Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан
2013.08.15

Нийт бараа эргэлт 467,5 сая ам.доллараар буурчээ

Нийт экспортын 97 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл зэрэг эзэлдэг. Эрдэс бүтээгдэхүүний экспортыг жил бүрийн эхний долоон сарын байдлаар харвал 2001-2012 онд өсөлттэй байж, энд онд нүүрс, төмрийн хүдэр зэрэг олон эрдэс бүтээгдэхүүний экспорт буурчээ.

Тухайлбал, нүүрсний экспорт 595,6 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 50 хувиар буурсан байна. Тоо хэмжээний хувьд нүүрс 8,2 сая тонн болж өнгөрсөн оны мөн үеэс гурван сая тонноор буурчээ. Зах зээлийн дундаж ханшаар энэ жил нэг тонн чулуун нүүрсний үнэ 67 ам.доллар байхаар тооцсон.

Тэгэхээр гурван сая тонн нүүрсний зөрүү 201 сая ам.доллар болж байна. Харин зэсийн баяжмалын хувьд 470 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оноос өөрчлөгдөөгүй бол төмрийн хүдэр, боловсруулаагүй газрын тос, алтны экспортын хэмжээ өсөлттэй гарчээ.

Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээнд экспорт хэрхэн нөлөөлсөн талаар эдийн засагчийн байр суурийг хүргэе.

Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан:

Эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа хоёр, гурван шалтгаан бий. Нэг талдаа дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурсан.

Нүүрсний экспорт 595,6 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 50 хувиар буурчээ.

Тэгэхээр манай гол борлуулдаг бүтээгдэхүүнүүд тэр дундаа нүүрс, төмрийн хүдэр, алтны үнэ дэлхийн зах зээл дээр нэлээд унасан.

Энэ нь гол худалдан авагч болох Хятад улсын эдийн засаг, бүтээн байгуулалтын төслүүдтэй холбоотой. Манай нүүрсний экспортын өрсөлдөх чадвар буурсан нь монголын дэд бүтцийн өнөөдрийн байдалтай холбоотой гэлээ.

Өнгөрсөн хугацаанд нийт экспортын дийлэнх нь буюу 86 хувийг БНХАУ руу, таван хувийг Их Британи руу, дөрвөн хувийг Канад руу, 1,5 хувийг ОХУ руу тус тус экспортолжээ.