Мөнгө "босгосон", одоо яаралтай эргэлтэд оруулмаар байна
“Ярилцах танхим”-ын шинэ оны анхны зочноор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн уригдлаа. Өнгөрсөн онд Засгийн газрын хийсэн томоохон ажлуудын нэг нь 1.5 тэрбум ам.долларын бонд байсан. Бид энэ талаар ярилцсан юм.
-Засгийн газар өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргасан. Одоо өр авлагын хэмжээнд ямар өөрчлөлт орж байгаа вэ. Гадаад өрийн хэмжээ нэмэгдэж байна. Үүнийг дагаад өрийн дарамт ирэх вий гэсэн болгоомжлол одоо ч гэсэн байх шиг?
-Гадаад өрийн хэмжээнд бид анхаарах шаардлага бий. Сангийн яамны хувьд Дэлхийн банкны долоон шалгуур үзүүлэлтээр өрийн дарамтыг тооцож байгаа. Үүнээс гурав нь буюу экспортыг өрийн үйлчилгээний төлбөрт харьцуулсан харьцаа, нийт өрийг ДНБ-нд харьцуулсан харьцаа, зээлийн үйлчилгээг төсвийн орлого, зарлагад хаьцуулсан харьцаа нь зэрэг муудаж эхэлбэл, өрийн дарамтад орлоо гэж үздэг. Харин манай улсын хувьд хувийн салбарт авсан зургаан тэрбум ам.долларын зээлийг оруулаад, нийт улсын өр гэж үзвэл зөвхөн нийт өрийг ДНБ-нд харьцуулсан харьцаа л муудсан байгаа. Энэ бол цаашид сэрэмжлээрэй гэсэн дохио. Дотоод өрийн хувьд тийм сэрэмжлэх төвшинд хүрээгүй байна.
-Гэхдээ өрийн хэмжээ цаашид нэмэгдэх нь?
-Бид нэг зүйлийг анхаарах хэрэгтэй байх. Бонд гаргаж хэрэгтэй салбарт хөрөнгө оруулалт хийж, эдийн засгаа идэвхтэй байлгаж, хурдацыг нь сааруулахгүй байя гэж байгааг нэг их айдас юм шиг, улс төр талаас нь яриад байж болохгүй. Тодруулбал, хөгжлийн хурдацаа энэ хэвээр нь хадгалъя гэж байгааг анхааралгүй зүгээр л улс төрийн сонирхлоор болохгүй талаас нь тайлбарлаад байгаа. Аливаа зүйлд сайн болон муу тал бий. Муу талаас нь хэтэрхий төвийлгөж харагдуулах гээд байх шиг. Бондын өрөнд орох нь гээд, нэг их аймшигтай зүйл болгож нэг хэсэг нь яриад байна. Энд аймшигтай зүйл одоогоор байхгүй. Гэхдээ бид үүнийг байнгын тооцоо, судалгаатай явуулж байх ёстой.
Таван тэрбум ам.долларын зээл авъя. Гэтэл энэ чинь Оюутолгойн хэдэн хувь юм бэ. Оюутолгой 200 тэрбум долларын орлого оруулна гэж тооцвол хоёр хувь нь л байна шүү дээ. Юу ч биш. Жишээ нь 1.5, таван тэрбум ам.долларын бонд гаргая. Нэг жижигхэн ордоо ашиглалтад оруулаад, үүний зээлийг төлөөрэй гэхэд асуудал байхгүй. Тэгэхээр бидний хамгийн гол зорилго энэ мөнгийг эргээд зээлээ төлчихөөр төсөл, хөтөлбөрүүд, эсвэл хөгжлийн дэд бүтэц рүү оруулах ёстой. Зээлээ төлчих гэдэг маань бизнесийн ямар нэг томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлье. Үүнийг дагаад татварын орлого нэмэгдэнэ. Татварын орлогоороо зээлээ төлөөд явна гэсэн санаа шүү дээ. Иймэрхүү зүйлүүдэд бондоор орж ирж байгаа мөнгөө зарцуулах юм бол эргээд зээлээ төлөөд явчихна. Бидний өнөөдрийн зээл авч байгаагийн гол баталгаа юу байна вэ гэхээр нөгөө л уул уурхайн салбар, манай баялаг. Тэр баялгаа бид хуучин шигээ 21 мянган төгрөг тараахад биш, хөгжлийнхөө хурдцыг сааруулахгүй байх чиглэлд зарцуулж чадвал зээл дарамт авчрахгүй. Гагцхүү тооцоо, судалгаатай байх ёстой гэдгийг дахин хэлье.
-Гэхдээ дотоод өрийн хувьд асуудал үүсэх юм биш үү. Жишээ нь Монголбанкнаас мөнгө зээлээд 21 мянга тараачихсан байгаа. Үүн дээр нэмээд гадаад зах зээл дээр бонд гаргалаа?
-Зах зээл дээр хэрэглэгдээгүй, сул эх үүсвэр байвал тэрийг бондоор татаж болно. Харин бондоо Төв банкиндаа зараад, Төв банк мөнгө хэвлээд, тэрийг худалдаж авч байвал харин аюултай. Инфляцийг хөөрөгдөнө. Банкууд, эсвэл бизнес санхүүгийн салбарт байгаа чөлөөт үлдэгдлийг татаж байвал энэ бол бодитой эх үүсвэр. Тэр мөнгө эргэлтэд орж байгаа хэрэг. Тэгэхгүйгээр зарим нэг улс оронд бол Төв банк нь мөнгө хэвлээд бонд худалдан авч, зах зээл дээрээ “хөөс” үүсгээд л явдаг. Инфляци нь хэт өсөөд, мөнгө нь үнэгүйддэг. Тийм нөхцөл байдал манай улсын хувьд үүсэхгүй.
-Таван тэрбум ам.долларын бонд манай хувьд анхны юм, шинэ юм гэж хүлээн авч байна. Нөгөөтэйгүүр энэ дэлхий нийтийн анхаарлын төвд ороод л, оны шилдгээр тодруулж байна шүү дээ. Тэгвэл энэ нөхцөл байдалд бондын өрийг яаж төлж барагдуулах вэ. Хамгийн гол нь улс төр, Засгийн газрын тогтвортой байдал бас дагаад анхаарлын төвд орж байна л даа.
-Ер нь зээл, тусламж гэдэг чинь ямар нэг байдлаар барьцаанд орж байгаа хэрэг. Өмнө нь авч байсан бүх зээлийг ямар нэгэн бодлого араас нь дагадаг байсан. Бид 20 сая ам.доллар хамаг байдгаа шавхаад л, “тийм реформ хийнэ, тэр яамаа цомхтгоно” гээд л арчаагүй байдалд орж байж олж ирдэг байсан. Тэгэхэд одоо таван тэрбум ам.доллар авъя гэхэд л 15 тэрбумын санал ирж байна. Эд нар чинь биднийг бодоход юманд судалгаатай ханддаг, томоохон институциуд ажиллаж, прогнозод түшиглэж мөнгө өгч байгаа. Тэдний хувьд бидний ирээдүй тодорхой байна шүү дээ. Тийм учраас зээл өгч байна. Нэг хэсэг нь Африкт зээл өгч байгаад л өрийн дарамтанд оруулсан юм шиг яриад байна. Тийм биш. Яагаад гэвэл бидэнд байгалийн баялагдаа түшиглэсэн ирээдүйн асар том орлого байгааг эд нар мэдэж байгаа.
Тийм учраас л том санал ирж байгаа юм. 500 саяыг босгоход 12 тэрбумын санал ирсэн. Манай эдийн засгийн ирээдүйн орлого дээр түшиглэж л байгаа хэрэг. Үүнийг дагаад бид хариуцлага хүлээж байна. Тийм хугацаанд төдөн хувийн хүүтэй төлнө гээд. Хуучин бол зээл, тусламжийг дагаад янз бүрийн бодлогын асуудлууд орж ирээд, өөрийн толгойгоор явж чаддаггүй байлаа. Нөгөө талаасаа тэжээлгэж амьдарна гэдэг чинь нэг их сайн зүйл биш байдаг юм байна шүү дээ. Тэгэхээр тусламж гэдэг бол тийм сайн зүйл биш. Нэг хэсэг бидэнд хэрэгтэй байсан. Харин одоо бид дэлхийн санхүүгийн зах зээлийн нэг оролцогч болж, уул уурхайн салбараараа дамжуулан тоглох боломж бүрдэж байна. Харин их хэмжээний мөнгө биднээс маш том хариуцлага, чадамжийг шаардаж байгаа. Өмнөх шигээ урсгалаараа явж болохгүй гэсэн үг. Яг л энэ хөрөнгө оруулагчид шиг бодлоготой, тооцоо, судалгаатай, төлөвлөгөөтэй явдаг, тийм институциа байгуулж, ажилуулахгүй бол өрөнд орж мэднэ.
-Бас нэг болгоомжилж байгаа зүйл гэвэл төслүүд хэрэгжиж эхэлтэл төсвөөс мөнгө төлнө. Гэтэл төсөл байгаа юу гэдэг бас нэг асуудал бий. Засгийн газрын нэр бүхий албан тушаалтнууд төсөл байгаа гэж байгаа. Харин энэ төсөл хэрэгжээд, ашгаа өгч эхэлтэл төсвөөс мөнгө төлнө. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ. Тухайлбал, төсвөөс чухам хэдэн төгрөгийг энэ бондын хүүд зарцуулах вэ?
-Тийм л дээ. Одоо бэлэн байгаа, шууд хэрэгжүүлээд л, нэг жилийн дотор үр ашгаа өгөөд, хүүгээ төлөөд явчих хөтөлбөр, төсөл харагдахгүй байна. Төслүүд бол олдох л доо. Гэхдээ тэр төслүүд нь үнэхээр үр ашигтай юу, эцсийн үр дүн нь юу вэ гэдгийг харах ёстой. Ямар төслүүдийг нь бид төрөөс санхүүжүүлээд, ямар төслүүдийг бизнесийн салбар луугаа хийгээд, эргээд зээлээ төлөөд явах юм. Энэ тал дээр яг нарийн тооцоолоод, урьдчилаад бэлтгэчихсэн юм байхгүй байж магадгүй.
-Ингэхээр л УИХ яах гэж тэр тогтоолыг баталсан юм бэ гэж бодогддог юм. За яах вэ, аргагүй байж. Тэгвэл одоо төсвөөс яг хэдэн төгрөг бондын хүүд төлөх вэ?
-Одоогоор бол бидэнд ямар нэгэн хуваарь ирээд, түүнийг нь улсын төсөвт суулгачихсан зүйл байхгүй. Улсын төсөвт суулгаагүй мөнгийг төлөхгүй шүү дээ. Тийм учраас төдөн төгрөг төлөх юм байна гэж хэлж чадахгүй.
Бид 2013 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд баталсан. Тэр үед энэ бондын төлбөрт төлөх мөнгөний тухай яригдаагүй.
Хэрвээ тусгаад, төлөөд явна гэж үзвэл төсөвт тодотгол хийх шаардлагатай. “Энэ мөнгийг яагаад бид баталсан бэ” гэж байна. Яагаад гэвэл өнөөдөр хямрал хаалга тогшсон. Бид энэ хямралаар эдийн засгаа яаж тогтвортой авч гарах вэ л гэж байгаа юм. Хуучин бол бүсээ чангал гэдэг байсан. Харин одоо бүсээ чангалахгүй. Яагаад гэвэл тэр компаниудыг ажилтай байлгая, тэрийг дагаад хүмүүс маань ажилтай, орлоготой байна. Тэгж байж, хямралын ард гаръя гэдэг үүднээс эхний ээлжинд 1.5 тэрбумыг оруулаад ирье гэж шийдсэн. Харин одоо үүнийг яаралтай эргэлтэд оруулах хэрэгтэй байна.
"Азийн хөгжлийн банкнаас 90-ээд оны эхэн үед зээл авахад биднийг “наад багш нараа, эмч нараа цөөл” гэсэн бодлогын матрис тулгасан. Тэгээд л бид багш нараа, эмч нараа цөөлсөн. Тэглээ гээд энэ салбар өндийсөн нь хаана байгаа юм бэ"
-Шинжээчид Америк, Хятадад хямралын дохио хангинаж эхэлснийг хэлж байгаа. Үүнийг дагаад хөрөнгө оруулагчид хямралын үед найдвартай газар мөнгөө хадгалуулахыг зорьсон гэх дүгнэлт бас бий. Ийм байж болох уу?
-Найдвартай хүнд л мөнгөө өгнө биз дээ. Тэгэхээр биднийг найдвартай гэж үзэж байна. Тэр чинь л өөрөө Монголын эдийн засаг ямар төвшинд хүрчихсэн юм бэ гэдгийг илтгэж байгаа юм. Түүнээс биш Засгийн газар бүр найдвартай биш. Жишээ нь Африкийн аль нэг орны, асар их өрийн дарамтад орчихсон Засгийн газарт зээл өгөхгүй. Өглөө гэхэд хүү нь маш өндөр байна. Тэр улсын эдийн засаг найдвар муутай, эрсдэлтэй гэсэн үг. Манай улсын авсан бонд жишээ нь хөгжингүй орны 10 жилийн хугацаатай авдаг зээлийн хүүгээр авсан байна билээ.
-Үлдсэн 3.5 тэрбум долларын бондыг хэзээ гаргах вэ, тэр үед хүү багасах боломжтой юу?
-Төсвийн хүрээний мэдэгдэл, дунд хугацааны хөтөлбөртэйгөө уялдуулаад гаргана.
-Бондыг гадаад зах зээл дээр гаргаж байхад хамгийн хүнд нь төсвийн зардлыг хэтрүүлэхгүй, хяналттай байх асуудал гарч ирдэг байх. Энэ асуудал Төсвийн байнгын хорооны даргын хувьд таны нуруун дээр байгаа. Мэдээж улс төрийн намуудаас маш олон санал орж ирдэг байх. Ийм үед төсвийн зардлыг хэтрүүлэхгүй, хяналттай байлгана гэдэг магадгүй хэцүү биз?
-Одоо бол тэгж ажиллах боломж бий. Хууль эрх зүйн хүрээнд. Өмнөх Засгийн газрын үед Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар төсвийн зарлагыг хязгаарлаад өгчихсөн байгаа. Тухайлбал, уул уурхайгаас бусад салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээнээс төсвийн зарлагын өсөлт хэтрэх ёсгүй. Тэр хэмжээндээ л төсвийнхөө зарлагыг төлөвлөнө, зээлээ ч авна. Би тэр шаардлагыг хуулийн хүрээнд тавих боломжтой болсон.
-Энэ хуулийн хамгийн том давуу тал байх. Хуучин бол ОУВС, Дэлхийн банкны хэлснээр л явдаг байлаа шүү дээ.
-Түрүүн зээл тусламжийн барьцаанд ордог байсан гэдгийг хэлсэн шүү дээ. Би гашуун жишээ хэлье. Азийн хөгжлийн банкнаас 90-ээд оны эхэн үед зээл авахад биднийг “наад багш нараа, эмч нараа цөөл” гэсэн бодлогын матрис тулгасан. Тэгээд л бид багш нараа, эмч нараа цөөлсөн. Тэглээ гээд энэ салбар өндийсөн нь хаана байгаа юм бэ. Харин ч долоо дордсон. Харийн бодлогоор биш өөрсдийнхөө толгойгоор муу ч гэсэн явсан дээр биз дээ. Бидэнд одоо л уул уурхайг дагаад мөнгөтэй болсных тийм боломж гарч ирж байна. Өөрсдөөрөө амьдрах, эдийн засгийн эрх бий болсон. Бага ч гэсэн эрх мэдэлтэй болчихсон. Харин одоо бидэнд тархи байна уу гэдэг асуудал гарч ирсэн. Тархитай байхын тулд Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулсан.
-Одоо тэгвэл хариуцлагыг хэн хүлээх вэ. Эдийн засгийн хөгжлийн яам, Засгийн газар, эсвэл Төсвийн байнгын хороо гэх мэт олон салаа байна. Тэр тусмаа л хариуцлага хүлээх эзэн олдохгүй болох вий?
-Гадна талдаа хариуцах эзэн нь тодорхой. Тэр нь Монгол Улс. Харин дотор талдаа бие бие рүүгээ шидэлцэх үү, үгүй юу. Шидэлцлээ гээд бид яах юм бэ, гадна тал чинь “мөнгөө төл” л гэнэ шүү дээ. Тэгэхээр бид бүгдээрээ л хариуцлага хүлээнэ. Тийм учраас бидэнд ямар асуудал тулгарч байна вэ гэхээр чадавхитай төртэй, сайн засаглалтай байх. Уул уурхайг дагаад эдийн засаг томорчихсон. Эдийн засаг томорсныг дагаад үүсэх асуудлууд ч олон болчихсон. Тулгарах асуудлын хүрээ томорсон байна шүү дээ. Тэгэхээр бид арай л өөрөөр бодож, сэтгэж, өөрөөр асуудлыг шийддэг болох ёстой. Хуучин шиг урсгалаараа байж болохгүй. Тэр бол гал унтраах арга байсан. Үүсээд байгаа асуудлуудыг зээл аваад л шийдээд явж байсан. Харин одоо бид хөгжлийн тухай ярьж байна. Тиймээс уул уурхай даган бий болж буй хөгжлийн асуудлуудынхаа өмнө нь гарч бодлогоор удирдаж, төлөвлөлтөөр зохицуулах шаардлагатай болж байна.