Н.Алгаа: “Дисковер Монголиа”-д оролцох сонирхолтой хөрөнгө оруулагчид бага байна
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа
2013.08.28

Н.Алгаа: “Дисковер Монголиа”-д оролцох сонирхолтой хөрөнгө оруулагчид бага байна

Уул уурхайн салбар дахь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон шийдвэр гаргах түвшнийхнийг нэг дор уулзуулдаг “Дисковер Монголиа" ирэх сард болох гэж байна.

Уг арга хэмжээний талаар Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаагаас тодрууллаа.

-Өмнөх жилийн "Дисковер Монголиа” оролцогч ихтэй байсан. Энэ онд яахаар байна?

-Оролцогчийн тоо өмнөх жилүүдээс хамгийн бага хэмжээнд очих нь бараг л тодорхой болчихлоо. Чуулга уулзалтын үеэр болдог үзэсгэлэн гэхэд л 50-60 хувийн дүүргэлттэй байх болов уу гэсэн таамаг байна.

-Яагаад ерөнхий ивээн тэтгэгчгүй байгаа юм бэ?

-Мөнгөгүй гэсэн ганцхан шалтгаанаар энэ жилийн арга хэмжээ ерөнхий ивээн тэтгэгчгүйгээр явагдах болж байна.

-Гаднаас шинжээч урьж илтгэл тавиулах уу?

-Гаднаас шинжээч, судлаач урихгүй. Танай улс ч болохоо байчихлаа гэж хэн хэлэх вэ дээ. Гол илтгэлүүдийг монголчуудаар өөрсдөөр нь бэлдүүлэх гэж байна. Яамны хувьд нээлтийн үгийг хэлнэ. Салбарын яамнаасаа албан ёсны дэмжигчээр оролцооч гэж хүссэн. Зөвшөөрсөн хариу өгөөд байна.

-Манайд хөрөнгө оруулах сонирхолтой гадныхан хэр ирэх бол?

-Яг одоогийн нөхцөлд тийм сонирхолтой хүн ховор байна. Монголын зөвлөх компаниуд ч ингэж хэлж байна. Хөрөнгө оруулагчдад Монголын талаар ярих гэхээр итгэлгүй хандаж байгаа гэсэн.

-Хөрөнгө оруулалтын орчин муудаж, эдийн засгийн өсөлт саарч байгаа нь нөгөө талаасаа дэлхийн эдийн засаг ерөнхийдөө таагүй байгаатай холбоотой гэсэн тайлбар бий. Яг нарийн шалтгааныг нь хувилаад гаргаад ирсэн юм байна уу?

-Ноднин жилээс эхлээд нөхцөл байдал хүндэрсэн. Үүнийг судлаачид хоёр янзаар харж байгаа юм билээ. Дотоод хүчин зүйлийн нөлөө 70 хувь, дэлхийн эдийн засаг гэсэн гадаад хүчин зүйлийн нөлөө 30 хувь гэж тооцсон байсан.

Мөнгөгүй гэсэн ганцхан шалтгаанаар энэ жилийн арга хэмжээ ерөнхий ивээн тэтгэгчгүй явагдах болж байна.

Дэлхийн уул уурхайн салбар сайн биш байгаа ч Монголд сүүлийн хоёр жилийн дотор хөрөнгө оруулалтыг үргээхээр гурав, дөрвөн маш том үйл явдал өрнөсөн шүү дээ.

-Тэгэхээр нөхцөл байдалтай холбоотойгоор “Дисковер Монголиа” ч өөр хэлбэрээр зохион байгуулагдах нь ээ?

-Тэгнэ. Өмнөх жилүүдэд нийт арга хэмжээний 70-80 хувьд илтгэл явдаг байсан. Харин энэ жил хэлбэрээ эвдэх гэж байгаа. Хөрөнгө оруулалт, бизнес, уул уурхайнхаа эрх зүйн орчныг яаж тогтвортой болгох вэ,

дэд бүтцээ яаж сайжруулах вэ, хүний нөөцөө шийдэх ямар боломж байна гэх мэт анхаарал татсан асуудлаар иргэний нийгэм, Засгийн газар, хувийн хэвшлийнхэн сууж байгаад ярилцана. Санал бодлоо солилцоно.

Эцэст нь нэгдмэл ойлголтод хүрсэн зөвшилцөл, санал бодлоо зөвлөмж хэлбэрээр Засгийн газар болон олон нийтэд хүргэх чиг барьж ажиллана. Алдагдчихаад байгаа итгэлийг яаж бий болгох вэ, эерэг зүг рүү нь эргүүлэх ямар боломж байна гэдэг дээр анхаарлаа түлхүү хандуулна.