Г.Баярсайхан: Таван тэрбумын бонд гаргахыг дэмжиж байгаа, гэхдээ...
Шинэ парламент анхныхаа төсвийн төслийг батлахаар хэлэлцэж байна. Гишүүд Засгийн газраас оруулж ирсэн Монгол Улсын 2013 оны төсвийн алдаа оноог нь дэнсэлж, хөрөнгө оруулалт, орлого, зарлагыг тооцон, санал бодлоо солилцсоор. Үүнээс гадна Засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор таван тэрбум ам.долларын бонд гаргахаар болсон. Гэвч задаргаагүй, юунд зарцуулах нь тодорхой бус гэсэн шүүмжлэл ч гарч байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-Засгийн газраас гаргах бондын асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Шинэчлэлийн Засгийн газар ард иргэддээ амласан зүйлээ, урдаа тавьсан зорилгоо хэрэгжүүлж, биелүүлэхэд зайлшгүй мөнгө хэрэгтэй. Ер нь, аль ч засгийн үед өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор хөрөнгө мөнгө гаргадаг байсан.
Өнөөдөр Монгол Улсын санхүү жаахан тиймэрхүү байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Энэ нь, ашигт малтмалын үнэ ханштай холбоотой. Тодруулбал, өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт саарсан тул экпортод гаргах манай бүтээгдэхүүний ханш унасан. Нөхцөл байдал ийм болсон тул урд нь төлөвлөж байсан хөрөнгө мөнгө орж ирэх боломжгүй боллоо. Тиймээс бонд гаргах хэлбэрээр хөрөнгө босгохоор тооцон оруулж ирсэн юм билээ.
-Юунд зарцуулах талаар?
-Сайшандын аж үйлдвэрийн парк, авто болон төмөр зам, цахилгаан станц гээд олон том бүтээн байгуулалт хөрөнгөгүйгээс эхэлж чадахгүй явна. Нэгэнт төлөвлөөд, зураг төслийг нь бэлэн болгочихсон маш том бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулахын тулд мэдээж хэрэг эх үүсвэр хэрэгтэй болчихоод байгаа юм. Ямар хөрөнгө мөнгө байхгүй гээд цаасаа бариад сууж байлтай биш.
-Дан ганц бонд гаргах замаар л хөрөнгө босгох нь оновчтой юу?
-Яахав эх үүсвэр олох цөөнгүй арга зам байгаа. Засгийн газар хөрөнгө босгох зорилгоор энэ удаад бонд гаргаж, дэлхийн зах зээл дээр худалдахаар оруулж ирсэн байна. Тэгэхээр тусгаар тогтносон улсын гүйцэтгэх засаглал гэдэг нь баталгаа болж өгнө. Мөн үүний цаана газрын доорхи асар их баялаг бий. Тиймээс эргүүлж төлөхгүй гэсэн айдас огт байхгүй болов уу. Ерөнхийдөө гадаадынхан асар их сонирхох нь гарцаагүй гэж бодож байна. Эхнээсээ санал ирж байгаа гэсэн сураг бий.
-Таван тэрбум ам.доллар гэдэг нь дээр дурдсан төслүүдийг хэрэгжүүлэхэд хангалттай хүрэлцэх үү?
-Энэ бол бага тоо биш. Капиталист ертөнцөд мөнгөний үнэлэмж хэвээр байгаа. Өр худалдах боломжтой гэсэн үг. Хэрэв бид зөв зохистой зүйлд зарцуулан эргүүлэн төлөх боломжоо сайн тодорхойлохгүй бол эргээд өр болж хувираад Монгол Улсын эдийн засагт дарамт үзүүлнэ. Тэгэхээр бондоо борлуулсны дараа зарцуулалтад нь онцгой анхаарал хандуулж, хяналт тавих нь зүйтэй. Мөн УИХ-аас бондын зарцуулалтад хяналт тавих дэд хороо байгуулах хэрэгтэй гэсэн санал гарч байгааг хувьдаа дэмждэг. Ер нь, эдийн засгийн үр өгөөжтэй, эргээд мөнгө үйлдвэрлэх тийм л салбар, бүтээн байгуулалт руу хөрөнгө оруулах нь илүү оновчтой байх.
-Энэхүү мөнгийг нэг дор бөөнөөр нь авах юм уу, эсвэл хувааж бага багаар нь оруулж ирэх үү гэдэг сонин байна?
-Одоогийн байдлаар бөөнөөр нь авна гэсэн зүйл алга. Үе шаттай, тодорхой нэг зүйлд зарцуулахад хэчнээн төгрөгийн бонд гаргах уу гэсэн зарчмаар явуулах юм. Өнөөдөр яригдаж байгаа нь 1.5 тэрбум ам.доллар. Үүнийг Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, төмөр замд зарцуулах нь зүйтэй гэж бодож суугаа.
-Бондоор босгох хөрөнгө юунд зарцуулагдах талаархи задаргаа нь алга гэсэн шүүмжлэл бий. Зөвхөн бүтээн байгуулалтын ажилд л зарцуулна гэсэн тойм төдий зүйл л яригдсаар?
-Тийм л дээ. Уг нь манай улсад тав байтугай тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа шүү дээ. Учир нь, хөгжлийн гараан дээр зогсчихсон, уруудах уу, өгсөх үү гээд харж байна. Энэ үед ийм хэмжээний хөрөнгө босгохоор оруулж ирсэн нь сайн хэрэг. Гишүүд үүнийг дэмжих болов уу. Гэвч задаргаагүй оруулж ирсэн нь гол дутагдал болоод байгаа хэрэг. Засгийн газраас энэ асуудлыг шийдэхийн тулд задаргааг нь оруулж ирэх байх. Гэхдээ таван тэрбумыг юунд зарцуулах вэ гэдэг талаар өргөн цар хүрээтэй хэлэлцүүлэг явуулж, иргэдийн саналыг ч асуух нь зүйтэй гэж бодож байна. Дан ганц Засгийн газрын хуралдаанаар гар өргөн шийдээд явах нь хэтэрхий явцуу хүрээнд, лоббитой, ашиг сонирхлын үүднээс шийдэгдэнэ. Мөн сонгон шалгаруулалтыг ч ил тод явуулах нь зүйтэй.
-Ирэх онд дэлхий нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямрал айлчлан ирнэ гээд байгаа. Гэтэл бид бонд гаргах тухай ярьж сууна. Гадаад улс, орнуудын санхүү хямралтай байхад манай гаргаж байгаа бондыг худалдан авах уу. Мөн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх тул уг хөрөнгөөр тийм ч их зүйл хийж чадахгүй гэх юм?
-Аль ч улсыг зээл авах, бонд гаргахад нь эдийн засгийн өсөлтийг нь хардаг. Манай эдийн засаг ирэх жилүүдэд өсөлттэй байх судалгааг яам тамгын газрынхан, эрдэмтэн судлаачид гаргасан байна лээ. Тэгэхээр өндөр өсөлттэй эдийн засагтай улс бонд гаргахаар авахгүй гэх улс ховор байх. Мэргэжилтнүүд ч өндөр эрсдэлтэй зүйл биш болохоор хэн ч татгалзахгүй гэж байгаа. Ер нь, евро бүсийн Грек, Испани Улстай адил хэмжээнд оччихсон улс биш шүү дээ. Бид чинь газар доороо баялагтай, түүнийгээ удахгүй эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэл ажлаа хангачихлаа. Тиймээс эдийн засаг нь доройтсон улсаас өрийн бичиг худалдан авч байснаас биднээс авах нь илүү найдвартай.
-Ер нь, хэрхэн төлөх вэ гэдэг сонирхол татаж байна?
-Үүнийг сайтар бодож төлөвлөх ёстой. Мэдээж хэрэг яаж өр болгохгүйгээр, эдийн засаг, төсөвтөө дарамт учруулахгүйгээр эргүүлэн төлөх вэ гэдгийг нарийн тунгаах нь зөв. Энэ талаар Засгийн газар ч тооцоо судалгаа хийсэн байж таараа. Тиймээс л бонд гаргахаар УИХ-д хандсан. Бидний зорьж байгаа томоохон бүтээн байгуулалт дуусч мөнгө үйлдвэрлээд эхэлбэл өрөө тодорхой хугацааны дараа төлчихнө. Харин валют үйлдвэрлэх салбарт оруулахгүй, үр ашиггүй зүйлд зарцуулбал ёстой эргээд дарамт болно шүү.