Б.Гарамгайбаатар: Сайдуудад хариуцлага тооцохыг ардчилсан нам өөрөө санаачилж, хийх ёстой
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар
2013.08.27

Б.Гарамгайбаатар: Сайдуудад хариуцлага тооцохыг ардчилсан нам өөрөө санаачилж, хийх ёстой

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг дэмжих арга хэмжээний тухай тогтоолын төслийг таны ахалж байгаа ажлын хэсэг боловсруулсан. Ажлын хэсэг төсөлдөө Засгийн газрын саналыг авахаар хүргүүлсэн гэсэн. Төсөлд хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг хэрхэн бүрдүүлэх талаар тусгасан бэ?

-УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин хөгжлийн явц байдалд дүн шинжилгээ өгөх ажлын хэсгийг байгуулсан юм. Мөн энэ талаар цаашид баримтлах чиг хандлага, авч хэрэгжүүлэх арга замын талаар материал бэлдээч ээ гэсэн. Ажлын хэсэгт бүх намын төлөөлөл багтсан, нэлээн өргөн хүрээнд байгуулагдсан.

Ажлын хэсэг ажиллаад, хаврын чуулган завсарлах үед төслөө бэлэн болгоод намрын чуулганд өргөн барихаар төлөвлөж байсан юм. Засгийн газрын саналыг авахаар сая өгөөд байна. Үндсэндээ гол агуулга нь Монгол орны эдийн засгийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсэн,

юунд анхаарах ёстой, ямар хууль зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй, цаашдаа ямар бодлого баримтлах вэ гэдэг чиглэлээр гаргасан дүгнэлт Засгийн газар судалж үзнэ. Ээлжит бус чуулган хуралдвал Засгийн газраас эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдсон төсөл өргөн барих гэж байгаа. Түүнтэйгээ уялдуулах байх гэж бодож байна.

Манай улс цаашид ямар чиг хандлагыг баримтлах ёстой гэж ажлын хэсэг үзсэн бэ?

-Нэгдүгээрт, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг ёсчлон биелүүлэх ёстой юм. Хоёрдугаарт, эдийн засгийн гадаад хөрөнгө оруулалтын чиглэлийн хуулиудыг яаралтай өөрчлөх ёстой. Тэр дундаа одоо Засгийн газар дээр хэлэлцээд, өргөн барихад бэлэн болж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль байна.

Мэдээж хэрэг гарч байгаа хуулиуд гадаад дотоод ялгаагүй хөрөнгө оруулагчдын ажиллах таатай орчныг хангасан байх ёстой. Эдгээр асуудлууд зайлшгүй гэж үзэж байна. Мөн Монгол улс ганцхан уул уурхайг шүтэж амьдраад байхуу, эсвэл өөр бусад салбарыг хөгжүүлэх боломж байна уу гэдгийг судаллаа.

Уул уурхайгаас гадна шинэчлэлийн Засгийн газрын  мөрийн хөтөлбөрт орсон солонгоруулах зарчмаа баримтлах санаануудыг бид өгсөн. Энэ дагуу татварын орчны, хөрөнгө оруулалтын гэх мэт хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдгийг мөн хавсралтаар өгсөн байгаа.

-Манай эдийн засгийн байдал хүнд байгааг бүгд хүлээн зөвшөөрч байна. Таны бодлоор бид яагаад ийм байдалд хүрчихэв?

-Мэдээж хэрэг манайд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан. Тэдэнд үйлчилж байгаа хууль шаардлага хангахгүй байсан учраас манайхаас хөрөнгөө татаж авсан. Дээрээс нь Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нэлээд нөлөөлсөн.

Энэ бүхний нөлөөгөөр хуулиудыг шинэчилж гаргасан боловч түүнийг хэрэгжүүлэх журмууд нь гарахгүй явсаар хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхээ больсон. Хоёрдугаарт “Оюутолгой", “Чалко”-г тойрсон асуудлууд нөлөөлсөн.

Энэ бүхэн гадаадын хөрөнгө оруулалтыг тодорхой түвшинд саатуулах, эсвэл бүр зогсоосонтой холбоотой. Мөн нэг том ноцтой алдаа бол Засгийн газрын мэргэжлийн яамдын боловсон хүчний бодлого шаардлагын түвшинд үнэхээр хүрч чадахгүй байна.

-Яамдад мэргэжлийн хүмүүс байхгүй байна гэсэн үг үү?

-Тийм. Мэргэжлийн хүмүүс нь тэр яамдад байхгүй байгаа учраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Энэ бол онцгой нөлөөлсөн. Мөн өмнөх Засгийн газрын үед байсан бэлэнчлэх сэтгэлгээ ч нөлөөлсөн. Гэхдээ түүнийг нь бид засч залруулах үүрэгтэй ажиллаж байгаа. Боловсон хүчний бодлого салбарын яамдууд дээр алдагдсан гэдэг нь тодорхой харагдаад байгаа юм.

Жишээлбэл яг тэр мэргэжлийн биш сайд, Төрийн нарийн бичгийн дарга, тэдний дор ажиллаж байгаа агентлаг, газрын дарга нар байна. Яам гэдэг бол Монгол Улсын тухайн салбар дахь бодлогыг тооцож, төлөвлөдөг болохоос гүйцэтгэх буюу аж ахуйн талын ажил хийдэг хүмүүс биш байхгүй юу.

Нэг том ноцтой алдаа бол Засгийн газрын мэргэжлийн яамдын боловсон хүчний бодлого шаардлагын түвшинд үнэхээр хүрч чадахгүй байна.

Гэтэл өнөөдөр манай яамд дандаа аж ахуйн ажилтай зууралдаж байгаа нь энд бодлогын алдаа байна гэдгийг харуулж байгаа юм. Миний хувьд 1996 оны яамдын бүтэц хамгийн оновчтой байж гэж боддог. Яагаад гэвэл тухайн үед бодлогын яамд гэж алийг нь хэлэх вэ, мөн түүнийг хэрэгжүүлэгч агентлагуудтай байсан. Энэ бол аль ч оронд байдаг түгээмэл стандарт.

Хэрэгжүүлэгч агентлагийг алга болгосноороо маш олон ажлыг бодлогын яам дээр аваачиж наасан. Тэр аж ахуйн асуудалтайгаа яам нь зууралддагаас болоод энэ олон алдаа гарч ирээд байгаа юм. Тухайлбал Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам гэж байгуулангуутаа бүх асуудлыг авааччихсан. Тус яам бараг бүх яамдуудын хийдэг ажлыг гүйцэтгэдэг юм шиг болчихсон.

Эдийн засгийн хөгжлийн яам Монгол орны ирээдүйн хөгжлийн тооцоо, судалгааг хийх ёстой. Сангийн яам Монгол Улсын төсөвт хаанаас яаж мөнгө оруулах болон эргээд зарцуулалтад хяналт тавина. Гэтэл эдгээр чиглэл нь өнөөдрийг хүртэл ойлголцохгүй, нэг харахад ажил эхлээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг харагдаад байгаа юм. Энэ бол боловсон хүчний бодлого алдагджээ гэдгийг л харуулж байна.

-Ирэх сарын дундуур нэгдсэн чуулган хуралдах гэж байна. Хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэх бол?

-Ээлжит бус чуулганы урьдчилсан тов яриад байгаагаас биш яг шийдвэр гараагүй байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаагүй. Хэрэв хуралддаг юм бол орж ирэх эхний асуудал нь бидний боловсруулсан дээрх тогтоолын төсөл. Хоёрдугаарт, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг оруулж ирэх асуудал яригдаж байгаа.

Гэхдээ Хөрөнгө оруулалтын тухай хууль ээлжит бус чуулганаар долоохон хоног хэлэлцээд гаргадаг асуудал биш. Урт хугацаанд үргэлжлүүлээд ярих ёстой юм. Ер нь гэнэт нэг зүйл оруулж ирээд, УИХ-аар батлуулах гэж оролддог нь бидний алдаа.

УИХ хууль тогтоох дээд байгууллагын  хувьд парламентаар хэлэлцэж байгаа асуудлыг амьдралд нийцэх эсэхийг сайн ярьж, тодорхой хугацаанд гаргадаг байх ёстой. Түүнээс биш өнөөдөр оруулж ирээд маргааш баталж таарахгүй. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг долоохон хоногийн дотор хэлэлцээд баталлаа гэхэд, гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй.

Түүнийг мөрдөх хугацаа, журмууд нь хэзээ гарах вэ гэх мэт хугацаа хэрэгтэй. Тиймээс хуулийг түүхий гаргадаг гашуун туршлагаа засах ёстой юм. Нэгдсэн чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хууль орж ирэх ч, намрын чуулганаар үргэлжлүүлээд хэлэлцэх ёстой гэсэн чиглэл харагдаад байна.

-Улсын төсөв 1.5 их наяд төгрөгөөр дутаж байгаа. Ээлжит бусаар биш юм аа гэхэд намрын чуулганаар төсвийн тодотгол хийх болов уу?

-Төсвийн бүрдэлт 1.5 их наяд орчмоор тасарч байх шиг байна. Үүнийг яаж нөхөх вэ гэдэг асуудал гарна. Засгийн газар одоогийн байдлаар төсөвт тодотгол хийх эсэх асуудлыг оруулж ирээгүй байна. Дотроо зохицуулалт хийгээд болно гэж үзэж байна уу, эсвэл УИХ-аар төсвийн тодотгол хийлгэх үү гэдэг Засгийн газрын асуудал.

Гэхдээ зайлшгүй дутагдал үүсч байгаа ньүнэн.Хэрэв тодотголын асуудал орж ирээд хэлэлцвэл, дутагдаж байгаа эх үүсвэрийг яаж нөхөх вэ гэдэг шийдвэрээ УИХ гаргана. Хамгийн гол нь УИХ-аас гаргасан манай ажлын хэсгийн боловсруулсан тогтоолын төслийг Засгийн газар хэр хүлээж авав гэдгээс шалтгаалж дараагийн алхмууд хийгдэж таарах байх.

-Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үе үеийн ҮАБЗ- ийн гишүүдтэй уулзаж, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах талаар санал солилцсон. Тус хуралдаанаас зөвлөмж гарсан болов уу. Та бүхэнд мэдэгдсэн зүйл байна уу?

-Миний ойлгосноор одоогоор зөвлөмж гараагүй. Гэхдээ гарч магадгүй. Эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа нь тодорхой. Тодорхой хүндрэл үүсээд эхэллээ, үүнийг яаралтай эрүүлжүүлэх арга замуудыг авах шаардлага байгаа учраас Ерөнхийлөгч үе үеийн ҮАБЗ-ийн гишүүдтэй санал солилцсон байх.

УИХ ч гэсэн тэр дагуу өөрсдийн ажлын хэсгийн дагуу гаргасан санал, дүгнэлтээ Засгийн газарт өгнө. Тэр дагуу Засгийн газар ажиллаж, өөрсдийнхөө асуудлыг оруулж ирэх байх. Гэхдээ манай эдийн засгийн нөхцөл байдал сайн байхгүй гэдэг нь тодорхой.

Хэдийгээр 11.3 хувийн өсөлттэй гээд байгаа боловч бодит амьдрал дээр ямар байна вэ гэхээр бас л өөр харагдана. Статистикийн үзүүлэлтийг ямар өнцгөөс харж байна гэдэг өөрөө асуудал. Үндсэндээ ажилгүйчүүд нэмэгдчихээд байна. Сая “Оюутолгой” компани 1700 хүн халсан.

Тэд бол үндсэндээ гүний уурхайд бэлтгэгдсэн боловсон хүчин. Тэр улсууд ажилгүй болоод дахин гүний уурхай бэлэн болтол хаана ажиллах вэ гэдэг асуудал босно. Эдгээр 1700 хүн бол жирийн туслах ажилчин биш. Гүний уурхайд зориулж бэлтгэсэн, тусгай хүмүүс гэж би ойлгож байгаа.

-Оюутолгойн асуудлыг манай Засгийн газар яаж шийдэх ёстой юм бол. Удахгүй Уул уурхайн сайд Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Лондон руу явж Рио Тинто компанитай ярилцахаар болж байх шиг байна. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Оюутолгойн асуудалд тодорхой хариулт өгөхгүй байна. Гэвч дээрх 1700 хүнийг ажлаас халснаас эхлээд, Оюутолгойн тодорхойгүй байдлаас болж манайд мэдрэгдэх дарамт нь ихсээд байх шиг?

-Шулуухан хэлэхэд тэр ажлыг хийх гэж л энэ хүмүүс сайд болсон биз дээ. Сайд болохдоо амлалт өгсөн. “Хариуцаж байгаа салбараа асуудалгүйгээр авч явж чадна” гэсэн амлалт өгсөн. Тиймээс Засгийн газрын бүхэл бүтэн дөрвөн сайдыг багтаасан ажлын хэсэг Оюутолгойтой тодорхой түвшинд тохиролцохоор байгуулагдсан.

Байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн, харамсалтай нь асуудал нэг талдаа шийдэгдээгүй байна. Тиймээс дээрх сайдууд уучлалт хүсээд ажлаа өгөх ёстой. Шулуухан нь л энэ. Манайд олон жилийн өмнөөс муухай зарчим тогтчихоод байна. Юу ч болж байсан сайд байж л байдаг. Энэ байдал хэвшмэл болсны гай өнөөдөр гарч ирж байна.

Уг нь “Би тэр ажлыг хийж чадна, намайг сайдаар томил. Би хариуд нь улс орныг хөгжүүлж, Оюутолгойтой харилцаж чадна” гэсэн. УИХ тэр итгэлийг нь үзүүлсэн. Тухайн сайд ч тодорхой хугацаанд ажилласан. Гэхдээ нэг жилийн хугацаанд үр дүн гарсангүй. Ийм хүмүүс яах ёстой вэ гэдэг нь тодорхой.

-Гэвч салбарын сайд биш “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Ц.Сэдванчиг хариуцлага хүлээгээд ажлаа өгчихлөө?

-Ц.Сэдванчигийг яаж халагдсаныг би мэдэхгүй. Тэр бол Засгийн газрын асуудал. Гэхдээ ажиглаад байхад миний дээр хэлсэнчлэн яамны сайд бодаогоо л барих ёстой. Харин хэрэгжүүлдэг хүмүүс нь тусдаа байх ёстой юм.

Гэтэл өнөөдөр өөрсдөө хэрэгжүүлэгч болчихоод яваад байгаагийн гай нь энэ. Тэгээд ажил нь бүтэхээ больчихоор ажил хийж байгаа хүмүүстээ буруу өгөөд байгаа нь эмгэнэлтэй. Өөрсдийгөө аварч, албан тушаалаа хадгалж үлдэх ажиллагаа явуулаад байна шүү дээ.

Энэ нь гаднаас харахад маш муухай сэтгэгдэл төрүүлж байна. Ажил хийнэ гэж гарсан бол хийх л ёстой. Зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбоно гэсэн, бодит байдал дээр гурав нь тасарч байгаа. Тавин хувийн биелэлттэй бол яах ёстой вэ гэдэг асуудал байгаа.

-Та энэ байр сууриа намрын чуулган эхлэх үед бүлэг дээрээ хэлэх үү. Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох эсэх нь эрх барьж буй намын бүлгээс ихээхэн хамаарах байх?

-Мэдээж бүлэг хуралдаад ирэхээр яригдах байх. Ардчилсан нам ийм асуудлыг гаргаж ирэх шаардлагатай. Түүнээс биш “Засгийн газрыг хэвийн ажиллуулах ёстой, тогтвортой байдлыг нь хангана” гэх байдлаар ярьж болохгүй. Ардчилсан нам өөрөө энэ асуудлаа санаачилж, хийх ёстой. Яагаад гэвэл Ардчилсан нам МАН биш.

Тиймээс бид хийх ёстой. 2004 оноос эхлээд манай парламент УИХ биш болсон. Монгол Улс парламентын засаглалтай. Парламентын засаглалтай орны гол шийдвэрийг УИХ гаргана. Гэтэл өөрийнхөө шинж чанарыг алдсан, дотроосоо олон сайдуудыг томилсноос болоод УИХ сонгодог хэлбэрээ алдсан.

Ганцхан Засгийн газар бүх эрх мэдлийг авч, хэрэгжүүлдэг юм шиг болчихсон. Үүнийг одоогийн УИХ-ын дарга засах байх гэж найдаж байна. Мэдээж хэрэг байнгын хорооны дарга нар энэ асуудлыг нэлээн ярилцаж байна. Ирэх намрын чуулган дээр УИХ өөрийнхөө ажлыг цэгцлэх байх.