Бондын бодлого, зохицуулалтгүй дураараа тараавал монгол улс өрөнд орно
Монголын Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан
2012.12.11

Бондын бодлого, зохицуулалтгүй дураараа тараавал монгол улс өрөнд орно

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Чингис” бондоос орж ирэх мөнгийг таван төсөлд ашиглана гээд байгаа. Гэтэл төсөл нь өнөөг болтол бэлэн болоогүй байгаа сурагтай. 1.5 тэрбум ам.доллараар олон үйлдвэр барина гээд байгаа. Гэтэл ийм хэм­жээ­ний мөнгөөр нэг томоо­хон үйлд­вэр ч барьж хүр­дэг­гүй гэх нэгэн ч байна?

-Энэ асуултад Эдийн зас­гийн хөгжлийн яамныхан хариул­на. Төсөл сонгох асууд­лыг уг яам хариуцдаг учраас тэндээс асуусан нь дээр байх.

-Ч.Улаан, Н.Батбаяр сад нар гадаад руу яваад Монголыг худалдчихаад ирлээ,  монголчууд үеийн үед төлөөд баршгүй их өртэй боллоо гэх хүн ч байна. Энэ бүхэнд та албан ёсны хариулт өгөхгүй юү?

-Батбаяр сайд бид хоёр Монголыг барьцаалчихаад ирсэн юм ерөөсөө байхгүй. Зөвхөн УИХ-ын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж яваад ирсэн. УИХ-аар хэлэлцээд таван тэрбум ам.долларын бонд гаргахыг зөвшөөрсөн хууль гаргасан. Төрийн бодлогын дагуу түүний хэрэгжилтийг зохион байгуулаад ирлээ. Эдийн засгийн үүднээс нь авч үзвэл энэ мөнгийг бодлогогүй, зохицуулалтгүй, дураараа тараавал Монгол Улс барьцаанд орох байтугай том өрөнд унана. Харин үүнийг үр дүнтэй зөв ашиглаад явбал эдийн засгийн хөгжлөө асар хурдацтай түргэтгэх боломжтой болох юм. Тиймээс үр ашигтай төслүүдээ сонгож хурдан хугацаанд ажиллах ёстой.

Монголчууд нэгэнт дэлхийн зах зээл дээр гарч ирж байгаа болохоор бид дэлхийн санхүүгийн системд хариуцлага хүлээх үүрэгтэй. Энэ нь, нэгдүгээрт засаг төр нь тогтвортой ажиллах, хоёрдугаарт бодлогоо тууштай хэрэгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн, Төрийн мөнгөний болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа ягштал биелүүлэх үүрэгтэй. Үүнийхээ төлөө л монголчууд хариуцлага хүлээж байгаа юм. Хариуцлага хүлээх, бодлого зохицуулалтаас айдаг байж хэрхэвч таарахгүй. Үүнийг дагаад зарим нэг нь санаанд орсноо ярьж, хийж болохгүй. Монгол Улс хариуцлагатай улс болох ёстой. Тэгэхгүйгээр улс төрийн явцуу эрх ашгийг л бодоод байж болохгүй.

-Таван тэрбум ам.доллар арилжаалагдах ёстой. Үлд­сэн бондыг хэзээ арил­жаа­лах вэ?

-Эхний төслүүдийн хэрэг­жил­тийн явцаас хамаар­на. Нөгөө­тэйгүүр тодорхойлсон бод­лого маань хэр хэрэгжиж бай­гааг бид эргээд хөрөнгө оруу­лагч­дадаа тайлбарлах ёстой. Бүгдээрээ эзэнтэй мөн­гө шүү дээ. Хөрөнгө оруулж байгаа эзэд нь энэ ажлын явц, үр ашиг нь ямар байгаа эсэх, анхны гэрээ хэлэлцээр яаж хийж байсныг хянах юм. Тиймээс тодорхой хугацааны дараа дараагийн үе шат хэрэгжинэ. Хэрэв бид сайн ашиглачихвал цаашдын хө­рөнгө мөнгөний тал дээр асуудалгүй шийдвэрлэгдэх байх. Үнэ өртөг нь ч хямдарч, илүү үр дүнтэй болно. Харин энэ боломжоо сайн ашиглаж чадахгүй алдвал бид дахиад дэлхийн санхүүгийн зах зээл дээр гарах нүүргүй болно. Тэр хэрээр өртөг зардал нь ч өсч, итгэл найдвараа алдах сөрөг талтай. Тиймээс монголчуудын хариуцлага өндөржиж байгаа юм. Түүнээс биш УИХ дээр хэн нэг нь үг хэлснээс болж янз бүрийн асуудал үүсэхгүй. Ажлаа хийх  гээд зүтгээд байгаа хүнийг хэн ч боль гээгүй. Хийхгүй байгааг нь харин ажилла хэмээн шаардах ёстой гэж байгаа юм.

-УИХ-ын гишүүн Д.Оюунхорол энэ бондын хүү бодогдож эхэлсэн, манай улс өдөрт 200 сая ам.долларын хүү төлж байгаа гэж ярьж байсан. Энэ үнэн үү?

-Өдөрт 200 сая ам.долларын хүү төлөөд байгаа зүйл байхгүй. Ор үндэсгүй мэдээлэл.

Одоогийн байдлаар өдөрт 130-140 мянган ам.долларын хүү бодогдож байгаа.

Хугацаатай авсан мөнгө учраас хүү бодогдох нь зүй ёсны хэрэг. Тоолуур яваад эхэлчихсэн юм чинь цаг нартай ашиглах хэрэгтэй гэж ярьж байгаа нь зөв. Гэхдээ түргэн ашиглана гээд үүнийг хуваагаад авах ёсгүй. Бонд гэдэг хоёр талын агуулгатай. Үүнийг аль аль талаас нь ойлгохоос ихээхэн хамаарна. Мэдээж хөрөнгө оруулалт учраас түүнийг үр ашигтай эргэлтэд оруулаад гарах үр дагавраар нь төсөв дээр ачаалал өгөхгүй явах хэрэгтэй. Нөгөө талаас бонд өөрөө бэлнээр ороод ирснээр макро эдийн засгийг тогтворжуулах маш том баталгаа болж байгаа юм. Үүнийг дагаад монгол төгрөгийн ханш, инфляц тогтворжино. Мөн банкны зээлийн хүү буурч, үйлдвэрлэл үйлчилгээ идэвхжинэ. Зарим хүн яагаад оны өмнө оруулаад ирэв гээд хардаад байгаа. Оны эцэст юу болдгийг та нар мэднэ шүү дээ. Бүх л албан газар, хүн ондоо багтаж санхүүжилт, дутуу мөнгөө авахыг боддог. Одоо орж ирээд байршсанаараа бид олон зүйлээс сэргийлж буй юм.

-Хөгжлийн банкийг мөн­гөгүй болсон гэх яриа бай­на?

-Хөгжлийн банк дансандаа мөнгөгүй болно гэж хэзээ ч байхгүй. Бас л аливааг өнгөцхөн харж ярьж байгаа хүмүүсийн үг. Хэрэв бүх мөнгөө хүнд өгчихсөн байвал сайн л байна шүү дээ. Банкны мөнгийг хүн ашиглаад буцаагаад өгөхөөр хүү төлж, өснө. Гэхдээ бүгдийг тэгж тарааж болохгүй л дээ. Бүх зүйл үе шаттай хэрэгжих ёстой. Мөнгөө гадагш нь гаргахгүй байлгаад байвал ямар ч ашиггүй. Тиймээс богино хугацаанд гаргаж өсгөснөөрөө эдийн засгийг тогтворжуулдаг юм.

-МАХН засгаас гарна гэдгээ мэдэгдсэн. Энэ асуудал юу болж байна вэ?

-Зарим хүн гараасай гэж бодоод байгаа. Гэхдээ нөхцөл байдал өдөр, цагаар өөрчлөгдөж байна. Ийм мэдэгдэл хийж байхад ямар байдалтай байсныг та бүхэн мэдэж байгаа. Нам гэдэг хамт олны нэгдмэл организм. Олонхи нь шударга бус байна гэж бухимдалтай байсан учир тийм мэдэгдэл гаргаж байсан. Хэрэв энэ явдлыг таслан зогсоохгүй бол бид засгаас гарахаас өөр арга алга гэсэн. Гэхдээ гарна гэж хэлсэн нь эцсийн шийдвэр болохгүй. Эвслийн Удирдах зөвлөл асуудлыг шийдэх ёстой шүү дээ. Энэ асуудлаар Удирдах зөвлөл хуралдаагүй байна. Хоёрдугаарт, өнгөрсөн хугацаанд байдал өөрчлөгдлөө. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шийдвэр гарч, хэдийгээр манай даргад ял оноосон ч яллаж байсан дөрвөн зүйл заалтынх нь хоёрыг хүчингүй болгосон. Дээд шүүх үнэн зөв шударга ёсны төлөө алхам хийлээ. Тиймээс бид энэ байдлыг харж байгаа. Байдал зөв тал руугаа явж байна. Дээд шүүхийн шийдвэрт бид талархаж байгаа. Удахгүй бид Дээд шүүхийн зөвлөлд хандана. Энэ хугацаанд хууль хяналтын байгууллагынхан шударга үнэний талд шийдвэрээ гаргана гэдэг итгэж байна. Энэ бүхнийг хүлээх ёстой. Гаргачих юмсан гэсэн бодолтой хүмүүс “Яасан бэ. Хурдан гараач ээ” гээд байгаа. Байдал ийм дээрээ тулбал асуудлыг бас ярина шүү дээ.

-УИХ-д танай эвслийн 11 дэх суудал хоосон байгаа. Ц.Оюунбаатарыг яагаад тангараг өргүүлэхгүй байгаа юм бэ?

- Тангараг өргүүлж болно. Гэхдээ бид асуудалд зарчимтай хандаж байна. Сонгуульд оролцсон нэрсийн жагсаалтын дагуу явах ёстой. Нэрсийн жагсаалтынхаа дарааллаар тоолбол Э.Батшугар УИХ-ын гишүүн болох ёстой байсан. Түр үнэмлэхээ ч авсан. Гэтэл түүнийг цэргийн алба хаагаагүй гээд түр үнэмлэхийг нь хураасан. Үүний дараа Батлан хамгаалах яамнаас Э.Батшугар цэргийн үүрэгтэн юм байна, ямар нэгэн зөрчил алга гэж мэдэгдсэн. Тиймээс бид СЕХ-нд хандаад байгаа. Энэ маргаантай асуудал шийдэгдээгүй байгаа учраас бид 11 дэх хүнийхээ нэрийг УИХ-д оруулж чадахгүй байна.  

-Танай эвслийн Удирдах зөвлөл хэзээ хуралдах вэ?

-Чухам хэзээ хуралдуулахыг нөхцөл байдалтай уялдуулан ярилцаж байна.

-СЕХ-ноос Ц.Оюун­баа­та­рыг УИХ-ын гишүүний тан­гараг өргөх боломжтой гэж танай яамд мэдэгдсэн бай­сан?

-Энэ шударга шийдвэр мөн үү. Яагаад ийм шийдвэр гаргаснаа бидэнд тайлбарлах ёстой. СЕХ-ноос ирэх хариуг бид хүлээж байна. Аливаа юманд учир, суманд гичир бий.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг эмнэлгээс Монголын төрийг донсолгож байна гэх яриа бий. Та энэ талаар ямар хариулт өгөх вэ?

-Зарим хүний гаргаж байгаа цуурхал байх. Монголын төрийг тэндээс удирдана гэж ч юу байх вэ дээ. Тэр хүний төлөө ард түмэн санаа зовж байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.