Г.Баярсайхан: Монголыг популизм хордуулж байна
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханыг урилаа.
Эрхэм гишүүн хаврын чуулганы хуралдаанд “Ерөнхий сайд аа, намар тантай хариуцлагын асуудал ярина шүү. Хэрэв энэ олон төсөл, хөтөлбөр чинь хэрэгжилтийн явцын шаардлага хангахгүй, эдийн засаг унах юм бол өөртэй чинь хатуу ярина” хэмээн байр сууриа илэрхийлж байсныг уншигчид санаж байгаа нь лавтай.
Тэгвэл өнөөгийн нөхцөл байдал, улс төр, эдийн засгийн асуудлыг тэрээр ингэж дүгнэж байна.
-Эдийн засгийн хямрал бодитой нүүрлэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс эхлээд холбогдох газрууд дор бүрдээ хурал, зөвлөгөөн хийгээд эхэлсэн. Хэдийгээр УИХ-ын чуулган завсарласан ч төрийн түшээд энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Гишүүд бүгд мэдээлэлтэй байгаа. Байнгын хорооны ажлын шугамаар ч гэсэн УИХ-ын даргатай байнга холбогдож мэдээлэл авч байна. Холбогдох албан тушаалтнуудаас тал бүрийн мэдээллийг цуглуулж байна. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Монголбанкинд очиж уулзалт хийж, бодит мэдээллүүдийг авсан. Хаалттай мэдээллүүдийг ч бас авсан.
-Тэгвэл та үүсээд байгаа нөхцөл байдалд ямар дүгнэлт хийж байна. Ялангуяа эдийн засгийн өнөөгийн байдалд?
-Өнөөдөр хүнээр бол манай эдийн засгийн даралт нь буучихсан байна. Судсаар нь эргэлдэж буй цусны хэмжээ багасчихаж. Хамгийн гол нь тархи руу очиж байдаг гүрээний судсыг “боомилсон” байна гэж хэлмээр байна. Хүний бие организмтай зүйрлэж хэлэхэд ийм л дүр төрхтэй болчихоод байгаа.
Үүнийг задлаад хэлэх юм бол өнөөгийн улс төрд богино зайн улс төр популизм хэрээс хэтэрсэн. Нэгэнт улс төр явж байгаа учраас тийм зүйл байж болох ч байх ёстой хэмжээнээсээ давснаар Монголын улс төрийг хорт хавдар шиг, хэрэн сүлжсэн байна.
Энэ нь эцэстээ хэнд ашигтайгаар эргэж байна вэ гэвэл популист улстөрчдөд ашигтай, хэнд хортой тусч байна гэхээр жирийн малчин, ажилчин, таксины жолооч, ард түмэнд хүнд тусч байна. Тэгэхээр бид энэ байдлаа ний нуугүй ярих хэрэгтэй. “Хаан шалдан байна” гэдэг шиг манай улстөрчид өөрсдийгөө эргэн харж, дүгнэлт хийх цаг болсон.
-Богино зайн улс төр буюу популизмын бодит жишээнд та юуг онцлох вэ?
-Популизмын тухай ярих юм бол манай УИХ-аас баталж гаргасан хуулиудын заримаас популизмын өнгө, аяс үнэртэж байгаа. Тэр нь явсаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Их хурлаас хориглосон, хязгаарласан агуулгатай хууль олныг гаргалаа.
Бид улсаа, хөгжлийн бодлогоо хурд хүчээ аван гараанаас гарч буй хурдан соёолонтой зүйрлэж болно шүү дээ. Гэтэл тушаа, чөдөр болох зүйл замд нь олон таарч байгаа. Түүнийг тэрхүү морийг унаж яваа хүмүүс өөрсдөө хийж байна. Тухайлбал, стратегийн салбарт хөрөнгө оруулалтыг хязгаарлах агуулга бүхий хууль тэр чигээрээ популизм үнэртэж байгаа.
Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын диваажин байх ёстой. Үүдээ цэлийтэл нээж өгөх ёстой, бид. Өнөөдөр Бирм гэхэд нэр нь тэр бүр дуулддаггүй улс байсан. Диктатуртай, ямар ч ардчилалгүй. Гэтэл тэд чөлөөт сонгууль явууллаа, эдийн засгаа либералчилж байна.
Бидний 20 жил хийсэн алмыг т.эд хоёрхон жилийн дотор хийчихэж байна. Тэгэхээр бид өөрсдөдөө дүгнэлт хийе. Хоол давсгүй бол амтгүй. гэдэг шиг популизм тодорхой хэмжээнд байна, байх ч ёстой. Гэхдээ Их хурлынхаа төвшинд популист хууль баталж гаргатал явна гэдэг арай дэндэж байна.
-Эдийн засгийн хямралын асуудал ярьж буй талууд уул уурхайн салбарыг ихээхэн онцолж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Уул уурхайн салбар яалт ч үгүй Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгүүр. Хэн ч үүнтэй маргахгүй байх. Гол авч яваа энэ зүтгүүрээ бидний нэг нь очиж түлш шатахуун өгдөг крантыг нь хаачих юм, нөгөөх нь очоод эрэг боолтыг нь суллачих жишээтэй.
Энэ мэтээр бүгд саад тотгор хийдэг. Тэгэхээр өнөөдөр эдийн засаг маань элгээрээ хэвтэх нь зүй ёсны юм. Манайхан бүх лиценз олголтоо хориглочихсон. Их хурлаас хууль гаргасан. Үүнийг би оновчтой гарц биш гэж бодож байна.
-Яагаад. Манайхан лиценз зарагдлаа гээд л бөөн юм болдог. Түүнээс сэргийлсэн юм биш үү?
-Тэр чинь эдийн засгийн эргэлтэд орж буй нэг хэлбэр шүү дээ. Тэр газрыг манай газар нутгаас цаас зүсч байгаа юм шиг огтолж таслаад хэн ч аваад явчихгүй. Өнөөдөр бид байгаль орчны сүйрэл, экологийн доройтол гэж их ярьдаг. Гэтэл экологийн сүйрэл гэж яг юу вэ. Миний томъёоллоор бол ядуурал гэдэг өөрөө хамгийн том экологийн сүйрэл.
Түүхэнд анх удаа хамгийн том данхгар толгойтой Засгийн газартай боллоо.
Тиймээс бид ядуурлаас гарах, мөнгөжих хэрэгтэй байна. Улс, орноо мөнгөжүүлэх хэрэгтэй байна. Үүний үндэс суурийг бодоод үзье. Жишээ нь төмөр зам гэхэд бид өргөн, нарийн царигийн алийг ч дэмжих хэрэгтэй. Хойшоо өргөн, урагшаа нарийн царигтай төмөр замаа тавья. Хил дээр дамжуулах төхөөрөмж барина гэж байгаа.
Нэг тонн ачаанд гурван ам.доллар гэж ярьж байна. Тэр чинь Монголын ард түмний мөнгө шүү дээ. Тиймээс ачаа ачлаа шууд урагшаа гаргаж байх ёстой, дунд нь ямар нэгэн асуудал байх хэрэггүй. Засгийн газар хоёр өдрийн өмнө хуралдаж шийдвэрээ гаргаж байх шиг байна, зөвхөн Монголын боомтоос цааш хил даваад гарах асуудлаар.
Энэ мэдээж сайн хэрэг. Гэхдээ энэ шийдлийг Засгийн газар байгуулагдсан эхний хуралдаанаас гаргах ёстой байсан юм. Гэтэл бүтэн жил алдлаа. Ийм мэдрэмжгүй, улс төрийн бодлогоо тууштай барьж чаддаггүй, улс төрийн зориг шийдэл гаргаж чаддаггүй Засгийн газар байна. Сайд нар нь болохоор аль нэг хөршийн нөлөөнд шууд орчихдог.
Тэгээд өргөн төмөр зам хэрэгтэй гэж яваад байдаг. Өргөн төмөр зам нь Монголын өнөөгийн эдийн засгийн нөхцөлд тохирохгүй. Бид өнөөдөр үндсэндээ морин тэргээр нүүрсээ зөөж байна шүү дээ. Би тэнд нүүрс зөөдөг ачааны машинуудыг морин тэрэгтэй зүйрлэж байгаа юм.
Нүүрсээ арай ядан экспортолж, ард түмний мөнгө, татвар түрээсийг эргүүлээд түүнийг зөөж. байгаа машины түлш шатахуунд шатаачихаж байна шүү дээ. Тэгэхээр зүй нь богино хугацаанд их хэмжээгээр нүүрс гаргах тэр гарцыг д хамгийн түрүүнд харах ёстой.
-Нүүрсний замд геополитикийн асуудлыг харгалзаж байна гэж улстөрчид их ярьдаг. Тэр нь ямар байх ёстой вэ, таны бодлоор?
-Манайхан геополитик гэж ярихаас илүүтэй гео эдийн засгийн тухай түлхүү ярих ёстой. Төмөр замаар танк ачаад ороод ирнэ гэж айлгаад байдаг. Орчин үеийн дайн нисгэгчгүй онгоц явуулаад пуужин харвадаг, ширээний ард дэлгэц харж сууж байгаад товч дардаг болчихсон. Тийм л байгаа шүү дээ. Гэтэл бид өнгөрсөн зууны юм яриад сууж байдаг.
Бид “Арева”-г явуулж, ажлыг нь хийлгэх ёстой.
Хамгийн гол нь бид асуудалд бодитой хандъя. Энэ л чухал. Монголд хөрөнгө оруулж болох, үр ашиг авч болох бүх салбарт хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Стратеги энэ тэр гэж хориод байх шаардлага байхгүй. Тэртэй тэргүй дэлхий нэг хавтгай болчихсон байна.
Манай улс шар нунтаг олборлох гэж байгаа. Ураны хайгуул хийж байна. Бид “Арева”-г явуулах ёстой. Ажлыг нь хийлгэх ёстой. Гэхдээ өөрсдийнхөө шаардлагыг дүрэм журмын дагуу тавьж, хянах учиртай. Хөрөнгө оруулалтыг нь хорих биш, харин хэрэглэж байгаа технологи дээр нь бид хориг тавих ёстой.
Казахстанд хэрэглэж байсан химийн хортой усаа гүний ус руу шууд шахдаг тийм технологийг “Арева” ашиглаж байна. Тэгвэл хоргүй технологи дэлхийд бий. Түүнийг нь л бид шаардах ёстой байхгүй юу. Үүнийгээ ч цаашид хийнэ. Өнөөдөр маш олон салбарт хориг саад байна.
Нэг ёсондоо их эзэн Чингис хаан гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол руу татах глобалчлалыг найман зууны тэртээ хийчихсэн юм шүү дээ. Гэтэл бид үнэхээр хол төөрч явж байна, өнөөгийн төр, засаг. Асуудалд бодитой хандах хэрэгтэй байна.
-Уул уурхайн салбар дахь урт нэртэй хуулийн тухайд та юу хэлэх вэ, хууль санаачлагчийн хувьд?
-68 хувийн татварын тухайд сайн, мууг нь би дурьдаад ч яах вэ. Ямар үр дүнд хүргэснийг хүн болгон мэдэж байгаа. Өнөөдөр бүх алт нууцаар гадагшаа гарч байна. Урт нэртэй хууль бол байгаль орчин хамгаалах маш том алхам болсон. Гэхдээ хэрэгжилтэн дээр бид уян хатан байх ёстой. Хэрэгжүүлэхэд асар олон тэрбум төгрөг хэрэгтэй.
Тэр нь төрд алга. Төсөв хүндэрч тансаг хэрэглээгээ танах болчихоод байхад түүнд зарцуулах мөнгө байхгүй. Т эгэхээр мөнгийг хаанаас босгох вэ гэвэл тэр нь газар шороонд нь байж байна. Монголчууд алтыг шороотой нь хамт булчихад хүргэсэн амьдралд хараахан очоогүй учраас асуудалд бодитой хандах хэрэгтэй.
Олборлолт явуулж байсан, хоригт орсон компаниуд бол бүгд Монголын аж ахуйн нэгжүүд. Тэдэнтэй ширээний хоёр талд сууж ярих хэрэгтэй. Урт нэртэй хуулиа яаж хэрэгжүүлэх вэ. Мэдээж тэнд үйлдвэрлэл, аж ахуй эрхэлж байсан хүмүүс нэг зүйл хэлэх байх. Т ал талаас нь ярьж, сонсох учиртай. Сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй л дээ.
-Төсөв танах тухай ярьж буй энэ цаг үед төрийн бүтэц, бүрэлдэхүүн рүү хандсан шүүмжлэл их байна. Цомхон чадварлаг бүтэц гэж байнга ярьдаг ч, бодит байдалд хэрэгжүүлэхгүй юм?
-Төрийн бүтэц дэндүү данхайсан. Түүхэнд анх удаа хамгийн том данхгар толгойтой Засгийн газартай боллоо.Манай байнгын хороо есхөн хүнтэй болоод байхад аль нэг яам руу очиход газар нь хүний тоо талийсан, хэлтэс нь гэхэд л хэчнээн ч хүнтэй юм бэ. Төр данхайгаад байна, авлига хээл хахууль тэндээс гараад байна.
Монголчууд алтыг шороотой нь хамт булчихад хүргэсэн амьдралд хараахан очоогүй учраас асуудалд бодитой хандах хэрэгтэй.
Цомхон ажиллах ёстой. Одоогийн засаг тогтвортой байх үүднээс байгуулагдсан. Ер нь бол яамд болон сайд нарын тоо илүүдсэн. Орон нутагт сум хөгжүүлэх сан гэж мөнгө төсөвлөдөг. Тэрбум, тэрбумаар мөнгө гаргадаг, түүнийг иргэдийн оролцоотой хуваарилна гэдэг юм огт байхгүй. Иргэд нийтийн хурал нь болдог ч юм уу, үгүй ч юм уу.
Сумын удирдлагууд бүгд Ланд-200 жийптэй, дээр нь бензин тос, жолоочийн цалин хөлсийг тэндээс гаргаж байна. Энэ нь эргээд төрийн албыг тансаглах хэлбэр рүү оруулчихаад байгаа юм. Яг бодитой сум хөгжүүлэх сандаа орж байна уу гэвэл үгүй. Гэрэлтүүлгээ тавьж байна уу, явган хүний зам барьсан уу, ядахдаа нийтийн боловсон жорлон хийж байна уу гэвэл үгүй.
Сургууль цэцэрлэгээ тордож байна уу. Үгүй юу. Энэ бүхэнд ямар ч хяналт алга. Би иргэдээс мэдээлэл их авч байна. Тэр чинь ерөөсөө орон нутгийн удирдлагуудын тансаглах мөнгө болчихоод байна гэж хэлж байна, иргэд. Тиймээс энэ асуудлуудыг зайлшгүй эргэж харах хэрэгтэй юм.
-Төсөв танах нь ойлгомжтой бөгөөд тодорхой болчихоод байна. Тэглээ гээд жаахан ч атугай сэргэлт авах болов уу, манай эдийн засаг?
-Төсөв тодотгоод өргөс авчихсан юм шиг эрүүлжихгүй л болов уу. Гэхдээ далайд дусал нэмэр гэгчээр хөрс суурь нь бага ч гэсэн зөв голдрил руу явах байх гэж бодож байна. Нэг л их ордон барьж суух гэсэн хүмүүс байх юм, Засгийн газрын харъяа агентлагууд. Нэг агентлаг гэхэд л заавал өөрийн гэсэн ордонтой болох ёстой юм уу, хаашаа юм.
Оффисийн барилгуудыг бүгдийг танах хэрэгтэй. Эмнэлэг, цэцэрлэг, сургууль, спортын ордон бол байж л байг. Өнөөдөр хотын гудамжаар дүүрэн хоосон оффисын барилга байна шүү дээ. Хувийн компаниуд хэчнээн оффис барьж байна вэ.
-МАН-ын гишүүдийн хэлж байгаачлан “Шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг үрэлгэн баярхуу загнаж улс орноо хямрал гээч ангалын ирмэгт хөтөлж авчирсан Ерөнхий сайдад танай намын УИХ дахь бүлэг болоод хянах үүрэг бүхий төрийн байгууллагуудаас хариуцлага ярих болов уу?
-Бусад хүмүүс юу гэж үзэж байгааг би мэдэхгүй. Харин өөрийнхөө байр суурийг шуудхан хэлчихье. Албан тушаал хашаад явж байна гэдэг өөрөө маш том хариуцлага шүү дээ. Тэр тусмаа төрийн өндөр албан тушаал, Ерөнхий сайд гэдэг төрийн хоёр дахь том албан тушаалтан хариуцлагын асуудал ярих юм бол эхний жилдээ муу дүн авчихлаа шүү дээ.
Муу дүн авсан, муу сураад байгаа нөхрийг яадаг билээ, багш жавтий хүртээдэг биз дээ. Бид ард түмний төлөөлөл болж байгаа, тэгээд тэр нөхрийн толгойг илээд байх уу, яах вэ. Би хаврын чуулганы хуралдаанд хэлж байсан “Намар тантай хариуцлагын асуудал ярина шүү.
Хэрэв энэ олон төсөл, хөтөлбөр чинь хэрэгжилтийн явцын шаардлага хангахгүй, эдийн засаг унах юм бол хариуцлагын асуудал ярина” гэж. Тэгэхээр ямар ч байсан “Ерөнхий сайд аа, та сайн ажиллаж байна. Та мундаг хүн шүү” гэж би хэлэхгүй.