Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилтай замаархолбох ажил эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны хоёрдугаар сарын 08-нд боллоо. Хуралдаанаар аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлын явцтай танилцсан байна.
Тус хурлаар авто замын салбарт авч хэрэгжүүлж буй ажлын талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй аймгийн төвөөс зам тавьж эхлэх, зам, гүүрийн ажлыг санхүүжүүлэх, гадаадаас ажиллах хүч оруулах зэрэг асуудлаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг салбарын сайдад даалгав.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Сайдын мэдээлснээр энэ оны эхний байдлаар Архангай, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбоод байна. Үүний зэрэгцээ Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь аймгийн төвийг нийслэлтэй холбох замын ажлын явц 14-90 хувьд хүрчээ. Харин Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Завхан, Хөвсгөл аймгийн төвөөс нийслэл хот руу чиглэсэн замын ажил эхлээгүй байна.
Дээрх аймгуудийн төвийг нийслэлтэй холбохын тулд 598.6 км зам тавих шаардлагатай бөгөөд үүнд 311 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ.
Одоогоор улсын төсөв, гадаадын зээл, тусламж болон бусад хөрөнгө оруулалтаар 1100 км зам, 414.3 у/м төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулаад байна. Харин улсын төсвийн хөрөнгөөр аймаг, нийслэлд эрх шилжүүлснээс бусад 346,4 км зам, 1269,3 у/м төмөр бетон гүүр, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барьж байгаа зургаан чиглэлийн 741 км замын ажил он дамжин хийгдэхээр байна. Энэ онд нийт 2919.4 км хатуу хучилттай зам, 3465,3 у/м төмөр бетон гүүрийн ажил хийх бөгөөд гэрээний дагуу 880,8 км зам, 569,4 у/м төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулах юм. Энэ оны Төсвийн тухай хуулийн дагуу салбарын сайдын багцад авто замын салбарт авч хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд нийт 346,9 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Авто замын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцсаны дараа сайд нараас гаргасан саналыг тусган, дараагийн хуралдаанд дахин хэлэлцүүлэхээр болжээ.