Тээвэрлэлтийн зардлыг бууруулж байж л нүүрсний экспорт өснө
МУУҮА-ийн ерөнхийлөгч Д.Дамба
2013.07.09

Тээвэрлэлтийн зардлыг бууруулж байж л нүүрсний экспорт өснө

Манай улсын Төсвийн багагүй хувийг бүрдүүлдэг нүүрсний экспорт зогсонги байдалд ороод байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, БНХАУ-ын Өмнөд Монголын Нүүрс импортлогчдын холбоотой хамтран "Монгол-Хятадын нүүрсний худалдаа, хамтын ажиллагаа-2013” хурлыг Хөх хотноо саяхан зохион байгуулжээ. Тус хуралд оролцоод ирсэн МУУҮА-ийн ерөнхийлөгч Д.Дамбатай ярилцлаа.

-Та бүхэн саяхан БНХАУ-ын Хөх хотноо “Монгол-Хятадын нүүрсний худалдаа, хамтын ажиллагаа 2013” хурлыг зохион байгуулжээ, Энэ хурлын зорилго нь юу байв?

Нүүрс бол манай улсын эдийн засгийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэх болсон газрын баялаг. Манайх урд хөрш болох БНХАУ- д экспортолж буй нүүрсний хэмжээгээрээ жилээс жилд өсөж, экспортын орлого улсын төсвийн 30-40 хувийг эзлэх боллоо.

Тухайлбал, 2010 онд манай улс 25.2 сая тонн нүүрс олборлосны 18.2 сая тонныг, 2011 онд 35 сая тонн нүүрс олборлож, 25 сая тонныг нь экспортолсон. Харин өнгөрсөн жил 31 сая тонн нүүрс олборлож, 20.5 сая тонныг нь экспортолжээ, Гэвч, өнөөдөр дэлхийн зах зээлийн нөхцөл байдал, манай нүүрсний гол худалдан авагч БНХАУ-ын эдийн засгийн цаг зуурын хүндрэлтэй холбогдон энэ салбарын  үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байгаа юм.

Тиймээс тус улс руу экспортлох нүүрсний худалдааг зогсоохгүй байх, нүүрсний худалдаанд олон улсын зах зээлийн үнэ, стандартыг нэвтрүүлэх, нүүрсний тээвэрлэлтийн төрлийг олшруулах,

Уул уурхайн хөрөнгө оруулалт

БНХАУ-ын нутгаар дамжуулан гуравдагч орон руу гаргах боломжийг бүрдүүлэх нүүрсний салбар дахь хоёр улсын төр засгийн байгууллагууд болоод аж ахуйн нэгжүүдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг илүү шинэ шатанд гаргах зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нүүрс импортлогчдын холбоотой хамтран энэ сарын 1-2-ны өдрүүдэд "Монгол-Хятадын нүүрсний худалдаа, хамтын ажиллагаа 2013" хурлыг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ ажил хэрэгч, илэн далангүй, тулгамдсан асуудлуудаар харилцан санал бодлоо солилцож, түүнийг шийдвэрлэх гарцыг эрэлхийлснээрээ онцлог байлаа.

-Хуралд манайхаас болон урд хөршийн талаас олон төлөөлөгч оролцов уу?

-Энэ хуралд нийт 176 хүн оролцсоны 42 нь манай талын төлөөлөл байв. Төрийн байгууллагуудаас Уул уурхайн яам, Зам тээврийн яам, Ашигт малтмалын газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, хил хамгаалах газар,

Өмнөговь аймгийн ЗДТГ, ГИХАЭГ-ын асуудал хариуцсан албан тушаалтнууд, ТББ-аас “Нүүрс ассоциаци” болон "Эрдэнэс Тавантолгой", "МАК", "Таван- толгой”, "Саусгоби сэндс”, “Хүннү", "Хүрээ дэл" зэрэг аж ахуйн нэгжийн төлөөлөгчид энэ хуралд оролцсон,

Харин Хятадын талаас БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Худалдааны танхим, Өмнөд Монголын Хил хамгаалах ерөнхий газар, Боомтын алба, ГаалиЙН хэлтэс, 3ам тээврийн газар болон Алшаа, Баяннуур зэрэг аймгуудын удирдлагууд, нүүрс импортолдог компанийн төлөөлөл оролцлоо.

-Хурлаар ямар асуудлуудыг авч хэлэлцэв. Манай улсад нааштай үр дүнтэй хурал болов уу даа?

Хурлаар гурван багц сэдвийн хүрээнд 10 гаруй илтгэл хэлэлцлээ. Үүнд, Монгол улсын нүүрсний үйлдвэрлэл ба хэрэгцээ, Монгол-Хятадын нүүрсний худалдааны чиг хандлага, Монгол, Хятадын нүүрсний худалдааны цаашдын хөгжил гэсэн сэдвийг хөндсөн.

-Хоёр улсын нүүрсний худалдаанд чухам ямар саад бэрхшээлүүд тулгарч байна?

-Юуны өмнө тээвэрлэлтийн асуудал санаа зовоосон тулгамдсан зүйл болоод байна. Авто тээврээс гадна төмөр замын тээвэрлэлтийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Манай улсын экспортлох нүүрсний боломжит хэмжээ жилдээ 50-60 сая тоннд хүрнэ гэж холбогдох байгууллагууд тооцсон.

Ийм хэмжээний нүүрсийг дан ганц авто замаар тээвэрлэх боломжгүй л дээ. Тиймээс нэн яаралтай төмөр зам барьж, төмөр замаар нүүрсээ экспортлох зайлшгүй шаардлага тулгарч байна.  Дараагийн нэг чухал асуудал нь тээвэрлэлтийн үнэтэй холбоотой асуудал босч ирнэ. Өнөөдөр манай улсын тээвэрлэлтийн зардал өндөр байгаа нь нүүрсний үнэ тогтооход багагүй хүндрэл учруулж байгаа.

Хоёр улсын хил дээр шаардлагагүй татвар хураамж олон байгаа ч нүүрсний үнэд нөлөөлж байна. Үүний зэрэгцээ манай нүүрсний гол хэрэглэгч болох  Хэбэй, Шандунь зэрэг мужийн үйлдвэрүүдийн үйлдвэрлэл 40 хувиар буурсөн нь импортын нүүрсний тоо хэмжээнд нөлөөлсөн.

Тиймээс ч 2012 оны эхний дөрвөн сард манай улсын нүүрсний экспорт 6.6 тонн байсан бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар дөрвөн сая тонн нүүрс Экспортолсон байна. Энэ нь өмнөх жилийнхээс 27 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнтэй холбогдон нүүрсний экспортын орлого 40 хувиар буурсан байна.

-Монголын эдийн засгийн гол хөшүүрэг болсон нүүрсээ үнэд хүргэх, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авбал эерэг үр дүн авчрах бол?

-Юуны өмнө дэд бүтцийн асуудал, үүнд нэн даруй төмөр замын асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй. Хятадын талын тооцоогоор нүүрсийг төмөр замаар тээвэрлэх нь даруй 20-30 хувиар өртөг багатай. Тус улс нүүрсний тээвэрлэлтийн 70 хувийг төмөр замаар тээвэрлэдэг юм билээ.

Экспорт

Мөн ложистикийн зардлаа зохистой хэмжээгээр тогтоох нь зүйтэй. Манай улсын нүүрсний олборлох зардал дээр нэмэгдээд хил хүргэх, гааль, хилийн хураамж төлбөр нь нийлээд дунджаар 430 орчим юань болдог юм байна.

Энэ нь бусад улсын нүүрсний үнэ, чанартай өрсөлдөх боломжгүй гэж хятадын тал үзэж байгаа юм. Учир нь Австрали зэрэг орны боловсруулсан нүүрсний олборлох болон тээвэрлэлтийн зардалтай харьцуулахад манай нүүрсний үнэ өндөр байгаа юм байна л даа.

Нэг үгээр хэлбэл манай нүүрсний тээвэрлэлтийн зардал өндөр байгаа нь бусад улсын нүүрстэй өрсөлдөх чанарыг бууруулж байна. Тиймээс энэ асуудалд аль аль талдаа анхаарах нь зүйтэй гэдэг дээр хуралд оролцогчид санал нэгдсэн.

-Тээвэрлэлт гэж нэг толгойны өвчин  мөн ч олон жил яригдаж байна даа. Энэ талаар ямар шийдэлд хүрэв?

Тээвэрлэлтийн зардалд газраар тээвэрлэж хил рүү гаргах, хоёр улсын хил, гаалийн хураамж, Засгийн газруудын янз бүрийн татвар ордог.

Тиймээс хилийн боомтуудыг хөгжүүлэх зорилгоор авдаг төлбөрийн хувь хэмжээг бууруулах, холбогдох татвар хураамжийг нүүрсний үнийн өөрчлөлттэй уялдуулан уян хатан тогтоох, хилээр аль болох хурдан шуурхай нэвтрэх тогтолцоог бүрдүүлэх, компаниуд удирдлагын зардлаа бууруулах замаар тээвэрлэлтийн зардлаа бууруулах боломжтой гэж үзсэн.

Мөн хоёр улсын хилийн бүсэд худалдааны хамтын ажиллагааны төвийг чөлөөт бүс маягаар байгуулах нь нүүрсний худалдааг хөгжүүлэх, нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах, түүнтэй холбоотой зах зээлийг тэлэх боломжтой гэж Хятадын тал хэлж байна лээ. Үүнийг манайхан судалж үзэх нь зүйтэй болов уу.

Тус улсын Засгийн газар хилээрээ боловсруулсан нүүрс нэвтрүүлэх чиглэлийг баримталж байгаа тул бид үүнд анхаарлаа хандуулж аль болох боловсруулах үйлдвэрлэлээ дэмжих чиглэлд ажиллах нь зөв.

-Хятадын нүүрсний үйлдвэрлэлийн цаашдын чиг хандлага ямаршуухан байх төлөвтэй байна?

-БНХАУ-ын шинэ удирдлага ногоон эдийн засгийг дэмжиж, эдийн засгаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх чиглэл баримталж байгаа юм байна. Хятадын үйлдвэрлэл дэх коксжих нүүрсний жилийн хэрэгцээ нь 50 гаруй сая тонн бөгөөд цаашид өсөх төлөвтэй гэсэн.

Хятадын өөрийнх нь нүүрс нэгдүгээр зэрэглэлийн ган хайлуулах шаардлага стандартад хүрдэггүй, олборлолтын зардал ихтэй аюулгүй ажиллагааны стандарт хангадаггүй зэрэг шалтгааны улмаас гадаадаас нүүрс импортолдог. 2012 оны байдлаар тус улсад экспортолсон Монголын нүүрсний хэмжээ багассан бол Австралийнх 35, ОХУ-ынх 30, Канадынх 125 хувиар тус тус өсчээ.

Тэгэхээр цаашид бид нүүрснийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлагатай нь харагдаж байгаа биз. Мөн тус улсын ган үйлдвэрлэлийн хэмжээ дөрөвний нэг хувиар буурснаас нүүрснийх нь олборлолт багасаж, импортынх нь хэмжээ ч буурсан дүр төрх ажиглагдаж байсан.

-Уг нь саяын хурал ч чухал л асуудлуудыг хэлэлцэж, Эцсийн дүндээ манайд ашигтай зүйл анзаарагдав уу?

Бид хурлаар хоёр улсын засгийн газар, аж ахуйн нэгжид хандсан уриалга гаргасан. Түүнд Монгол улсын засгийн газар, БНХАУ-ын засгийн газар хооронд нүүрсний худалдаа хамтын ажиллагааны урт хугацааны тогтвортой стратегийн хэлэлцээрийг байгуулж хоёр орны хооронд нүүрсний худалдааг тогтвортой хийх эрх зүйн орчныг бий болгох, энэхүү хэлэлцээрийн хүрээнд хил дамнасан авто тээвэр, төмөр замын тээвэр, нүүрс боловсруулах хүчин чадал, хятад улсын нутгаар далайн боомт хүртэл нүүрсний бүтээгдэхүүн дамжуулан тээвэрлэх худалдааны тогтвортой байдлын асуудлыг хамруулах нь зүйтэй гэж үзсэн.  

Мөн хоёр улсын холбогдох төрийн байгууллагуудын хооронд байнгын үйл ажиллагаатай ажлын хэсэг байгуулж Монгол, хятадын нүүрсний худалдаа хамтын ажиллагаанд оршиж буй гааль, татвар хөрөнгө оруулалт тээвэр, хилийн боомт визийн горим зэрэг олон асуудлыг шийдвэрлэх гаалийн нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын засгийн газраас Монгол улсын засгийн газарт олгосон буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээлийг ашиглан нүүрсний худалдааны гол гол хилийн боомтуудад орчин үеийн гаалийн рентген тоног төхөөрөмж суурилуулах чиглэлээр хоёр тал хамтран ажиллах асуудлыг тусгалаа.

Түүнчлэн хоёр улсын нүүрсний худалдаанд олон улсын худалдааны дүрэм журам, зарчмыг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Хурлын үеэр Монгол Улсын Засгийн газар Цагаан хадны нүүрс ачиж буулгах цэгийг хаах шийдвэр гаргасан нь тээвэрлэлтийн зардлыг бууруулахад зохих хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна.

-Саяын хурлаар нүүрсний үнэ ханшийн талаар яг тодорхой нарийн ширийн зүйл ярьж тохироогүй юм байна гэж ойлгож болох нь ээ...

-Бид ямар ч байсан тулгараад байгаа асуудлуудад гарц хайж байгаагийн нэг том илрэл нь энэ хурал байлаа. Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нүүрс импортлогчдын холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан, Үүний дагуу энэ хурлыг хоёр улсад ээлжлэн жил бүр зохион байгуулж тулгамдсан асуудлуудаа илэн далангүй ярилцаж байхаар боллоо.