“Чингис бонд" юунд зарцуулагдах бэ?
Чингис Бонд
2013.03.06

“Чингис бонд" юунд зарцуулагдах бэ?

Манай улс өнгөрсөн оны арван нэгдүгээр сард олон улсын зах зээлд Чингис бондыг арилжаж эхний ээлжинд  1.5 тэр бум ам долларын хөрөнгө босгоод байна.

Энэ оны 2-р сарын 20-ны өдрийн бодлогийн зөвлөлийн ээлжилт хурлаар бондын хөрөнгөөр дөрвөн томоохон төслийг санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзэн зөвлөмж гаргаж Засгийн газарт өргөн мэдүүлэхээр тогтсон. Үүнд:

Бүтээн байгуулалт, дэд бүтэцийн салбарыг улам хөгжүүлэхийн тулд бондыг зарцуулах болно хэмээн албаны хүмүүс мэдэгдэж байна.

 1.  Шинэчлэлийн Засгийн газар 2016 онд багтаан бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоно. Үүний эхлэл болгож энэ жил Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын төвийг нийслэлтэй холбох 1347 км авто замын ажлыг бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ.

 2.  Нийслэл хотын дахин төлөвлөлт. Эхний ээлжинд хотын төв хэсэгт бөглөрөл түгжрэл үүсгэдэг 33 замын Т хэлбэрийн уулзварыг дөрвөн замын уулзвар болгох ажлыг санхүүжүүлнэ. Мөн Туул, Сэлбэ голын даланг дагуулан хотын нэг захаас нөгөөд хүрэх босоо, хэвтээ тэнхлэгийн хурдны хоёр замын ажлыг эхлүүлнэ.

 3.  Оюутолгойн уурхайд эрчим хүч нийлүүлэх боломжтой 300 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг Тавантолгойн уурхайг түшиглэн барьж эхлэхэд бондын мөнгөнөөс зарцуулна.

 4.  Ирэх жилүүдэд барихаар төлөвлөж буй нийт 1800 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 270 орчим км төмөр замын доод суурь бүтцийн ажлыг дуусгахад санхүүжилт олгоно. Үлдэж буй 1500 км төмөр замын техникийн зураг төслийг мөн энэ онд санхүүжүүлэн гүйцэтгүүлэх юм.

Эдгээр дөрвөн төсөл дэд бүтэцрүү чиглэсэн байгаа. Гэтэл бонд гэдэг маань эргэн төлөгдөх нөхцөлтэй учир хурдан эргэлтэнд орж, богино хугацаанд ашигаа өгөх салбар байх нь эхний ээлжинд ашигтай тусна гэж зарим эдийн засагчид үзэж байхад. Нөгөө талаас их хэмжээний мөнгө босгосон дээрээ тогтвортой хөгжлийн тулгуур болсон дэд бүтэцрүү анхаарч урт болон дунд хугацааны хөрөнгө оруулалт хийх нь цаашдын хөгжилд томоохон ач холбогдолтой гэсэн саналыг хэлж байна.

Олон талаас олон байр суурийг илэрхийлж байгаа ч манай улсын дансанд 1.5 тэр бум ам  доллар байршсан. Мөн бид өдөрт 274 сая төгрөгийг бондын хүүнд төлсөөр байна. Энэ үүднээсээ бондын хөрөнгийн зарцуулалт болон, ямар салбар илүү ашигтай байх бэ гэх санал асуулгийг эдийн засагч, судлаач, улс төрийн хүрээнийхний дунд өрнүүлэн байр суурийг нь хүргэсээр байх болно.