Ж.Батсуурь: Эдийн засгийг хүндрүүлсэн Засгийн газрыг сайн ажиллалаа гэх үү
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2013.09.04

Ж.Батсуурь: Эдийн засгийг хүндрүүлсэн Засгийн газрыг сайн ажиллалаа гэх үү

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Удахгүй УИХ-ын ээлжит бус чуулган болно. Чуулганаар төсөвт тодотгол хийх тухай гишүүд ярих боллоо. Зарим гишүүд нь ч эсрэг байр суурьтай байгаа?

-Мэдээж төгрөгийн ханш суларч, зарим бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй байна гэж хэлэх ч нөхцөл байдал эсрэгээрээ байгаа шүү дээ. Ам.доллар, юанийн ханш өсчихлөө. Энэ бол эдийн засагт бэрхшээл учирч байгаагийн дохио мөн. Хэвлэл мэдээллээр гарч байгаа зүйлийг би анхааралтай ажиглаж байгаа.

Төсвийн орлого өвлийн эхний улирал ч юм уу, оны эхний саруудад хүндэрдэг. Тэгэхээр зуны тааламжтай үе дуусаад намрын сартай золгох гэж байхад орлого бүрдэхгүй байна гэдэг бол эдийн засагт томоохон хүндрэл бэрхшээл байна гэж үзэхээс аргагүй.

Үүнийг цаг алдалгүй онцгойлон шийдвэрлэх шаардлагатай. Энэ бас хамрын ханиад шиг ганц хоёр дусаалга дусаагаад зүгээр болчихдог зүйл биш. Төсвийн орлого, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтад анхаарах хэрэгтэй.

-Эдийн засгийн өнөөгийн хямрал Оюутолгойтой холбоотой гэж олон хүн ярих юм?

-Яах вэ, зарим хүмүүс топ лидер Оюутолгойгоос бүх зүйл шалтгаалж байна гэж хэлж байна. Сүүлийн жилүүдэд жижиг, том гэлтгүй бүхий л салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэлээд өсөх хандлагатай байсан ч буурлаа. Энэ бол муу үр дагавартай.

Аливаа улс орон давуу талаа барьж хөгждөг. Монгол Улсын давуу тал хөдөө аж ахуй, газар тариалан. Мал аж ахуйгаа эрхлэх боловч бүтээн байгуулалт шаардлагатай байгаа энэ үед бид төсвийнхөө орлогыг нэмэгдүүлэх ёстой. Энэ боломж нь байгалийн баялаг, уул уурхай.

Байгалийн баялгаа зөв зохистой ашиглавал улс орон хөгжих нь тодорхой. Харин буруу ашиглавал ‘Голланд өвчин” тусна. Тиймээс бид байгалийн баялгаа зөв зохистой ашиглаж чадахгүй байгаа юм болов уу даа. Тэр тусмаа гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг ихээр үргээж болохгүй.

-Яаж үргээсэн гэж?

-Хөрөнгө оруулагч бол зүгээр нэг уулзаад салдаг зүйл биш. Яагаад гэвэл урт удаан хугацааны итгэлцэл дээр тогтдог асуудал. Уул уурхай эхлээд хөрөнгө оруулалт шаарддаг онцлог салбар. Тухайлбал, ашигт малтмалаа хайна, олно. Дараа нь уул уурхайгаа байгуулна. Түүний дараа явцын дунд аажмаар нэлээд урт хугацааны дараа үр ашгаа өгдөг энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх нь бидэнд ашиггүй.

Урд, хойд хөршид уул уурхайн бүтээгдэхүүний маш их хэрэглээ байна гэж бид андуурсан. Гэвч энэ хоёр хөршид маань байгалийн баялаг байдаг. Тэр тусмаа далайн тээвэр хийдэг улс орон тээврийн зардлаас айдаггүй. Тиймээс бид маш их андуурчээ. Энэ салбараа засч, сайжруулах хэрэгтэй. Зарим хуулийг нэлээд олон талаас нь бодож байж хийх хэрэгтэй байна.

Гурван сая хүн амтай улсын 500 гаруй мянга нь сурагч байна гэхээр манай улс хөгжихөд амархан.

68 хувийн татварын тухай хууль, урт нэртэй хууль, Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэхгүй зогсоогоод нэлээд хэдэн жил боллоо. Лиценз олгохгүй, ашиглалтын хайгуул хийгээд царцааж байна. Тиймээс хөрөнгө оруулагчид юу гэж ойлгох нь тодорхой шүү дээ. Энэ мэт асуудал хоёр том хөрш болоод томоохон хөрөнгө оруулагчид биднээс болгоомжлох нөхцөл байдалд хүргэчихлээ.

Нэгэнт итгэлээ алдсан бол эргээд итгэлийг нь олоход маш хүнд. “Бид андуураад хууль гаргасан байна. Тэрийгээ засчихлаа. Одоо хөрөнгө оруулахад ямар ч саадгүй болсон” гэж хэлбэл сонин байна. Хөрөнгө оруулагчдад тогтвортой байдал хэрэгтэй. Тавантолгой дээр овоо аятайхан гэрээ хийгээд нүүрсээ гаргаж эхэлсэн.

Гэтэл дараачийн улс төрийн хүчин гарч ирээд л “Өмнөх Засгийн газар нь хулгай луйвар хийсэн байна” гэж хэлээд байхаар цаад хэрэглэгч, тэр тусмаа манай бараа бүтээгдэхүүнийг авдаг хүмүүс юу гэж ойлгох юм бэ. Ийм ийм хүчин зүйлүүдээс болж эдийн засаг нэлээд хүндэрлээ. Бид 1990 оны хувьсгалын дараа өөр үед шилжинэ гэж байсан. Одоо сайхан болох гэж байна гэж явсаар 20 гаруй жил болчихлоо.

Өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд 500 гаруй мянган хүүхэд сурч байна. Гурван сая хүн амтай улсын 500 гаруй мянга нь сурагч байна гэхээр манай улс хөгжихөд амархан. Түүнээс гадна хөршүүдийн өмнө бодлогоо олон талаас нь бодож ярьж, хөөрч байгаад урт удаан хугацааны гэрээ хийдэг, зарчмаа баримталдаг байхгүй бол итгэл алдаж байна.

Ийм байж бид урагшаа явахгүй шүү дээ. Гадаадынхан хэлж байгаа, “Гэрээгээ хийсэн бол тогтвортой мөрдөөч ээ” гэж. Бид хөгжил, сайн сайхан амьдрах нөхцөлөө бүрдүүлэх хэрэгтэй. Хуулиа тогтвортой мөрддөг байвал гадаадынхан ирээд хууль зөрчөөд байхгүй.

-Гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгааныг АН-ынхан МАН-ын Засгийн газрын үед хийсэн муу хуулиас болсон гэж байгаа?

-Танайхан төр барьж байсан. Танайх ийм зүйл хийсэн гэж аль ч Засгийн газрын үед ярьдаг л даа. 68 хувийн татварын тухай хууль бол уул уурхайд том цохилт болсон. Ашигт малтмалын хуулийг шинэчилнэ гэчихээд шинэчилсэн зүйл байхгүй шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд хамтарсан Засгийн газар байсан. Хэн хэн рүүгээ буруугаа чихэх вэ дээ.

Ер нь цөөхөн монголчууд улс төрийн зорилгоор бүх асуудалд хандаж байна. Төрийн томоохон компаниудыг улстөржүүлсээр байгаад үйл ажиллагаагаа явуулах чадвар чадамжгүй болтол нь дампууруулж байна. Хөдөө ажиллах гээд очихоор иргэд “Та нар талцал, хэрүүлээ болиоч” гэж хэлэх юм. Яах аргагүй үнэн л дээ, Монголын намчирхал, талцал хэрээс хэтэрсэн гэдэг нь.

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад нэг жил болж байна. Засгийн газрыг муу ажиллаж байна гэж МАН-ынхан төдийгүй АН-ынхан өөрсдөө шүүмжилж байна?

-Эдийн засгийн нөхцөл байдлыг ийм болгосон байхад нь сайн ажилласан гэж хэлэхгүй. Засгийн газарт хариуцлага тооцох, шаардлага хэрэгцээ бий болсон уу гэвэл болсон. Энэ бол зайлшгүй шаардлага. Олон хүнийг хоморголон халж сольдог, улс төрийн зорилгоор олон яам, агентлаг байгуулж хэдэн хүн ажилд томиллоо. Тэр томилогдсон нөхөд нь ажлаа мэдэж байгаа юм уу, үгүй юм уу бүү мэд.

Шинэчилж байна гээд өмнөхөө эвдээд шинэ мэт болгож харагдуулах их амархан.

Тухайн салбарын дадлага туршлагатай хүн мөн үү гэвэл үгүй л байхгүй юу. Тухайлбал, эрчим хүч хариуцсан дарга гэхэд л энэ салбарт ажиллаж байгаагүй нөхөр. Өнөөх нь улс төр ярьж салбартаа яаж орон тоо гаргах уу, яаж хүн нэмж томилох уу, яаж түүнийг хөөж туух уу гээд явах юм. Харин салбарынх нь лидер гэж болохоор мэргэжлийн хүмүүс гудамжинд гарчихаад “Яаж амьдардаг билээ” гээд явна лээ.

Тэр ч утгаараа Н.Алтанхуягийн Засгийн газар сайн ажиллаж үр дүнд хүргээд байна гэж харахгүй байна. Яах вэ, гудамжинд хэдэн цэвэрлэгч гараад алаг цэцэгс тариад л байх шиг байна. Гэсэн ч өнгөрсөн жил хүн, хүч, мөнгө төгрөг гарган байж бүтээсэн уулзвар, замаа шинэчилнэ гэсэн нэрээр няцалж бутлаад хаячих юм. Намайг Прага хотод сурч байхад хэдэн зуун жилийн өмнө тавьсан зам, уулзвар хэвээрээ л байсан.

Харин манай энэ засгийнхан хийгээд нэг жил болж байгаа бүтээн байгуулалтаа эвдээд байгаа нь ямар учиртай юм бол бүү мэд. Асуудалд мэргэжлийн хүмүүсийн санал дүгнэлттэй оролцолгүйгээр нөгөөхөө үгүйсгэж таарамгүй. Шинэчилж байна гээд өмнөхөө эвдээд шинэ мэт болгож харагдуулах их амархан.

Гэхдээ үүний цаана эдийн засаг ямар байгаа билээ, хөрөнгө мөнгө хэр зарах нь вэ гэдгээ хамгийн түрүүнд бодох ёстой. Өнөөдөр “Оюутолгой” гэдэг компани байгуулсан ч дэргэд нь төрийн компани байгуулна. Тавантолгой гээд уурхай байгуулсан ч хажууд нь гадаад, дотоодын зөвлөхүүдтэй бас нэг компани байгуулна. Төрийн оролцоо гэдэг нь хэтрээд байна шүү дээ.

-Эдийн засгийн хүнд байдлаас яаж гарах вэ. Гарц нь юу байж болох вэ?

-Эдийн засаг суларч байгаад олон хүчин зүйл нөлөөлж байна. Засгийн газрын бодлого чиглэлээс гадна түүхий эдийн хэлбэлзэлтэй үнэ нөлөөлж байх шиг байна. Гэхдээ үүнийг арай ужгирхааргүй зохицуулах боломж байгаа. Би түрүүн хэлсэн дээ, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой гэж.

Хоёрдугаарт, нэг гэрээ байгуулах гэж өчнөөн юм болж болж байгуулна. Дараа нь байгуулсан гэрээгээ тал талаас нь хэлтэй амтай болгон муулж сайлсаар байгаад гэрээ байгуулсан, хүлээн зөвшөөрсөн хоёр талаа ажил хийх ямар ч хүсэл сонирхолгүй болгочихож байна.

Эцэст нь, аль нь үнэн, аль нь худал яриад байгааг ч ард иргэд ялгахаа болилоо. Ийм л байдалтай байна. Ер нь гэрээ хийсэн хоёр тал хоёулаа 100 хувь сэтгэл хангалуун байна гэж хэзээ ч байдаггүй юм. Гэхдээ нэгэнт байгуулаад, хүлээн зөвшөөрөөд хэрэгжүүлэх гэж байгаа юм бол хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Асуултаа өөр тийш хандуулъя. Дорноговь аймгаар юутай байна. Энэ аймагт ураны асуудал нэлээд хүнд байдаг. Улаанбадрах сумын нэгэн малчны 22 тугал уранд хордож үхсэн гээд л байна. Тойргийн гишүүний хувьд цөмийн олборлолтод ямар байр суурьтай байдаг вэ?

-Би сүүлийн хоёр жилд бараг мэргэжилтэн болтлоо Цөмийн энергийн газраар гүйлээ. Мэргэжилтнүүдийн санал дүгнэлт, ном хэвлэл тэр битгий хэл хоёр хөрш хаана уран олборлодог, хаана уран баяжуулж үйлдвэрлэдэг, хаана цөмийн цахилгаан станцаа байрлуулсан, хаана хаягдал булдаг юм гээд бүх мэдээллийг нь судалж үзлээ.

Монгол Улс уран баяжуулна гэж яриагүй, зөвхөн олборлоод, түүнийгээ баяжуулж байгаа улс оронд нийлүүлнэ гэж байгаа.

“Муу нуухаар сайн илчил” гэдэгчлэн цөмийн технологийг хэрэгжүүлэхгүйгээр аль ч улс орны хөгжил нэг алхам ч урагшлахгүй. Тэр бол ойлгомжтой. Хөгжил ч өөрөө түүнийг шаардаж байна.

Өнөөдөр эрүүл мэндийн салбар тэр чигтээ цөмийн технологид суурилсан, баяжуулсан ураны оролцоотойгоор хүн оношилж, өвчнийг нь олж илрүүлж байна.

Манайхаас өөр орон бол газар тариалан, хүнсний үйлдвэрлэл гээд бүхий л салбарт хэрэглэдэг юм билээ. Гэхдээ Монгол Улс уран баяжуулна гэж яриагүй шүү.

Зөвхөн олборлоод, түүнийгээ баяжуулж байгаа улс оронд нийлүүлнэ гэж байна. Зарим нэг хүн мэдэмхийрээд “Уран олборлож байгаа газар нь хаягдлаа эргүүлэн буцааж авдаг” гэж буруу мэдээлэл тараах юм.

Би түүнийг судалсан. Тийм зүйл байхгүй юм билээ. Тэгэхээр дэлхийн хөгжил дэвшлээс хоцорч болохгүй байх аа. Татгалзана гэвэл хол явахгүй. Өдгөө манай улс эрчим хүчний станцаа өөрөө барих тухай ярьж байна. Эрчим хүч гаргадаг хамгийн хямд боловсронгуй технологи бол цөмийн реактор юм.

-Дорноговь аймагт уран олборлох гэсэн “Арева” компанийн үйл ажиллагааг дэмжиж байгаа хэрэг үү?

-“Арева” компанийн үүх түүхийг судалж үзэхэд дэлхийд ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шилдэг хоёр компанийн нэг юм билээ. Уран ашиглахгүйгээр хурдацтай хөгжиж чадахгүй гэдэг нь л гол асуудал юм.

-Уран олборлох нь аюулгүй гэж үзэж байгаа юм бол тойрогтоо нэлээд эсэргүүцэлтэй тулгарах юм биш үү?

-Намайг сонгох байх, сонгохгүй байх гэж бодож ард түмний эрх ашгаар худал яримааргүй байна. Хүнд таалагдах гэж худлаа ярьж байгаагүй. Ярих ч үгүй. Бусдад таалагдах гэж Монголынхоо эрх ашгийг хохироож болмооргүй байна. Яах вэ, надад дургүй байвал дургүй л байна биз. Гэхдээ би үнэнийг нь л хэлнэ. Бид хөгжиж чадахгүй болтлоо улстөржиж дампуурч байна.

Хэдэн төгрөгөө зөв зарцуулж чадахгүй болтлоо дампуурч байна. Сонгуульд ямар ч аргаар хамаагүй ялалт байгуулахын тулд худал амлаж сонгогдох цаг өнгөрсөн шүү дээ. Тэтгэвэр нэмнэ гэж хөгшчүүдийг, тэтгэлэг өгнө гэж оюутнуудыг, цалин нэмнэ гэж ажилчдыг мунхруулдаг үе өнгөрсөн. Үүний оронд ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд боддог байх ёстой.