“Европ-Монголын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт” боллоо
“Европ-Монголын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт” Лондон хотод 12 дугаар сарын 3-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын Засгийн газар санаачлан хэрэгжүүлж, Лондонд төвтэй Европын сэргээн босголт, хөгжлийн банкны идэвхтэй оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд нийт 250 орчим европ, монголын төлөөлөгч оролцов.
Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцсон монголын төлөөлөгчдийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт ахалсан бөгөөд УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Монгол, Британийн Парламентын бүлгийн дарга Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Х.Жекей, Д.Хаянхярваа нар оролцож, Монгол Улсад хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийн талаар мэдээлэв.
Чуулга уулзалт “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын боломжууд” гэсэн нэгдсэн хуралдаанаар эхэлж, “Монгол Улсын эдийн засгийн тойм, Монгол Улсын эдийн засагт дэлхийн эдийн засгийн хямралын үзүүлэх нөлөө”, “Монгол Улс, түүний эдийн засгийн өнөөгийн байдалд хэрэгжүүлж буй ЕСБХБанкны стратеги”, “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин” гэсэн гурван илтгэл хэлэлцүүлж, “Эдийн засаг ба хөрөнгө оруулалтын боломжууд”, “Хөрөнгийн зах зээлийн хөгжил”, “Уул уурхай, эрчим хүч”, “Дэд бүтэц” гэсэн дөрвөн хэлэлцүүлэг зохион явуулав.
Чуулга уулзалтыг хааж хэлсэн үгэндээ сайд Д.Зоригт эл арга хэмжээний уулзалтын ач холбогдлыг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж буйг тэмдэглээд жил бүр зохион байгуулахыг арга хэмжээг зохион байгуулагчид болон оролцогчдод хандаж уриалав.
СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2009 оны 12 дугаар сарын 3