Эрдэм шинжилгээний бага хурал боллоо
“Гадаадын хөрөнгө оруулалт-эрсдэл, сорилт шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал
2013.04.19

Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

УБРМ Консалтинг ХХК-аас Монголын Бизнесийн зөвлөл болон Монголын Геополитикийн хүрээлэнтэй хамтран “Гадаадын хөрөнгө оруулалт-эрсдэл, сорилт шийдвэрлэх арга замсэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2013 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр Кемпински Хаан Палас зочид буудалд зохион байгууллаа.

Бага хуралд Монголын бизнесийн зөвлөлд багтдаг томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд, ЭЗХЯ, Монгол банкны удирдах албаны хүмүүс, Стратегийн судалгааны хүрээлэн, Үндэсний хөгжлийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Геополитикийн хүрээлэн, Үндэсний тагнуулын академийн эрдэмтэд судлаачид оролцсон болно.Мөн, гадаадын зарим судлаач, бизнес эрхлэгчид оролцож санаа бодлоо солилцлоо.

Хуралд нийтдээ төр, засгийн удирдлага, албаны төлөөлөл 20 гаруй хүн, манай орны эдийн засагт тэргүүлэх байр суурь эзэлдэг 60 гаруй компанийн төлөөлөл, түүний дотор гадаадын 20 шахам хүн, мөн 20 орчим эрдэмтэн, судлаачид оролцлоо.

“Гадаадын хөрөнгө оруулалт-эрсдэл, сорилт шийдвэрлэх арга замсэдэвт эрдэм шинжилгээний бага хурал

Хурлаар Монгол Улсын эдийн засгийн хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, ач холбогдол, энэ хөрөнгө оруулалтын манай орны эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, учирч байгаа эрсдэл, сорилт болон гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, түүнийг дэмжих төрийн бодлогыг сайжруулах арга замын тухай асуудлыг шүүн хэлэлцэж, санал бодлоо чөлөөтэй солилцсон юм.

Тус хурлыг Монголын Бизнесийн зөвлөлийн дэд захирал И.Сэр-Од нээж үг хэлэхдээ уг арга хэмжээний цаг үеийн чухал ач холбогдлыг тэмдэглэсэн

Хурлын эхэнд УБРМ Консалтинг ХХК-ийг үүсгэн байгуулагчдын нэг, Геополитикийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал Д.Мягмар: "Монгол Улсын эзэлж буй геополитикийн орон зай дэлхийн том гүрнүүдийн анхаарлыг хүчтэй татах болж, манай улс тэдгээрийн эдийн засгийн ашиг сонирхлын өрсөлдөөний шинэ талбар болон хувирах магадлал хүчтэй мэдрэгдэж эхэллээ. Монгол Улс бага орон гэлтгүй олон улсын геополитикийн өрсөлдөөний талбарт идэвхтэй тоглогч болон хувирсныг одоо хэн бүхэн хүлээн зөвшөөрөх болжээ. Энэ нь сүүлийн жилүүдэд нүүрс, зэс, молибден, уран болон бусад ашигт малтмалын асар том ордуудыг ашиглах асуудлыг гадаадын хөрөнгө оруулалтанд нээлттэй болгосонтой шууд холбоотой байна. Ийм учраас эрдэс баялгийн улам бүр нэмэгдэж буй олборлолт, боловсруулалтыг болон энэ салбарт хийгдэж буй гадаадын хөрөнгө оруулалтыг ухаалгаар зохицуулах нь Монгол Улсын эдийн засгийн, цаашлаад үндэсний аюулгүй байдлын тулгамдсан чухал асуудлын нэг болон хувирч байна” гэж тэмдэглэлээ.

Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр

Тус бага хуралд Монгол банкны ерөнхий эдийн засагч С.Болд “Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв”, ЭЗХЯ-ны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын дарга С, Жавхланбаатар “Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалтын төлөв”, Монголын Бизнесийн зөвлөлийн дэд захирал И.Сэр-Од “Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам“, ХЗҮХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Б.Амарсанаа “Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалтын зарим асуудал”, Монгол банкны Ерөнхийлөгчийн зөвлөх, санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Ган-Очир “Үнэт цаас, хувьцааны зах зээлийн хөрөнгө оруулалт: эрсдэл, сорилт, цаашдын хандлага”, Mонголын хөрөнгө оруулалтын корпораци MICC-ийн захирал Д. Ачит-Эрдэнэ “Хувьцааны зах зээл дахь гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал” зэрэг сэдвүүдээр тоо баримттай сонирхолтой илтгэлүүдийг тавьлаа.

Хуралд оролцсон албаны хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөгчид, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд дээрх асуудлуудаар санал бодлоо илэн далангүй солилцож, цөөнгүй асуудал дэвшүүлэн, багагүй шүүмжлэлтэй хандсан бөгөөд тэдгээрийг Монголын бизнесийн зөвлөл, УБРМ Консалтинг ХХК болон Геополитикийн хүрээлэнгээс багцлан нэгтгэж олны хүртээл болгохоор шийдвэрлэсэн байна

Эрдэм шинжилгээний бага хурлын төгсгөлд хурлыг санаачлагч, УБРМ Консалтинг ХХК-ийн захирал, МУИС-ийн ЭЗС-ийн профессор, доктор Ч.Хашчулуун “Уг хурлаар гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин болон удирдлага, зохион байгуулалтын бодлого, үйл ажиллагааг боловсронгуй болгох арга замын талаарх эрдэмтэд, мэргэжилтнүүдийн санаа бодлыг сонсох, нэгтгэн дүгнэх, эдгээрийн үр дүнд төр, засгийн удидлагад болон холбогдох, яам, агентлаг, байгууллагуудад танилцуулах шинжлэх ухааны үндэслэлтэй санал, зөвлөмж боловсруулах бололцоо гарлаа” гэж дүгнэсэн юм.

Хурлыг манай орны аж ахуйн томоохон нэгж, байгууллагуудыг эгнээндээ багтаадаг Монголын Бизнесийн Зөвлөл болон эрсдлийн менежментийн асуудлаар бодлогын зөвлөгөө өгдөг УБРМ Консалтинг ХХК хамтран зохион байгуулж, Оюу Толгой ХХК дэмжлэг үзүүлсэн ба хэвлэл мэдээллийн түншээр Оксфорд Медиа Групп ажилласан байна.