Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол нар цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ
2012.12.04

С.Бямбацогт: МАН бонд тойрсон бодлогын ажлын хэсэг байгуулж байгаа

Шинэчлэлийн Засгийн газрын ойрын жилүүдэд хийх бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэх Засгийн газрын бонд гаргах шийдвэрийг УИХ гаргаж, 2013 онд 1,5 тэрбум ам.долларын бонд арилжаалах эрхийг олгосон. Харин ирэх жилүүдэд бондын хэмжээг 5 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэх юм. 

С.Бямбацогт: Засгийн газрын бонд гаргадаг, монголбанкнаас мөнгө гаргадаг, гадаад дотоодоос мөнгө босгодог гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Хамгийн сүүлд гэхэд 5 тэрбум ам.долларын бондыг босгож, 1,5 тэрбум долларын зээлийг авахаар боллоо.

Түүнчлэн ноос ноолуурын салбарт бонд гаргасан, нефть бүтээгдэхүүнийг тогтвортой байлгах зорилгоор 180 сая төгрөгийг Монголбанкнаас хүүгүй, хөнгөлөлттэй зээлийг олгочихсон дээрээс нь өнөөдөр 200 тэрбум төгрөгний бондыг гаргах асуудал яригдаж байна. Иймэрхүү байдлаар бид ёроолгүй сав шиг улсынхаа төсөвт хандаж болохгүй гэж үзэж байна.

Өнөөдөр бид авч хэрэглэж болох ч ирээдүй хойч үед өр болон үлдэх вий гэсэн болгоомжлолтой хандмаар байна. Тиймээс Ардын намын гишүүдийн зүгээс бондууд дээр ажлын хэсэг гаргаж, хяналт тавьж ажиллаж, зөв зүйтэй зүйлд зарцуулуулах хэрэгтэй гэж үзэж байгаа.