2009.11.30

С.Эрдэнэ: Нэг компанийн эрх ашиг уу, улс эх орны эрх ашиг уу гэдгийг л бодох хэрэгтэй

Тавантолгойн нүүрсний ордоос урд хөрш рүү “Энержи ресурс” компани нарийн төмөр зам барихаар бэлтгэл ажилдаа оржээ. Энэ нь манай байгалийн баялаг урд хөрш рүү хямд үнээр гарч, цаашилбал манай өмнөд нутаг Хятадын мэдлийн газар нутаг болно гэж сэрэмжлэх нэгэн байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

-Ухаахудагаас Гашуунсухайтын чиглэлд хувийн компани төмөр зам барих гэж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Энд хувийн компанийн эрх ашиг гэхээсээ илүү улс орны эрх ашиг явж байгаа юм. Яахав тухайн хувийн компани өөрийн компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх гэж байгааг нь буруутгахгүй. Гэхдээ эрх ашгийн эрэмбэ дараа гэж байгаа шүү дээ. Монгол Улсын эрх ашиг хаана байна вэ гээд бодох хэрэгтэй л байхгүй юу. Улс орны эрх ашгаас дээгүүр эрх ашиг гэж байж болохгүй. Миний харж буйгаар бол Ухаахудагаас Хятад руу нүүрс гаргахад нэг тонн нь 50-60 ам.доллар байгаа юм байна билээ. Гэтэл олон улсын зах зээл дээр нэг тонн нүүрсний үнэ нь 100-120 ам.доллар байгаа. Манай Тавантолгойгоос урд хөрш руу гаргах нүүрс дэлхийн зах зээлийн үнийн тал хувьд ч хүрэхгүй л байгаа байхгүй юу. Үүнээс харахад Монголын баялаг үнэгүйдэж байгаа юм. Үүнээс гадна Монголын эдийн засагт аль нь ашигтай байна гэдгийг бодох хэрэгтэй. Өнөөдөр Даланзадгадаас Сайншандын чиглэлд төмөр зам барьж төмөр замын төв шугамд холбоход Тавантолгойн нүүрсээ манай улс урд хойд хөршөөс гадна Солонгос, Япон гээд цаашилбал европын орнуудад гаргах боломжтой болж байгаа юм. Энэ гарцыг нээснээр урд хөрш рүү гаргах нэг тонн нүүрсний үнийг хоёр дахин нэмэх боломж нээгдэж байгаа юм. Аливаа ашигт малтмалын орд газар тодорхой хэмжээний нөөцтэй. Аваад дахиад ургаад байдаг зүйл биш шүү дээ. Тиймээс урагшаа гарч байгаа төмөр замаа үнэхээр ашигтай байгаа эсэхийг сайн тооцох хэрэгтэй.

-Манай улс байгалийн баялгаа түүхийгээр нь гаргаснаас болж асар их мөнгө алдахад хүрлээ гэсэн бодолтой хүн цөөнгүй байдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ер нь манайх ашигт малтмалаа яагаад дотооддоо боловсруулж болохгүй гэж. Төмөр зам хөгжсөн аймгуудад аж үйлдвэрийн парк байгуулж нүүрсээ бүрэн коксжуулж гадаад зах зээлд гаргавал бүтээгдэхүүний үнэ өснө, ажлын байр нэмэгдэнэ ийм боломж харагдаад байхад хувийн нэг компанийн эрх ашгийн төлөө ийм үйлдэл хийж болохгүй. Надтай адилхан бодолтой хүн олон байгаа байх гэж бодож байна.

-ОХУ өргөн, Хятад нарийн төмөр замтай. Ухаахудагаас Гашуунсухайтын чиглэлд нарийн төмөр зам барина гэж ярих боллоо?

-Яахаараа манайх Хятадын төмөр замд нийцүүлж нарийн төмөр зам барих ёстой гэж. Анхнаасаа төмөр зам барихдаа батлан хамгаалах, улс орны аюулгүй байдал зэргээ харгалзаж өргөн төмөр зам тавьсан шүү дээ. Ухаахудагаас Гашуун-сухайтын чиглэлд нарийн төмөр зам барья гэж бодъё. Гэтэл Хятадууд цэрэг техникээ богино хугацаанд Ухаахудагт байрлуу-лахыг үгүйсгэхгүй шүү дээ. Энэ бол улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.

-Ухаахудагаас Гашуунсухайтын чиглэлд төмөр зам барих нь өртөг багатай, харин Даланзадгад Сайншандын чиглэлд төмөр зам барих нь өртөг өндөртэй гэсэн яриа байгаа?

-Төмөр зам урт, богино ямар ч ялгаагүй. Энэ бол асуудал биш. Төмөр зам барих хөрөнгө, ашигт малтмалын үнэ хоёр тэнгэр газар шиг ялгаатай байхгүй юу. Төмөр зам барихад тэрбум ам.доллар л хэрэгтэй, харин олборлоод гарч байгаа ашигт малтмал чинь хэдэн тэрбум ам.долларын үнэд хүрнэ. Ойрыг харж эдийн засаг, улс эх орны аюулгүй байдлаа алдсан нь дээр үү, алсыг харж ирээдүй хойч үеэ бодсон нь дээр үү. Үүнийг л ойлгох хэрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.