Тогтвортой орчин бизнесийн зөв шийдэлд хүргэдэг
Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ын дарга Б.Бямбасайхан
2016.09.01

Тогтвортой орчин бизнесийн зөв шийдэлд хүргэдэг

Өчигдөр Монголын Бизнесийн зөвлөлийн ээлжит сарын хурал боллоо. Энэ үеэр тус зөвлөлийн ТУЗ-ын дарга Б.Бямбасайхантай хэдэн хором ярилцсанаа хүргэж байна. 

Бизнесийн зөвлөлийн гишүүд сар бүр ямар зорилгоор хуралддаг вэ?

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын үед аливаа компанид зөв шийдвэр гаргахад мэдээлэл хамгийн чухал байдаг. Бизнесийн зөв шийдэл гаргахын тулд нэг компани дотроо шийдэх бус бизнесүүд хоорондоо уулзаж, ярилцаж, хэлэлцэх нь илүү үр дүнтэй байдаг.

...Бизнесүүд хоорондоо найрсаг харилцаатай байх нь чухал... 

Энэ ч үүднээс Монголын Бизнесийн Зөвлөл сар бүр гишүүддээ хоорондоо уулзаж, ярилцах боломж олгодог.

Өнөөдрийн нөхцөл байдал бизнес эрхлэгчид ямар үнэлэлт, дүгнэлт өгч байна вэ?

Компаниуд зардлаа танах тал дээр анхаарч байна. Нөгөө талаас, хууль эрх зүйн орчин, макро эдийн засгийн орчин, татварын орчин тогтвортой байдлыг хангах талаар бизнесүүд дуу хоолойгоо хүргэж байна.

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын үед аливаа компанид зөв шийдвэр гаргахад мэдээлэл хамгийн чухал байдаг.

Тогтвортой орчин бүрдсэн тохиолдолд түүнтэй уялдсан бизнесийн зөв шийдэл гаргаад явах боломж бүрдэнэ. Ингэснээр өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл байдлыг хамтын чармайлтаар даван туулах бүрэн боломжтой.

Өнөөдрийн Бизнесийн зөвлөлийн хуралд уригдсан экспертүүд ямар асуудал хэлэлцүүлж байна?

Өнгөрсөн 4 дүгээр сарын 21-нд манай зөвлөл бүх гишүүн байгууллагуудаа оролцуулсан анхдугаар чуулган зохион байгуулсан. Анхдугаар чуулганаар бизнесүүдийг дэмжих, хөрөнгө оруулалт татахад ямар ямар асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй вэ гэдгийг хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрсэн. Энэ бүхнээ эмхэтгэж, саналын хураангуй хэвлэн УИХ, Засгийн газарт хүргүүлсэн.

Энэхүү саналын хураангуйд дурдсан асуудлаар болоод шинэ бүрэлдсэн УИХ, Засгийн газрын гаргаж буй шийдвэрүүд, улс орноо хөгжүүлэхэд цаашид юун дээрээ анхаарах вэ гэсэн асуудлаар экспертүүд бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцож байна.