Х.Баттулга:Энэ туршилт амжилттай болбол зам төмрийг үйлдвэрлэж экспортлох боломжтой
ЗТБХБ-ын сайд Х.Баттулга өчигдөр Туул-Хонхорын тосгон хоорондын 428-р км замын 304 радиустай хэсэгт R65 маркийн толгойн гүн хатаалгатай зам төмрийг туршилтын журмаар 275 м газар тавьсан ажлын явцтай танилцлаа. Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-аас уг туршилтыг хийж байгаа бөгөөд, Япон Улсад үйлдвэрлэсэн толгойн гүн хатаалгатай зам төмрийг "NIPPON STEEL" корпораци тавьж байгаа аж. Төмөр замын тээвэрлэлтийн хувьд түүний зам, дээд бүтцийн эд ангийн найдвартай ажиллагаа нэн чухал бөгөөд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ихээхэн үүрэгтэй.
Манай төмөр замд ашиглаж байгаа зам төмрийг ОХУ-аас нэг тонныг нь 1150-1200 ам.доллараар авч байгаа бөгөөд энэ зам төмөр нь толгойн хатаалгагүй тул маш хурдан элэгддэгээс жил бүхэн ихээхэн зардал гаргаж, зам төмрийг сольдог байна. Япон Улсад үйлдвэрлэсэн зам төмөр нь үнийн хувьд ОХУ-д үйлдвэрлэдэг зам төмрөөс 34 дахин үнэтэй боловч эдэлгээний хугацаа 34 дахин бат бэх гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. Түүнчлэн "Бараа бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай төмөр зам дээр ашиглахад ойролцоогоор 5-6 жил хэрэглэдэг. Бусад үйлдвэрлэгдсэн ган төмрөөс 20-30 хувь илүү чанартай. Япон болон бусад улс орнуудад зам төмрийг хооронд нь холбохдоо голчлон гагнуурын аргаар холбодог. Харин Монголд гагнуурын аргаар бус хооронд нь төмрөөр бэхэлж холбосон байдаг.