Засгийн газрын бүх хөрөнгийн талаарх мэдээллийг гаргажээ
УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг тус дэд хорооны дарга Ж.Эрдэнэбат
2013.07.03

Засгийн газрын бүх хөрөнгийн талаарх мэдээллийг гаргажээ

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн 2012 оны нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

   Хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг тус дэд хорооны дарга Ж.Эрдэнэбат танилцууллаа.

УИХ-ын чуулганы хуралдаан, зүүн жигүүр

 Тэрээр танилцуулгадаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 2012 оны гүйцэтгэлээр 4,975.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 762.4 тэрбум төгрөгөөр буюу 13.3 хувиар тасарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 4,881.1 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 13.4 хувиар буюу 755.7 тэрбум төгрөгөөр тасарчээ.

   Уул уурхайн салбараас орсон татварын орлогын хэмжээ 2012 онд 834.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 347.5 тэрбум төгрөгөөр буюу 29.4 хувиар буурсан. Энэ төвлөрүүлсэн орлогын 81.2 хувь нь зөвхөн зэс, нүүрснээс төвлөрсөн боловч зэсийн баяжмалаас төвлөрүүлэхээр тооцсон орлого 2.8 тэрбум төгрөгөөр, нүүрсний экспортоос төвлөрүүлэхээр тооцсон орлогын төлөвлөгөө 90.8 тэрбум төгрөгөөр тус тус тасарсныг тэмдэглэв.

   Түүнчлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2012 оны нийт зарлага 6,499.2 тэрбум төгрөгөөр батлагдсанаас 6,017.8 тэрбум төгрөгийн буюу төлөвлөгдсөн нийт зардлын 92.6 хувь, улсын төсвийн нийт зарлага 4,675.9 тэрбум төгрөгөөр батлагдсанаас 4,379.4 тэрбум төгрөгийн буюу нийт төлөвлөгдсөн зардлын 93.6 хувийн гүйцэтгэлтэй гарсныг дурдаад Засгийн газраас Төсвийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын санхүүгийн нэгтгэсэн тайланг бэлтгэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2012 оны гүйцэтгэлтэй хамт Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн тухай танилцуулав. Мөн Засгийн газрын хяналтад байгаа бүх хөрөнгө, эх үүсвэр, өр төлбөрийг багтаасан санхүүгийн нэгдсэн дүн, Засгийн газрын хүлээсэн үүрэг, хариуцлагын биелэлтийн талаарх үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг бэлтгэн гаргасан тухай тэрээр илтгэлээ.

   Дэд хорооны дарга Ж.Эрдэнэбат цааш нь хэлэхдээ, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг Улсын Их Хурлын Байнгын хороод хэлэлцээд тодорхой санал гаргасан бөгөөд төсвийн гүйцэтгэлийг батлах саналаа ирүүлсэн тухай танилцууллаа. Тухайлбал, Төсвийн байнгын хороо төсвийн гүйцэтгэлд хийх аудитын үйл ажиллагааг сайжруулан, аудитын үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа тухай, Аудитын байгууллагын төсвийн гүйцэтгэлд хийдэг арга барилыг шинэчлэх нь зүйтэй гэж Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороод үзсэн байна. Мөн Санхүүгийн хяналтыг илүү үр дүнтэй болгох, санхүүгийн зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэдэг байх, үүнтэй холбогдуулан хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатай гэсэн саналаа Хууль зүйн байнгын хороо дүгнэлтээрээ уламжилсан байна.

Он дамжин хэрэгждэг хөрөнгө оруулалт 2013 онд дахин давтагдах шинжтэй байгаад Засгийн газар анхаарч тодорхой арга хэмжээ авах, тендерүүдийг шуурхайлах, ажлын гүйцэтгэлийг чанаржуулах шаардлагатай байна гэж Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо үзсэн байна. Татвар чөлөөлөлтийн талаарх бодлогын баримт бичгийг гаргахдаа өмнөх хөнгөлөлт, чөлөөлөлтийн үр дүнг тооцдог байх, Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрсөн 2.7 тэрбум төгрөгийн зарцуулалтын асуудлыг Үндэсний аудитын газрын дүгнэлтийг үндэслэн үргэлжлүүлэн тодотгох шаардлагатай байна гэж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо үзсэн тухай тэрээр илтгэлдээ дурдлаа.

   Мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хороогоор асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын зарим гишүүдийн гаргасан саналуудыг танилцуулав. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга илтгэлдээ, Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналуудыг үндэслэн ямар арга хэмжээг авах нь зүйтэй гэж дэд хороо үзсэн талаар дэлгэрэнгүй илтгэлээ.

   Илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт тавихдаа, төсвийн гүйцэтгэлд хяналт тавьдаггүй, төсвийн аюулгүй байдалд анхаарахын зэрэгцээ, төсвийн гүйцэтгэлд чанарын хяналт тавьсан эсэх, аудитын байгууллагын ёс зүй, аудиторын хариуцлага ямар байгаа, хөндлөнгийн нөлөөлөл их байдаг учраас нөлөөллийн мэдүүлэг жил бүр гаргах, гүйцэтгэлд хариуцлагатай хандах шаардлагатай байгаад хуралдаанд оролцогсдын анхаарлыг хандуулав.

   Асуулт, хариултын дараа уг тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураахад гишүүдийн олонх нь дэмжив.