БНХАУ-тай хоёр хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Хуралдааныг МУ-ын шадар сайд М.Энхболд даргалав
2011.06.13

БНХАУ-тай хоёр хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Комисс ХII хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо. 

Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд,  Комиссын Монголын хэсгийн дарга М.Энхболд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг Хятадын Худалдааны яамны орлогч сайд, Комиссын Хятадын хэсгийн дарга Чэн Зянь нар тус тус тэргүүлж, хуралдааныг хамтран даргалав.

Хуралдаан харилцан итгэсэн, нөхөрсөг уур амьсгалд явагдаж, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр өргөн хүрээнд санал солилцон, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын ЭКСИМ банкны хооронд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын орон сууцны төсөл”, “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн худалдан авах төсөл”-ийн зээлийн тусгайлсан хэлэлцээрт тус тус гарын үсэг зурж, дараах асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэв. Үүнд:

Хоёр тал “БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох тухай Ерөнхий хэлэлцээр”-ийг ойрын үед байгуулж, зээлийг 2012 оноос ашиглаж эхлэх бүх нөхцөлийг бүрдүүлэхээр тохиролцов. 

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 30 сая юаний буцалтгүй тусламжийг олгосонд Монгол Улсын Засгийн газар талархлаа илэрхийлэв.

Монголын тал БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламжийн зарим хэсгийг “Их сургуулиудын хотхон” төслийн оюутны биеийн тамирын ордон, хичээлийн байрны барилгыг барихад ашиглах санал тавив. Хятадын тал энэхүү төслийн талаарх дэлгэрэнгүй төлөвлөгөөг Монголын талаас танилцуулсаны дараагаар уг саналыг судлан үзэж хариу өгөхөө илэрхийлэв.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Бээжин хот”-ын нэрэмжит гудамжийг тохижуулах ажлыг даруй эхлүүлэхээр хоёр тал санал нэгдэв.  
БНХАУ-ын Соёлын төв Улаанбаатар хотноо албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнд хоёр тал сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Хятадын тал Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан соёлын төв нээх тухай хэлэлцээрийн дагуу Монголын соёлын төвийг Бээжин хотноо байгуулах, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

БНХАУ-ын худалдан авагчийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөлд Хятадын талаас танилцуулсан компаниудын дунд нээлттэй тендер зарлахаар хоёр тал тохиролцов.

Хоёр тал хөрөнгө оруулалтын дотоодын бодлого тогтвортой, залгамж чанараа хадгалсан байх нь худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Энэ хүрээнд хамтын ажиллагааны харилцан ашигтай байх зарчмыг үндэслэн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайтар тооцож, хөрөнгө оруулалтыг харилцан дэмжиж, нөгөө талын иргэдийн амь нас болон хөрөнгийн аюулгүй байдлыг харилцан хамгаалахаа илэрхийлэв.

Хоёр улсын авто замын  салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайн салбарыг хариуцсан төрийн захиргааны байгууллагуудын хооронд шууд харилцаа тогтоохыг хоёр тал дэмжив.

Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг БНХАУ руу экспортлох болон түүгээр дамжуулан гуравдагч улс руу тээвэрлэхэд шаардлагатай төмөр зам, авто замын бүтээн байгуулалтыг хамтран дэмжиж ажиллахаар хоёр тал тохиролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 онд БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан Монгол Улсад  нүүрсний уурхай, цахилгаан станцын цогцолбор байгуулах тухай Санамж бичгийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэж нүүрсний уурхай, цахилгаан станцын цогцолбор барих төслийн хэлэлцээг эцэслэн дуусгаж хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх, бусад орд газрыг түшиглэн эрчим хүчний цогцолбор байгуулах 2, 3 дахь хувилбарыг судлахыг санал болгов. Хятадын тал Монголын талын саналыг судлахаа илэрхийлэв.   

Хоёр талын хооронд нүүрсний худалдаа эрс нэмэгдэж байгаатай уялдан нүүрс нийлүүлэх, хүлээн авах нөхцөл, үнэ, тээвэрлэлт, байгаль орчинтой холбогдсон асуудлыг ЗГХК, дэд комисс, Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны зөвлөл зэрэг одоогийн байнгын механизмийн хүрээнд шуурхай хэлэлцэж, улмаар хоёр талын хооронд нүүрсний худалдааг зохицуулах эрх зүйн орчинг сайжруулахаар хоёр тал тохиролцов. 

Хятадын тал Хятадын аж ахуйн нэгжүүд Тамсагийн газрын тосны орд, Гурван булагийн ураны орд, Тавантолгойн нүүрсний орд, Оюутолгойн зэсийн ордуудын ашиглалтад оролцуулахыг дэмжиж байгаагаа мэдэгдээд, Монголын талаас шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсэв. 

Гуравдагч орноос Монгол Улсын авах түүхий газрын тосыг БНХАУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд боловсруулж, түүнээс гаргасан газрын тосны бүтээгдэхүүнийг Монгол Улс руу экспортлох саналыг Монголын тал тавив. Энэ саналыг Хятадын тал судалж үзэхээр болов.
Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой Оюутолгой төслийг БНХАУ-аас импортоор авах цахилгаан эрчим хүчээр түр хангах асуудлыг Монголын тал санал болгов.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд цахилгаан эрчим хүч экспортлох, импортлох тухай ерөнхий хэлэлцээр байгуулах саналыг монголын тал тавив. Хятадын тал уг саналыг нарийвчлан судлахаа илэрхийлэв.  
Монгол малын махыг БНХАУ-д болон түүгээр дамжин бусад оронд экспортлох нөхцөлийг бүрдүүлэхэд хамтарч ажиллахыг Монголын тал хүсэв.  Хятадын тал уг асуудлыг анхаарч хоёр орны найрсаг харилцааны үүднээс шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд хоёр талын холбогдох байгууллагууд шаардлагатай баримт бичгүүдийг байгуулах болон хэлэлцэх ажлыг үргэлжлүүлэхээр хоёр тал тохиров. 

Монголын тал Монгол улсаас БНХАУ-д экспортлох нүүрсний зарим хэсгийг тухайлбал, жилд 2 сая орчим тонн нүүрсийг төмөр замаар, Замын-Үүд- Эрээний боомтоор дамжуулан тээвэрлэх санал тавив.

Хоёр тал төмөр замын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, төмөр замын боомтын нэвтрүүлэх хүчин чадал болон Монгол, Хятадын хооронд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэв. Энэ чиглэлээр хоёр талын холбогдох яамд үргэжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаар тохиров.  
Монголын тал Монгол улсаас БНХАУ-д экспортлох нүүрсний зарим хэсгийг тухайлбал, жилд 2 сая орчим тонн нүүрсийг төмөр замаар, Замын-Үүд- Эрээний боомтоор дамжуулан тээвэрлэх санал тавив. Хятадын тал уг асуудлыг холбогдох байгууллагадаа уламжлахаар болов.  

Монголын тал гуравдагч орноос Хятадын нутгаар дамжин тээвэрлэгдэж буй транзит, чингэлэгтэй ачаа Хятадын Тянжинь  хотын Синган боомтод удаан хугацаагаар саатаж байгааг мэдэгдээд, транзит ачааг түргэн шуурхай нэвтрүүлж байхыг хүсэв. Хятадын тал энэ асуудал нь Монголын Замын-Үүд боомтын ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадал дутмаг байгаатай холбоотой хэмээн мэдэгдэв.

Монгол, Хятадын хилийн зарим боомтод нүүрс тээвэрлэх туузан дамжуулга /конвейер/ байгуулах аж ахуйн нэгжүүдийн саналыг хоёр тал судалж үзэхээр тогтов. 

CAREC-ийн Төв Азийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр болон “Бүс нутгийн хамтын ажиллагааны стратеги ба техникийн тусалцааны 6370 тоот хөтөлбөр”-ийн хүрээнд хилийн болон гаалийн хамтарсан хяналтыг Гашуунсухайт-Ганц модны боомтод хэрэгжүүлж, цаашдаа Булган-Такешикэн боомтод хэрэгжүүлэх боломжийг судлахыг монголын тал санал болгов.  Хятадын тал холбогдох байгууллагадаа уламжлахаар болов.

Хятадын тал Монгол Улсын Засгийн газар Баянхошуу- Өвдөг боомтоор түүхий газрын тос тээвэрлэх гарцыг аль болох хурдан хугацаанд нээхийг санал болгов. Монголын тал идэвхтэй судалж үзэхээ илэрхийлэв.

Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал шаардлагатай байгаа “Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, БНХАУ-ын Иргэний хэргийн яам хоорондын гамшгийн үед хамтран ажиллах тухай Санамж бичиг” -ийг ойрын үед байгуулахаар тохиров.

Хоёр тал хятадын мэргэжилтэй ажиллах хүч Монгол Улсад хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон баримт бичиг байгуулах асуудлыг үргэлжлүүлэн судлахаар тохиров.

Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр,  Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын газар болон БНХАУ-ын Хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг /CIPA/-ийн хооронд хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар тогтов.

Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг монголын тал тавив. Хятадын тал асуудлыг холбогдох байгуулагадаа уламжилж, судлан үзэхээр болов.

Монголын тал Иргэний агаарын тээврийн тухай БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт хоёр талын иргэний агаарын тээврийн байгууллагууд 2006 онд тохиролцож оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ойрын хугацаанд дипломат шугамаар баталгаажуулах хүсэлт тавив. Хятадын тал энэ асуудлыг холбогдох байгууллагадаа уламжилахаар болов. 

Талууд хоёр улсын хооронд зэрлэг амьтан, ургамлын хууль ёсны худалдааг дэмжих бөгөөд ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг хууль бусаар хил давуулан худалдаалахыг таслан зогсоох  чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

Хоёр тал Хилийн усны хамтарсан комиссын шугамаар хилийн усны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг дэмжинэ.  

Хоёр тал тохиролцсон асуудлын хэрэгжилтийг хангахад хяналт тавьж ажиллан, хуралдааны хооронд хоёр талын ажлын хэсгийн уулзалт зохион байгуулж, харилцан мэдээлэл солилцох, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөлдөж байхаар санал нэгдэв.  

Тус Комиссын ээлжит ХIII хуралдааныг 2013 онд Бээжин хотноо зохион байгуулах, хэлэлцэх асуудал болон тодорхой товыг жич тохирохоор талууд тогтов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.