж: Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ удахгүй хэлэлцэнэ. Дэд бүтцийн асуудал дээр та энэ байр сууринаасаа хөдлөхгүй гэж ойлголоо.
Ж.Батсуурь: Дэд бүтцийн хувьд бол энэ байр суурин дээрээ зогсож байна. Гэхдээ Тавантолгойн орд ашиглах гэрээтэй төмөр зам тавих асуудал бас нэг их холбоогүй л дээ. Ерөнхийдөө гэрээ батлагдчихвал үндсэн дэд бүтцээ бүрдүүлэх асуудал чухлаар тавигдана. Ордыг ашиглахад эрчим хүч, замын шугам сүлжээ гээд дэд бүтцийн асуудал шийдэгдсэн байх ёстой. Ашиглах гэрээ бол мэдээж тусдаа. Оюутолгойн гэрээ ч төмөр зам энэ тэртэй огт холбоогүй байгуулагдсан ш дээ. Гэхдээ дэд бүтцийн хөгжилгүйгээр алиныг нь ч ашиглах боломжгүй. Тэгэхээр нэг талаасаа уялдаатай, нөгөө талаасаа бол аль аль талдаа төрийн бодлого тодорхой гарч ирэх шаардлагатай асуудлууд. Өөр аргагүй. Гарч ирж л таараа.