Монгол Улсад төгрөгийн зээл олгох санал тавив
МУ-ын сангийн сайд Ч.Улаан, Азийн Хөгжлийн банкны ерөнхийлөгч ноён Такэхико Накаогийн хамтаар
2013.07.18

Монгол Улсад төгрөгийн зээл олгох санал тавив

Монгол Улсад ажлын айлчлал хийсэн Азийн Хөгжлийн банкны /АХБ/ ерөнхийлөгч ноён Такэхико Накаог Сангийн сайд Ч.Улаан өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтад АХБ-ны Зүүн Азийн бүс нутгийн газрын ерөнхий захирал Аюүми Кониши, АХБ-ны ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Томоюки Сайсү, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммер, АХБ-ны ахлах эдийн засагч Ян Хансэн болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

МУ-ын сангийн сайд Ч.Улаан, Азийн Хөгжлийн банкны ерөнхийлөгч ноён Такэхико Накаог хүлээн авч уулзав.

Ноён ерөнхийлөгч Такэхико Накао уулзалтын үеэр “Монгол Улс 2011 оны 8 дугаар сараас эхлэн АХБ-ны зээлдэгч улсын хувьд холимог улсын ангилалд багтаж, тус банкны ердийн эх үүсвэрээс санхүүжих эрхтэй болсон. Түүнчлэн олон улсын зах зээл дээр Засгийн газрын бонд арилжаалж эхлэн, томоохон уул уурхайн ордууд ашиглалтад орж байгаа учир Монгол Улсын хувьд дээрх хөрөнгийн эх үүсвэрүүдийг зөв удирдах, зарцуулах нь зүйтэй юм” гэлээ.

Харин Сангийн сайд Ч.Улаан “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд АХБ Монгол Улсын маш олон салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж ирсэн манай олон талт хамтын ажиллагааны хамгийн том түнш юм. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн түвшин өөрчлөгдөж, эрчимжиж байгаа энэ цаг үед АХБ-ны ерөнхийлөгч та хүч сэтгэл  нэмэх байх гэж бодож байна” гэв.

Тэрбээр мөн Монгол Улсын хувийн сектор сүүлийн 10 гаруй жил маш эрчимтэй өсч, ДНБ-ний 70 гаруй хувийг үйлдвэрлэж байгааг онцлоод, Монголын хувийн компаниуд олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч, уул уурхай, барилга, үйлдвэрлэл, эрчим хүч зэрэг бүхий л салбарт бүтээн байгуулалтын  төслүүдийг хэрэгжүүлж байгааг дурдав. Иймд АХБ-ны зүгээс манай улсын хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч харилцан ашигтай төсөл хэрэгжүүлэх маш өргөн боломж байгааг хэллээ.

Монгол Улсын хувийн сектор сүүлийн 10 гаруй жил маш эрчимтэй өсч, ДНБ-ний 70 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа

Олон улсын хөрөнгийн зах зээл дээр АХБ төгрөгийн бонд арилжаалахыг дэмжиж байгаа юм. Дотоодын валютаар бонд гаргах нь Монгол Улсын үнэлгээг өсгөх, уул уурхайн салбарын экспортын орлогыг тэнцвэржүүлж валютын эрсдлээс хамгаалах, цаашлаад зөвхөн Засгийн газар гэлтгүй, Монгол Улсын Хөгжлийн банк, хувийн хэвшлийн компаниуд олон улсын зах зээлд төгрөгөөр бонд гаргах боломжийг нээж өгөх үр ашигтай гэж Сангийн сайд мөн онцоллоо.

Уулзалтаар ажил хэргийн олон санал тавьсны нэг нь АХБ-наас төгрөгийн зээл авах санал байв. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтыг төслүүдийг санхүүжүүлэхэд ойрын жилүүдэд хөрөнгө хөрөнгө оруулалт нилээд их шаардлагатай байгаа. Монгол Улсын томоохон хөрөнгө оруулагчийн хувьд АХБ-наас төгрөгийн зээл олгох нь Монгол Улс бүтээн байгуулалтаа хэрэгжүүлэх, ханшийн эрсдлээс хамгаалах давуу талуудыг бий болгох юм. Тиймээс манай улсад төгрөгийн зээл олгох боломжийг судалж үзэх саналын Сангийн яамнаас АХБ-нд тавилаа.