Ц.Баярсайхан: Өмнөговь аймаг уурхай болох ёсгүй, үр ашгийг хүртэгч байх ёстой
2010.01.06

Ц.Баярсайхан: Өмнөговь аймаг уурхай болох ёсгүй, үр ашгийг хүртэгч байх ёстой

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхантай уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө танд шинэ оны баярын мэнд хүргэе. Сүүлийн өдрүүдэд аймгуудын өвөлжилт нэлээд хүндэрч байх шиг байна. Өмнөговь аймагт өвөлжилт ямар байгаа вэ?

-Баярлалаа. Танай сонины уншигчдад бас баярын мэнд хүргэе. Өнгөрсөн зун бороо хур тааруу байснаас энэ жилийн хувьд өвөлжилтийн байдал Өмнөговь аймагт хүндэвтэр байна. Нэлээн эрт цас орсон. Одоо ихэнх нутгаар хардуу байна. Хүйтний,эрч чанга байгаа нь байдлыг хүндрүүлж байна. Малын хорогдол, ялангуяа бог, борлон нэлээд хорогдлоо. Ийм "байдлаараа байвал өвөлжилт, хаваржилт хүндрэх магадлалтай байна.

Өмнөговь аймагт өвс, тэжээл бэлтгэх бололцоо, газрын гарц байхгүй тул гар аргаар тэжээл бэлтгэж чадаагүй. Засгийн газар болон аймаг орны удирдлагаас тодорхой арга хэмжээг авч байна. Энэ сарын дундуур Өвөр Монголын Баяннуур аймгаас аймгийн Засаг даргын хүсэлт, хөөцөлдлөгөөгөөр 500.0 орчим тонн тэжээл оруулж ирэн сумдад хуваариллаа. Мөн аравдугаар сард миний бие аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, зарим сумдын удирдлагуудтай Өвөр Монголын Альшаа аймагт айлчилсан. Энэ үеэр Хятад улсын талаас нийлүүлж буй эрчим хүчний шугамын хучин чадлыг нэмэгдүүлэх, өвөлжилтөд туслах, махны чиглэлийн хонь үржүүлэх талаар ярилцсан. Мөн Өлзий Цагаан дэл орчмоор түр боомт нээж тэжээл, өвс авах талаар Засгийн газарт хүсэлт гаргасныг ойрын үед шийдвэрлэх байх. Хэрвээ шийдэгдвэл оруулж ирэх тэжээл, өвсөө сумдад хуваарилна. Тал талаасаа л зүтгэл гаргаж өвөл, хаврыг давна гэсэн бодолтой байна.

-Таван толгойн төмөр зам гэж хэвлэл мэдээллээр нэлээд бичигдэж байна. Таны нэр ч бас дурдагдсан. Энэ талаар асуух гэсэн юм?

-Монгол Улсаа хөгжүүлье гэж олон жил л ярьж байна. Улс орныг хөгжүүлэх гэж ярих яахав, хийх л чухал.2004, 2008 онд УИХ-ын сонгуулийн үр дүнгээр хамтарсан Засгийн газар байгууллаа. Яах гэж хамтарсан юм бэ? Чухам л хийх, бүтээхийн тулд, шийдэж чадахгүй байгаа зүйлээ хамтарч хийх гэж л хамтарсан шүү дээ. Гэтэл бид юу амжуулав. Үндсэн хуулийн өөрчлөлт, засаг захиргааны шинэчлэлт, төсвийн зардлын шинэчлэлт, санхүүгийн системийн шинэчлэлт, УУЛ уурхай, барилга, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын шинэчлэл гээд олон зүйл үндсэндээ хөдөлсөнгүй Оюу толгойг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг л баталлаа. Оюу толгой, Таван толгой гээд ярихаар зайлшгүй Өмнөговийн дэд бүтцийн асуудал хөндөгдөж байгаа юм.
Өнөөдөр Таван толгойн орд газраас нэлээд олон компани нүүрс олборлож Гашуун сухайтын боомтоор экспортолж байна. 80-100 тоннын даацтай 400-500 машин олон салаа зам гаргаж тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь байгаль орчин, тэнд амьдарч байгаа хүмүүсийн ахуй амьдралд сөргөөр нөлөөлж байна. 2007 оноос л миний бие энэ бүс нутгийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар хөөцөлдсөн. Эхний ээлжинд авто зам тавиулах гэж 2008 онд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Улаанбаатар-Мандалговь, Мандалговь-Даланзадгад, Даланзадгад-Таван толгой гээд томоохон авто замуудыг УИХ-ын тогтоолоор шийдэхээр болсон. Гэтэл өнөөг хүртэл юу ч шийдвэрлэсэнгүй. 2008 онд төмөр замын тээврийн хууль УИХ-аар батлагдсан. Энэ хуулийн дагуу Таван толгойгоос Гашуун сухайт, Нарийн сухайтаас Шивээхүрэн рүү төмөр зам тавих тусгай зөвшөөрлийг хувийн компаниудад олгосон. Зөвшөөрөл авсан компаниуд их хөрөнгө зарж ажлаа явуулж байна. Гэтэл энэ ажлыг нь саатуулаад байдаг.
Тийм учраас Эдийн засгийн байнгын хороо ажлын хэсэг гаргаж судалж үзээд тогтоол гарган Засгийн газарт чиглэл өгсөн юм. Гол нь хуулийн дагуу шийдвэрлэж, ажлаа түргэвчлээч гэдгийг шаардсан.

-Яагаад таны нэр холбогдсон тухайд?

-Би энд хоёр зүйлийг хэлье. Таван толгойн орд газрын батлагдсан нөөц 6.8 миллиард тонн. Үүний 2.2 миллиард тонн нь коксжих нүүрс, 4.6 миллиард нь эрчим хүчний нүүрс шүү дээ. Эрчим хүчний нүүрсний зах зээл БНХАУ-д л байна. Харин коксжих нүүрсний хувьд төмрийн үйлдвэр хөгжсөн орнууд болох БНХАУ, Герман, Япон, Солонгос зэрэг оронд байдаг хэрэгцээ харьцангуй бага. Тэгэхээр Таван толгойн нүүрсийг хаана борлуулах вэ гэдгээс хамаарч дэд бүтцийн асуудал шийдэгдэх юм. Тиймээс Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг урсны дараа дэд бүтцийн асуудал чухлаар тавигдсан. Байнгын хорооноос энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Дэлхийн банкны боловсруулан "Өмнөд говийн дэд бүтцийн стратеги"-ийг УИХ-ын гишүүдэд танилцуулж, Германы төмөр замын төлөөлөгчид, дэд бүтцийн байгууллагынхантай уулзалт хийж байнгын хороогоор батлагдсан тогтоолоор Таван толгойн орд газраас хоёр тийш нь төмөр зам тавих нь зүйтэй гэж үзсэн. Ийм л шийдвэр гаргасан. Энд миний хувьд өмнөговьчуудын, монголчуудын эрх ашгаас илүүтэй тавиад байх ашиг сонирхол байхгүй.

Гаргах бүтээгдэхүүнээ аль болох үнэд хүргэх тийм дэд бүтцийг л бүрдүүлэх ёстой. Харин энд хэлэх нэг гол зүйл бол Өмнөговь уурхай байх ёсгүй. Өмнөговьчууд баялгаа боловсруулдаг, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, үр ашгийг нь хүртэгч байх ёстой.

Баялаг нь байж байна, зөв бодлого гаргаад ашиглах бололцоо нь байна. Миний хувьд бизнесийн өчүүхэн ч сонирхол алга. Гагцхүү сонгогдсон тойргийнхоо иргэдийн эрх ашигт нийцсэн төрийн бодлого гаргахын төлөө зүтгэж ирсэн. Цаашдаа ч зүтгэх болно.

-Одоо Таван толгойн асуудал яригдаад эхлэх байх. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Гол нь Засгийн газрын ажлын хэсгийн санал чухал байгаа. Монголынхоо боломжтой компаниудыг тэр энэ гэлгүй оролцох боломжийг нь олгох. Нүүрсний салбарт туршлагатай "Пи Боди" зэрэг хөрөнгө оруулагчдын саналыг авч үзэх шаардлагатай байх.

Мэдээж хөрш орнуудын сонирхлыг харгалзан үзэх хэрэгтэй. Миний ойлгож байгаагаар Таван толгойн төсөл нь коксжих болон эрчим хүчний нүүрс экспортлох, дулааны томоохон станц барих, нүүрс баяжуулах үйлдвэр, кокс химийн үйлдвэр зэргийг хамруулсан иж бүрэн төсөл байна байх. Дэд бүтцийн асуудлыг хамтад нь шийдэх ёстой болов уу гэж бодож байна.

-2010 оны төсвөөр Өмнөговь аймагт юу юу хийгдэх вэ?

-2007 оноос Нарийн сухайт Ноён, Сэврэй сумын 35, 15 кВт-ын шугамын ажлыг хөөцөлдөж байгаа. Ирэх жил дээрх шугамын хөрөнгө оруулалт бүрэн ший дэгдэнэ. Ингэснээр Өмнөговь аймгийн баруун талын бүх сумд эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж байгаа юм. Ирэх жилээс Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдын асуудлыг шийдэж эхэлнэ. Мөн Баяндалай сумын 120 хүүхдийн сургуулийн дотуур байр, Ноён сумын цэцэрлэг, Сэврэй сумын соёл, спортын төвийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.

Ирэх 2010 онд аймгийн нэгдсэн эмнэлэгт 600.0 сая төгрөгийн эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмж шийдвэрлэгдэхээр байгаа. Булган сумын соёлын төвийн эх засварт 170.0 сая төгрөг, Гурвантэс сумын төвийн 0.4-ийн шугамын өргөтгөлд 80.0 сая төгрөг, зургаан багийн төвийн тохижуулалт, дөрвөн сумын төвийн ахмадын өргөөний асуудал шийдвэрлэгдэнэ.
Мөн Даланзадгад сумын өрхийн эмнэлгүүдийн унаа, тоног төхөөрөмжинд 60 сая төгрөг зарцуулахаар болсон.

Цөөн малтай малчдыг малжуулах чиглэлээр 250.0 сая төгрөг шийдвэрлэгдсэн. Ер нь олон асуудал шийдэгдэхээр байгаа. Аймаг сумдынхаа удирдлагуудтай хамтраад хийх ажил байгаа.

-Эдийн засгийн байнгын хороо ирэх 2010 онд ямар зорилго тавьж байна вэ?

-Байнгын хороогоор шийдэгдэх хуулийн төслүүд нэлээд олон байгаа. Ялангуяа Банкны хуулийн шинэчилсэн найруулга, Төв банкны хуулийн нэмэлт өөрчлөлт, Хөрөнгө үнэлгээний хуулиудыг гаргана.

Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээ яригдах болов уу гэж бодож байгаа.
Ирэх 2010 онд Компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр нэлээд ажлыг хийнэ. Мөн хөрөнгийн зах зээлийн асуудлыг судалж, шинэчлэн хийх эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд ажиллана гэж бодож байгаа.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.