Л.Болд Энэтхэг улсад айлчилна
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд
2013.01.12

Л.Болд Энэтхэг улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Л.Болд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Салман Куршидын урилгаар энэ сарын 15-17-нд тус улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд АОХН-ийн хүрээнд Дели хотноо БНЭУ-тай хамтран зохион байгуулж буй Ардчиллын боловсролын асуудлаарх Азийн бүсийн бага хуралд оролцох  ажээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-ийн зарчмаар хөгжүүлэх хүрээнд Монгол, Энэтхэгийн улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр тус тус санал солилцож, Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцчлалд нэгдэх зорилтод БНЭУ-ын дэмжлэгийг авахад энэхүү айлчлалын зорилго оршино гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлж байна.

Айлчлалын үеэр худалдаа эдийн засаг, мэдээллийн технологи, боловсрол, шинжлэх ухаан, хүнд аж үйлдвэр, банк, санхүүгийн салбарт хамтран ажиллах, Засгийн газраас хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд Энэтхэгийн хөрөнгө оруулалтыг татаж, тэргүүний технологийг нэвтрүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар энэтхэгийн талтай санал солилцож, тодорхой асуудлуудаар тохиролцох юм.

Гадаад харилцааны сайд айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Пранаб Мукержид бараалхаж, Гадаад хэргийн сайд Салман Куршидтай албан ёсны яриа хэлэлцээ хийа аж. Мөн БНЭУ-ын Худалдаа, үйлдвэр, нэхмэлийн аж үйлдвэрийн сайд Ананд Шарматай уулзаж, хоёр талын эдийн засгийг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцоно.
 

Мөн Мумбай хотноо Энэтхэгийн бизнесийн төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, олон улсын хөрөнгийн зах зээлд хамтран ажиллах боломжийн талаар танилцуулахаар төлөвлөжээ