2013.08.29

Д.Дамба: Хямрал хэдийнэ нүүрлэчихээд байна шүү дээ

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбатай ярилцлаа.

-Засгийн газрын зүгээс гадаадын хөрөнгө оруулалтыг гадаад, дотоод гэж ялгалгүйгээр Хөрөнгө оруулалтын хуультай болохоор ярьж байна. Энэ нь эдийн засагт эерэгээр нөлөөлж чадах болов уу. Үүнийг та ямар бодолтой байна вэ?

-Төрөөс хууль эрх зүйн орчин таагүй байгааг харсан юм шиг байна. 2012 онд баталсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиас болж хөрөнгө оруулалт эрс татарсан. Тиймээс засч залруулж, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хуулиа өөрчилье гэж байгаа нь сайн хэрэг.

Гэхдээ хөрөнгө оруулагчдыг манай улсаас гарсан буюу галт тэрэг аль хэдийнэ хөлдсөний дараа араас нь таксигаар гүйцэх гэж байгаа юм шиг зүйл болж байна шүү дээ. Энэ нь төр засгийн бодлого ямар хэмжээнд доголдсоныг илэрхийллээ.

-Гадаадын хөрөнгө оруулалт буурч, дээр нь уул уурхайн салбарын зарим бүтээгдэхүүний экспорт багасч, үнэ өртөг нь уналттай байгаагаас эдийн засаг хүнд байдалд байна. Үүнийг дагаж уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоосон гэж ярьж байгаа. Ер нь аж ахуйн нэгжүүдийн бодит байдал ямар байна вэ?

Ер нь уул уурхайн салбар ямар байгааг одоо удахгүй болох гэж буй ‘Discover Mongolia”-д оролцох оролцогчдын тоо хэмжээнээс харж болохоор байна.

-Аж ахуйн нэгжүүд маш хүнд байдалд байна. Бараг бүх компани үйл ажиллагаагаа зогсоосон. Т иймээс энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэхгүй бол Монгол улсын эдийн засаг доройтлоо. Төр засгийн удирдлагууд хямрал болохгүй гэж ярьсан. Үнэндээ хямрал хэдийнэ нүүрэлчихээд байна шүү дээ.

Эдийн засаг өмнөх оны эрчээрээ гайгүй харагдаж байгаа юм. Машин шатахуун нь дуусах дохио өгч байгаад дуусдаг биз дээ. Өнөөгийн эдийн засгийн байдал яг тийм л үедээ явж байна. Ер нь уул уурхайн салбар ямар байгааг одоо удахгүй болох гэж буй ‘Discover Mongolia”-д оролцох оролцогчдын тоо хэмжээнээс харж болохоор байна.

Маш олон компани тус чуулганы ивээн тэтгэгчээр оролцдог байсан ч энэ жил ерөнхий ивээн тэтгэгчгүй байх жишээтэй. Тийм боломжтой компани ч алга байх шиг байна. Заримынх нь үйл ажиллагаа зогссон учраас мөнгө байхгүй, дээр нь олон ажилчнаа халсан шүү дээ. Эдгээр хүчин зүйл эдийн засаг хүндрэлд орсныг харуулж байна.

-Цаашид яах ёстой юм бэ?

-Эдийн засгаа унагаахгүйн тулд хууль эрх зүйн орчноо сайжруулах ёстой. Мөн төрөөс Эрдэс баялгийн бодлогын баримт бичгийг шинээр гаргах шаардлагатай байна. Энэ хоёр асуудлыг УИХ хамгийн түрүүнд шийдэх байх гэж найдаж л сууна. Засгийн газраас өгч буй мэдээллээс харахад, дээрх хоёр хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон нь алдаагаа засъя гэсэн бодлого байна гэж найдсан.

-Энэ жил уул уурхайн салбар төсөвт төлөвлөсөн орлогоо оруулах нь эргэлзээтэй боллоо. Ер нь хэдий хэр хэмжээний орлогыг оруулах боломж байна вэ?

-Мэдээж төсөвлөсөн орлогоо оруулж чадахгүй. Голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт буурч, одоогоор найман саяыг л Хятадад нийлүүлсэн байна. Зэсийн хувьд Эрдэнэт үйлдвэр хэмжээндээ олборлолт хийж байна.

Татварт ордоггүй хүчин зүйлийг нэмэгдүүлэх эсвэл татварын нэр төрлийг олшруулах арга хэмжээг төр засгаас авч явуулж болно.

Мөн энэ жил Оюутолгой нэмэгдэж орж ирсэн. Тиймээс өмнөх жилүүдийн хэмжээнээс илүү гарна. Гэхдээ нийт уул уурхайн бүтээгдэхүүний үнийн дүнг нөхөх боломжгүй. Тиймээс зэсийн экспортыг улам эрчимтэй болгох шаардлагатай айгаа энэ үед Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагааг зогсоож байгаа нь улам хүндрэлд оруулах магадлалтай болголоо. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөхгүй байгаа шүү дээ.

Гэхдээ нүүрс шиг “шалдаа” буутал унаагүй байна. Тиймээс зэсийн үйлдвэрлэлээ дэмжээд өгвөл уул уурхайн салбар сэргэх хандлага бий.  Тухайлбал, Цагаан суврагын ордыг даруйхан эргэлтэд оруулах, Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагааг сэргээж, хөрөнгө оруулалтыг нь шийдэх хэрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, цаашид төр хэрхэн зөв бодлого гаргахаас эдийн засгийн байдал шалтгаална. Ялангуяа Хөрөнгө оруулалтын хууль, Ашигт малтмалын тухай хуульд төрөөс баримталж буй бодлого нь энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад ээлтэй гарах юм бол уул уурхайн салбар эргээд сэргэх магадлал өндөр.

Одоогоор Эрдэнэт үйлдвэр зэсээ олборлоод борлуулсан зэсийн баяжмалын тодорхой хувь нь өрөнд, мөн нийт экспортолж байгаа нүүрсний тал хувийг нь өрөндөө суутгуулж байна. Дээр нь эрдэс бүтээгдэхүүний үнэ өртгийг харсан ч уул уурхайн салбар төлөвлөсөн хэмжээндээ орлого нь яагаад ч хүрч чадахгүй. Тиймээс л төсвийн орлого тасрах нь гарцаагүй боллоо.

-Төсвийн орлогын тасалдлыг нөхөхийн тулд татвараа нэмж магадгүй гэж ярьж байгаа шүү дээ?

-Татвар нэмж болохгүй. Төсвийн орлогод хамаарахгүй, татварт ордоггүй хүчин зүйлийг нэмэгдүүлэх эсвэл татварын нэр төрлийг олшруулах арга хэмжээг төр засгаас авч явуулж болно. Түүнээс биш орлогоо нөхөхийн тулд татвараа нэмэгдүүлэх юм бол унасан дээрээ л унах аюул бий.