Баруун цанхийг нээсэн ч нүүрсээ урд хөршөөс өөр газарт гаргах боломжгүй
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.06.11

Баруун цанхийг нээсэн ч нүүрсээ урд хөршөөс өөр газарт гаргах боломжгүй

Өнөөдөр Төрийн ордонд Уул уурхайн сайд Д.Ганхуяг мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуусан онцлох асуултуудыг багцлан хүргэе.

-БНХАУ-ын “Чайна Ойл” компаниас дизелийн түлш импортоор оруулах гэрээ байгуулсан. Ямар стандарттай бүтээгдэхүүн байх вэ. Одоо хаврын тариалалт, бүтээн байгуулалт эхлэхээр шатахууны үнэ тогтвортой байна гэж амлаж чадах уу?

-Бид зах зээлийн нийгэмд амьдарч байгаа. Хэн ч гэсэн зах зээлийн ханштай холбоогүйгээр үнийн тал дээр баталгаа өгч чадахгүй. Газрын тосны болон бүтээгдэхүүний үнийн тухайд ил тод байх гэрээ хэлэлцээр дэлхий нийтэд байдаг.

Энэ хэлэлцээрийг бид Хятадтай ч, “Роснефть”-тэй ч хийхээр болсон. Стандартын хувьд “Хөх хот”-ын үйлдвэр орчин үеийнх. Бүтээгдэхүүн нь Европ стандартад нийцсэн гэж ойлгож болно.

Харин “Роснефть”-ээс нийлүүлж байгаа бүтээгдэхүүний стандарт доогуур байгаа тал бий. Үүнийг бид анхаарч худалдах, худалдан авах гэрээ хийж байгаагийн хувьд ярилцах шаардлагатай. 

-“Чалко”-той байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах асуудал юу болж байгаа вэ?

-“Чалко”-тай байгуулсан гэрээний асуудал хүндэвтэр байгаа. Гэхдээ гэрээнд хоёр улсын Төрийн өмчийн компанийн удирдлагууд гарын үсэг зурсан. Монгол Улсын болоод олон улсын хуулиар бол гэрээнд гарын үсэг зурсан талууд хоорондоо учир зүйгээ олох шаардлагатай.

Төмөр зам

Мөн хоёр орны төр, засгийн зүгээс гэрээтэй холбоотой маргааныг аль аль талдаа ашигтай байдлаар зохицуулах ёстой. Ер нь бол энэ асуудлаар Ерөнхий сайдтай, манай яаман дээр ч байнга уулзалт хийж байгаа. Гарц хайж байна. Гарц байх нь ойлгомжтой. Ер нь бол гэрээ харилцан ашигтай байх ёстой.

Зээл аваад бид бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэтэл бүтээгдэхүүн үйлдвэрлээд борлуулахдаа авсан зээлээсээ болж алдагдал хүлээх нь шударга ёсонд нийцэхгүй л дээ. “Чалко” компани бол нүүрс авч төмөрлөгийн үйлдвэр эсвэл кокс болгодог компани биш. Эцсийн хэрэглэгчид нь манай урд хөршийн төмөрлөгийн үйлдвэрүүд байгаа юм.

Тэгэхээр энэ тал дээр гэрээний ил тод байдал бас л хангалтгүй гэсэн үг. Тухайлбал манайхаас, Цагаан хаднаас нүүрс аваад Хятад Улсын ямар төмөрлөгийн үйлдвэрт ямар үнээр нийлүүлж байгаа. Тээврийн зардал нь хэд байгаа юм гээд тодорхойгүй зүйл их байна. Гэрээний ил тод байдлыг хангах нь зайлшгүй зүйл болсон. 

Хоёрдугаарт, уул уурхайн салбарт дэлхий нийтээрээ баримталдаг зарчим байгаа. Уул уурхайн салбар өөрөө хөрөнгө оруулалт, зардал ихтэй. Тиймээс тухайн төслийн үйл ажиллагааных нь тогтвортой байдлыг худалдан авагч нэг талаас анхаарах ёстой. Гэтэл энэ гэрээн дээр тийм зарчим байхгүй.

Товчхондоо томоохон гэрээ байгуулж сураагүй улс гэрээн дээрээ зарим талаар алддаг. Эргээд тэр нь бөөн хэрүүл болдог асуудлуудын нэг жишээтэй бид нүүр тулсан. 

-Оюутолгой компани манай улсад өнгөрсөн онд 280 сая ам.долларын татвар төлсөн гэсэн мэдээлэл байна. Энэ бодитой тоо юу?

-“Оюутолгой” компанийн хувьд 2012 онд 280 сая ам.доллар татварт төлсөн гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудлаар би “Оюутолгой” болон Сангийн яамнаас тодруулсан. Мэдээлэл нь зөрүүтэй байгаа юм. Яг 2012 онд “Оюутолгой”-н төлсөн татвар 280 сая биш, татвараар төлсөн нь 125 сая ам.доллар байгаа.

Тэгэхээр 280 сая ам.доллар гэдэг дээр хоорондоо учир зүйгээ олох хэрэгтэй л гэсэн үг. Жишээ нь, “Оютолгой” компани ажилчдынхаа төлсөн нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварыг, түүнчлэн байгаль орчны нөхөн сэргээлтийн барьцаа гээд 30-40 сая ам.долларыг хүртэл төлсөн татвартаа оруулаад тооцсон байгаа юм.

Мөн аж ахуйн нэгжүүд “Оюутолгой”-д бараа үйлчилгээ нийлүүлэхдээ улсад татвар төлдөг. Үүнийг нь бас оруулж тооцсон байсан. Энэ бол “Оюутолгой” талдаа тооцогдох татвар биш юм.  Яг татвараар төлсөн нь 125 сая ам.доллар байна.

Тиймээс “Оуютолгой” компани болон Сангийн яам хамтарч үүнийгээ цэгцлээд нэгдсэн мэдээлэл өгөх шаардлагатай байна.

-Тавантолгойн уурхайн үйл ажиллагаа ямар түвшинд байна вэ. Иргэд 1072 хувьцаагаа хүлээгээд байна?

-Тавантолгойн асуудал бол гол нь “Чалко” компанитай холбоотой асуудал. Тэгээд “Чалко” гэхээр нөгөө л асуудал руугаа явна даа. Сонгуулийн амлалтаас болж иргэн бүрт бэлэн мөнгө буюу сар бүр 21 мянга болгон тараасан.

Үндсэндээ 350 сая ам.долларыг “Чалко” компаниас аваад 65 хувийг нь 21 мянга нэрээр тараасан. Ийм асуудал гарсан учраас Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал удааширалттай байна.

Засгийн газраас “Эрдэнэс-Тавантолгой”-н үнэ цэнийг нэмэгдүүлье гэсэн байр суурьтай ажиллаж байгаа.

-Тавантолгойн Баруун цанхид хэчнээн төгрөгийн санхүүжилт хийсэн бэ. Цаашид хэдийг хийх вэ. Хувьцааг нь аж ахуйн нэгжүүдэд худалдсан байгаа. Тэр мөнгөөр юу хийх вэ?

-Баруун цанхийг нээсэн ч бид одоогоор нүүрсээ урд хөршөөс өөр газарт гаргах боломжгүй. Мөн “Чалко”-ийн гэрээний асуудлыг шийдээгүй байгаа нь асуудал болоод байна.

“Чалко” чинь Төрийн өмчийн компани учраас “Нүүрсээ өг өө” гээд л авчихна шүү дээ. 186 сая.ам долларын зээл дутуу байгаа. Хэрвээ нүүрсээ дахиад гаргавал бид 50-60 сая.ам долларын алдагдал хүлээнэ. Ийм байж болохгүй.

Тиймээс энэ асуудал дээр ирэх долоо хоногт Засгийн газар дээр нэлээд эрчимтэй ажиллана.