Дэлхийн зах зээлд "Чингис" бондын үнэ огцом уналаа
Манай улс ирэх оноос 3,5 тэрбум ам.долларын бондыг гаргахаар төлөвлөж байгаа
2012.12.07

Дэлхийн зах зээлд "Чингис" бондын үнэ огцом уналаа

Засгийн газраас МАХН гарч сайд нараа татах мэдэгдэл хийсний дараахан дэлхийн зах зээлд   манай   улсын "Чингис" бондын үнэ ганцхан өдрийн дотор найман ам.доллараар огцом унасан тухай “Ройтерс” агентлагийн тоймч Т.Эдвардс өөрийн нийтлэлдээ бичжээ.

Түүиий үзэж буйгаар манай улсын Засгийн газрын хямрал улс төрийн тогтворгүй байдалд хүргэж, болзошгүй гэнэ. Уг нь манай орны зэс, нүүрсний асар их баялаг, 2011 онд дэлхийг манлайлж 17.3 хувьд хүрсэн эдийн засгийн өсөлтөд татагдан Засгийн газрын 1.5 тэрбум ам. долларын бондыг авъя гэсэн гадаадын томоохон хөрөнгө оруулагчид хошуурч байсан юм.

"Чингис" бондын үнэ ганцхан өдрийн дотор найман ам.доллараар огцом унасан

Худалдан авах захиалга өгсөн 10 хөрөнгө оруулагч тутмын нэг нь л "Чингис" бондыг өөрийн болгож чадсан нь үүнийг нотолно. Манай улс уул уурхайн салбартаа нэн шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд нийт таван тэрбум ам. долларын бонд гаргах гэж байгаа.

Олон улсын хөрөнгө оруулалтын "Монет Капитал" банкны шинжээч В.Жэйн ярилцлага өгөхдөө, "Монголд болж буй үйл явдал зах зээлд гарсан тус улсын бондын үнэд муугаар нөлөөлж эхэлсний дээр хоёр дахь шатны бондыг илүү өндөр хүүтэйгээр санал болгохоос өөр аргагүйд хүргэж болзошгүй. Өөрөөр хэлбэл, улс төрийн хямралынхаа улмаас Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж эхэллээ" гэжээ.

Хэний буруугаас болсноос үл хамааран эвслийн Засгийн газрын задрал улс орны эдийн засгийн байдал, гадаад дахь нэр хүндэд ийнхүү сөргөөр нөлөөлж эхэллээ.