Бидэнд улстөржихгүй байх цөөн хэдэн эрх ашиг байх ёстой
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2012.12.26

Бидэнд улстөржихгүй байх цөөн хэдэн эрх ашиг байх ёстой

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.

-Бондын тухай улстөрийн намууд өөрөөр байр суурьилэрхийлж, Засгийн газар дааж давш­гүй их өр тавьчих­лаа гэж танай намын­хан шүүмжлээд байгаа. Энэ шүүмжлэл бодит юм уу эсвэл зүгээр л улстөржөөд байгаа юм уу?

-Бид  улстөржөөгүй ээ. Харин ч сөрөг хүчний үүднээс хяналт тавих үүргээ л биелүүлж байна. Ингэх бүрэн эрхтэй. Энэ парламент, Засгийн га­зарт хүчтэй сөрөг хүчний хяналт хэрэгтэй байна. Тийм учраас бондыг үр ашигтай зарцуулах тал дээр бид дуугарах ёстой. Алдаа гаргасан зүйл дээр нь үг хэлэх эрхтэй гэж бодож байна. Энэ бон­дын өрийн эхний хэсгийг манай улс таван жилийн дараа төлнө. Арван жи­лийн дараа үлдсэн хэс­гийг нь төлж дуусна. Үнд­сэн өрөөс гадна хүү бо­дож байгаа шүү дээ. Энэ 1.5 тэрбум ам.долларын бонд ашиглах нийт хуга­цаанд зөвхөн өрийн бич­гийн хүүд 615,6 сая ам.дол­лар буюу өнөө­гийн ханшаар 861,9 тэр­бум төгрөгийн зээлийн хүү төлөх болж байна.

Ийм их мөнгөн хөрөнгө манай улсын эдийн зас­гаас гадагшилна гэсэн үг. Үүн дээр Хөгжлийн банк­ны 580,0 сая ам.дол­ларын өрийн бичгийн нэг жилийнх нь хүү 33 сая 350 мянган ам.долларыг нэмбэл ирэх таван жилд жил тутам 105 сая 225 мянган ам.доллар буюу өнөөгийн ханшаар ирэх онд 147 тэрбум 315 сая төгрөгийг төлөх болно. Цөөнхийн бүлгийн ги­шүү­ний хувьд энэ асуу­далд нэлээд анхаарал тавьж байгаа. Манай бүл­гээс бондын асуудал дээр ажлын хэсэг гарсан. Мөн нэр бүхий гишүүд Ерөн­хий сайдад асуулга тавь­сан байгаа. Монгол Улсын өрийн хэмжээ хэд болов, өмнөх жилүүдэд гаргасан бондын үр дүн­гийн талаар тодруулсан. Үнэндээ бидний тоо­цоо­гоор Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-д эзлэх зо­химжтой харьцаанаас хэтэрчих нөхцөл бүрдээд байна.

-Та УИХ-ын гишүүн болоод хагас жилийн нүүрийг үзлээ. Төрийн түшээ байхын жаргал зовлонг мэдэрсэн л байх?

-Шинээр сонгогдсон гишүүний хувьд суралцах зүйл их байна. Шийдвэр бүрийн цаана улс орны эрх ашиг байгаа боло­хоор хэлэлцэж байгаа хууль болгоныг судлахад их цаг хугацаа шаарддаг юм байна. УИХ-ын Там­гын газар, байнгын хо­роо­гоо чадварлаг багаар бэхжүүлэх зайлшгүй шаардлага байна. Ги­шүү­дийн зөвлөх багийг чадварлаг хүмүүсээр бүр­дүүлэх, санхүүгийн боломжийг нь давхар шийд­вэрлэх шаардла­га­тай. Байнгын хорооны гишүүдийн тоог хуучнаар нь болгож сая хууль ба­таллаа. Энэ нь сайшаал­тай.  Үүнээс өмнө үнэнийг хэлэхэд нэг байнгын хо­роонд таван гишүүн ирц бүрдүүлээд тэднээс гурав  нь хуралдаад л улс орны хувь заяаг шийдэх чухал асуудлуудыг шийдээд хэ­сэг явлаа  шүү дээ.  Дээ­рээс нь УИХ-аас ихэнх сайд нар томилогдчихсон болохоор байнгын хо­рооны хурал болон чуул­гандаа суух гишүүд бараг олдохгүй. Зарим үед ирц нь хүрэхгүй тарж байсан.  Заримдаа чуулганы ху­рал үдээс хойш эхэлж байлаа. Ийм цалгар бай­дал газар авч байсанд тухайн үедээ шүүм­жил­мээр санагддаг байсан. Ер нь байнгын хорооны хуралдааныг хэвлэл мэ­дээллийн төлөөлөлгүй хийдэг болбол илүү ажил хэрэгч орчин бүрдэж, сайн хууль гарах болол­цоо байна гэж харж бай­гаа.

-Танай намынхан тэр­тэй тэргүй бүлэггүй юм чинь хуралд суугаад нэмэргүй гэдэг юм уу барагтаа хуралд ирж харагддаггүй байсанУг нь ард түмний төлөө ажиллана гээд эрхээ авчихсан хүмүүсийн хувьд үүргээ биелүү­лэх л хэрэгтэй юм шиг санагддаг...

-УИХ-ын гишүүнээр сонгогдсон гишүүн бүхэнд бүрэн эрх нь бий. Тиймээс аль ч байнгын хорооны хуралд суух эрхтэй. Дур­тай ажлын хэсэгтээ орж ажиллах эрх нь нээлттэй байгаа. Нэгэнт ард түм­ний эрх ашгийн төлөө ажиллах мандат авчих­сан учраас ямар нэгэн шалтаг тоочоод хойш суух эрх бидэнд байхгүй. Миний хувьд байнгын хо­роодын хуралд идэвхтэй оролцдог. Одоогоор Хад­галамжийн даатгалын тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатга­лын тухай хууль, Хэв­лэ­лийн эрх чөлөөний тухай хуулиудыг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт орж ажиллаж байна. Шинэ гишүүний хувиар турш­лагатай парламентчдаас суралцах хэрэгтэй юм байна гэж боддог учраас бүлэггүй байхад нь ч  бүх хуралд суухыг хичээдэг байв.

-Та УИХ-ын гишүүн болсноосоо хойш энд тэнд нэг их ярилцлага өгөөгүй санагдана. Ер нь яагаад нэр дэвших болсон юм бэ?

-"Товчхондоо гэвэл улс орныхоо хегжилд хувь нэмрээ оруулах, то­дор­хой ажлуудыг гардан хийж Хөвсгөл аймгаа хөгж­лийн арай өөр түв­шинд хүргэхийн төлөө зүтгээд үзэх хүсэл тэ­мүү­лэл намайг хөтөлсөн гэж болно л доо.  Бас Хөвсгөл аймгийн нутгийн зөвлө­лийн даргаар 2009 оноос хойш ажиллаж нутаг орон­доо хэрэгтэй олон ажлуудыг санаачилж эх­лүүлсэн нь олны сэтгэлд хүрсэн болохоор маш том итгэл хүлээлгэсэн болов уу. Зөвхөн Хөвсгөл гэлтгүй, улс орныхоо эрх ашгийн төлөө улс төрд оръё гэсэн бодол байсан.

Миний хувьд байнгын хо­роодын хуралд идэвхтэй оролцдог

Монгол Улс эдийн зас­гийн хувьд нэлээд эрчим­тэй хөгжих замдаа орчих­лоо. Тийм учраас улс төрд улс орныхоо баял­гийн  ихэнх хувийг бүтээ­дэг хувийн хэвшлийн тө­лөөлөл түлхүү ороосой гэж боддог. УИХ-ын ги­шүүн болоод хэд хэдэн хууль батлуулах ажлын хэсэгт  орж ажиллаж бай­на. Одоо ажиллаж бай­гаа хуулийн төслүүдийн талаар тухай бүрдээ ярилцлага өгөөд байр сууриа илэрхийлээд явж байгаа. Харин танай со­нинд ярилцлага өгөөгүй юм байна. Ер нь ярихаас илүү хийх нь дээр биз дээ.

-Өөрсдөдөө эрх зүйн таатай орчин бүрдүү­лэхийн тул бизнесийнхэн улстөрд орж байна гэдэг шүүмжлэл бай­даг. Үүнийг та юу гэж үздэг вэ

-Бусад улс орны жиш­гийг харахад бизнес­мэ­нүүд улс төрд их ордог. Өнгөрсөн 20-30 жилийн турш эдийн засаг нь эр­чимтэй хөгжиж байгаа Азийн барууд гэгдэх болсон Сингапур, Өмнөд Солонгос, Тайванийн пар­ламентын гишүүдийн олонх нь бизнесменүүд байдаг юм билээ. Ер нь бид улстөрч хүн гэж хэ­нийг, ямар хүнийг хэлэх вэ гэдэг ойлголтоо өөрч­лөх цаг нь болсон гэж боддог. Бидний сонгож авсан нийгмийн тогтол­цоо нь зах зээлийн ний­гэм учраас улс орондоо баялаг бүтээдэг хүмүүсээ сонсдог, тэднийгээ илүү их дэмждэг байж л сая улс орон хөгжинө. Ийм учраас хувийн хэвшлийн то­гоонд чанагдсан, унаж, бо­сохын жаргал зовлонг мэддэг, бүтээлч сэтгэлгээ­тэй хүмүүс улс төрд хэ­рэгтэй юу гэвэл хэрэгтэй. Бизнесийнхэн  улс төрд орж өөрсдийнхөө эрх аш­гийг хамгаалах хууль эрх зүйн орчин бий бол­гоно гэсэн хардалт байдаг гэж та хэллээ. Би бол арай өөр ойлголттой бай­даг.

-Одоо ч парла­мен­тад олон бизнесмен орж иржээ...

-"Бодь" группын Болд, Зоригоо, Ажнай Бат-Эрдэнэ, Женко Баттулга, Шунхлай Батхүү, Фор­туна Батбаяр, Бридж Ган­хуяг гээд компаниараа овоглуулсан бизнес­ме­нүүд улс төрд олон жил явж байна. Тэд нийлж хуйвалдаад ком­па­ниу­дын­хаа, бизнесийнхээ эрх ашгийг хамгаалах хууль батлуулаад байдаг гэдэгт  би лав хувьдаа итгэхгүй. Харин ч улс төрд орж ирсэн бизнес­ме­нүүд улам илүү эх оронч болдог юм байна гэж надад анзаарагдаж байгаа.

-УИХ-ын сонгуулиар Хөвсгөл аймагт цэнхэр өнгө давамгайлдаг бай­сан гэж болно. Таны бод­лоор энэ жил Хөвс­гөлийнхөн яагаад МАН-ыг сонгосон юм бол?

-Манай хөвсгөлчүүд ардчиллын анх­дагч­даа­раа бахархаж, ардчил­лын төлөө зүтгэж ирсэн хүмүүс. Ардчилал гэдэг чинь зөвхөн нэг намын өмчлөлд байдаг үг биш шүү дээ. Маш өргөн хү­рээг хамарна. Шударга, хүмүүнлэг ардчилсан нийг­мийг зөв утгаар нь хөгжүүлэхийн төлөө үгээ хэлдэг олон мянган хөвс­гөлчүүд байдаг. Шулуу­хан хэлэхэд манайхан ер нь хурц талдаа "эсэргүү­чүүд" ихтэй. Шударга хү­мүү­сийг нутаг нуга, тал тохой татахгүйгээр дэмж­дэг хүмүүс шүү дээ. Ц.Эл­бэгдорж Ерөнхийлөгч, Улсын баатар Э.Бат-Үүл, М.Энхсайхан гээд олон хүмүүсийг УИХ-д сонгож байсан ард түмэн. Яахав манайхныг цэнхэр улаан гэж өнгөөр ялгаад хэрэг­гүй ээ гэж би хэлдэг л дээ. Нутгийнхан маань өн­гөөр бүхнийг шийддэггүй гэдгийг л сая харуулсан гэж бодож байгаа. Нут­гийнхан маань намайг "Нэр дэвшээд ир, бид дэм­жинээ" гэж хэлж байсан,  дэмжих дэмжихдээ маш өндөр хувиар дэмжиж саналаа өгч их итгэл хү­лээлгэсэн. Одоо итгэлийг нь л сайхан дааж их зүйл хийж нутгийнхаа хөгж­лийг хурдасгана л гэж бодож байгаа. Ер нь би нам намаараа талцахыг нэг их таашаадаггүй. Хөвс­гөл аймгийнхныг тө­лөөлж УИХ-д сууж бай­гаагийн хувьд УИХ-ын гишүүн ийм л байх ёстой гэсэн  жишиг тогтооё гэж бодож байгаа.         

-Та ямар жишиг тог­тоож байгаа юм?

-Ямар ч байсан УИХ-ын гишүүн болсноосоо хойш тойрогтоо таван удаа ажиллалаа. Айм­гийн­хаа бүх сумаар яв­сан. Сум орон нутгаа хөгжүүлэх ерөнхий тө­лөв­лөгөөг сум сумаар нь гаргаж байна. Тойргийн­хон­доо улирал болгон сонин гаргаж ажлаа тай­лагнаж эхэлсэн.  Юни­те­лийн нэвтрүүлж байгаа телемаркетингийн үйл­чил­гээг ашиглаж, тойр­гийн­хоо бүх сонгог­чид­той­гоо үргэлж мессежээр харьцаж, төсөв хөрөнгө оруулалт болон ажиллаж байгаа хуулийн төсөл дээрээ саналыг нь авдаг боллоо. Ер нь миний хувьд усанд хаясан чулуу шиг тэгж ажил хийхгүй ээ. Олон жил бизнесийн сал­барт ажилласан болоод тэр үү ажлыг хугацаанд нь чанартай хийхийг л эрмэлздэг. Мөн УИХ-ын гишүүнийхээ цалинг авдаггүй.

-ТиймүүЯагаад?

-Цалингаараа сан бай­гуулж, оюутны тэтгэ­лэг олгож байна. Жил болгон 100 оюутанд 40 гаруй сая төгрөгийн тэт­гэ­лэг олгоно. Өнөө жил тэтгэлэг олгох 100 оюут­наа шалгаруулчихсан. Оюутнуудтай гэрээ хийж тухайн баг, суманд дутаг­далтай байгаа мэргэж­лээр сурч байгаа оюут­нуудыг эхлээд түлхүү ан­хаарна. Тэтгэлэг авсан оюутнууд бас тодорхой хариуцлага хүлээж төг­сөөд нутагтаа очиж тогт­вор суурьшилтай ажил­лах юм. Хэн хэндээ л ашиг­тай. Ер нь УИХ-ын гишүүн болбол заавал хийх шаардлагатай хэд хэдэн асуудал дээр хувь нэмрээ оруулах юм сан гэж бодож явдаг хэдэн сэдэв бий.

-Тодруулбал?

-Үндэсний зөвшилц­лийн хууль гэж олон улс орнууд гаргаж байна. Бидэнд улстөржихгүй байх ёстой амин чухал цөөн хэдэн эрх ашиг байх ёстой. Үүнийгээ гол  улс  төрийн намууд хууль­чилж авах ёстой.
Монголчууд намаар талцан хуваагдаж, намын эрх ашгийг бүхнээс дээ­гүүр тавих үзэгдэл их болжээ. Тиймээс намын хатуу гишүүнчлэлгүй бо­лох нь яваандаа  зөв юм байна, үүний төлөө явна гэж боддог. Дараа нь эрүүл мэнд, нийгмийн даатгалын тогтолцоогоо заавал өөрчлөх ёстой гэж харж байгаа. Мөн үндэс­ний хөрөнгө оруулагчдаа дэмжих цаг нь болжээ. Манай улсад гадаадын хөрөнгө оруулалтыг дэм­жих хуультай мөртлөө өнөөдрийг хүртэл үндэс­ний хөрөнгө оруулагчдаа хамгаалах хууль алга. ДНБ-ий дийлэнх хувийг бүрдүүлж байгаа до­тоо­дын хөрөнгө оруу­лагч­даа дэмжих, эрх зүйн орч­ныг нь сайжруулах хэ­рэг­тэй байна.  Түүнчлэн үнэт цаасны зах зээлийг өөрч­лөх ёстой юм байна. Дэл­хийн хөгжсөн улс  орнуу­дад хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж байж хүчирхэг эдийн засагтай болж ча­даж байгаа. Мөнгөө өсгөх сонирхолтой иргэд үн­дэсний компаниудынхаа хувьцаанд хөрөнгө оруул­даг ийм эрх зүйн орчинтой болгож өөр­чилмөөр санагддаг.  Жи­шээ нь, өнөөдөр мон­гол­чуудын арилжааны бан­кинд хадгалуулж байгаа мөнгөн хадгаламжийн хэмжээ манай улсын хө­рөнгийн бирж дээр арил­жаалагдаж байгаа нийт хувьцааны үнэлгээнээс хоёр дахин их байна. Уг нь энэ мөнгөний ихэнх хэсэг нь хөрөнгийн зах зээл рүүгээ орох ёстой. Азийн бар гэгдээд байгаа орнууд ийм л замаар хөл дээрээ боссон шүү дээ.

-Ингэхэд та сэт­гүүлч мэргэжилтэй байхаа?

-Ленинградын их сур­гуу­лийг олон улсын сэт­гүүлч мэргэжлээр төгссөн шүү дээ. 1992-1994 онд "Ил товчоо" сонинд ажил­лаж байлаа.