Д.Дамба: Бид ОХУ-ын нүүрстэй өрсөлдөх бүрэн боломжтой
Ийгл телевизийн “Тоон тойм” нэвтрүүлгээр Хөх хотод зохион байгуулагдаж буй Монгол-Хятадын нүүрсний худалдаа, хамтын ажиллагааны хуралдааныг зохион байгуулж буй монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба гуайтай ярилцлаа.
-Өвөрмонголын нүүрс импортлогчдын холбоотой анх удаа энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдөр монголын уул уурхайн үндэсний ассоциаци энэ худалдаан дээр ямар хүндрэл бэрхшээлийг тодорхой гаргаж тавьсан бэ?
-Нүүрсний худалдаан дээр хамгийн гол нь үнэ ханшны асуудал. Хятадын зах зээл дээрх нүүрсний үнэ ханш, нарийн яривал дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ ханш унасан. Үүнээс болж монголын нүүрсний экспортын асуудал хүнд байдалд орсон. Энэ хүнд байдлаас яаж гарах, нүүрс борлуулалтын асуудлыг яаж хэвийн болгох вэ гэдэгт энэ хурлын гол зорилго, анхаарал чиглэж байгаа.
Хуралд Хятад, Монголын талаас илтгэлүүд тавигдаж байна. Илтгэлүүдийг харахад хоёр тал аль алинд нь асуудлаас гарахын тулд хийвэл зохих ёстой ажил нилээн байгаа. Тэр дундаа дэлхийн зах зээлийн үнэ ханш унасан үед өөрсдөөс хамаарах хоёр гурван төрлийн асуудал бий.
Тухайлбал, монголын талд нүүрсний өртөг зардлыг бууруулах. Нүүрсний өртөг зардлаа бууруулсанаар өнөөгийн бага үнийн түвшинд аваачих, мөн тухайн компани тодорхой хэмжээний ашиг орлоготой байх зорилго дээр төвлөрч байна.
-Австралиас гадна ОХУ, Канад улсуудын өрсөлдөх чадваруудыг дурдсан. 2012 онд экспортолсон нүүрсний хэмжээ 2011 оноосоо ОХУ гэхэд 30 хувиар ахисан, Канад 123 хувиар нэмэгдсэн. Монгол улсад шинэ өрсөлдөгчид гарч ирээд байгаа юм биш үү. Та цаашид монголын нүүрсний өрсөлдөх чадварыг юу гэж харж байна. Хэдий хугацаанд Монгол улсын эдийн засагт нүүрс үр дүнгээ өгч эхлэх вэ?
-Манай гол өрсөлдөгч Австрали. Түүний хажуугаар ОХУ, Америк, Канад зэрэг орнуудын нүүрс байна. Эдгээрээс бид ОХУ-тай байршлын хувьд ойролцоо, тээврийн хувьд ижилхэн учраас өрсөлдөх боломж бүрэн бий. Канад, Америк дэндүү хол нь тэдний сул тал. Манайх дэндүү ойрхон, хил залгаа. Зарим нь 45 км тээвэрлээд л хэрэглэгчийн нутаг руу ордог.
Бид ОХУ-ын нүүрстэй өрсөлдөх бүрэн боломжтой
Ийм боломж, давуу тал байхад ашиглах хэрэгтэй. Мөн улс орнуудын бодлого маш уян хатан. Нүүрснийхээ борлуулалт, тээвэрлэлт гээд бүх зүйлтэй уялдаж, зах зээлийнхээ зарчмыг маш сайн баримталдаг. Гэтэл манай нүүрсний тээврийн талаар баримталж буй бодлого маш хоцрогдсон, хөшүүн хойрго байгаа.
Тухайлбал бидний төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого гээд 2010 онд гаргасан эрх зүйн акт бий. Үүн дээр гарцаагүй өөрчлөлт хийх шаардлагатай. Нүүрсийг шууд хэрэглэгч рүү нь саадгүй хүргэх асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Үүнийг шийдсэн нөхцөлд бидний нүүрсний өрсөлдөх чадвар хамаагүй сайжирна.
-Сая Хятадын нүүрсний вэб сайтын ерөнхий захирал хэлэхдээ Хятад, Монголын нүүрсний үнийн нэгдсэн системтэй болох боломжийг эрэлхийлэх цаг нь болжээ гэсэн. Энэ боломжийг манай ашигт малтмалын газар, уул уурхайн яам эрэлхийлж хайж байна уу. Та бүхэн хамтарч ажиллаж байгаа юу. Эндээс ямар санал санаачилга гараад Засгийн газарт хүргэгдэх вэ?
-Хятадын илтгэл тавьсан компанийн вэб сайтаас манайх нүүрснийхээ жишиг үнийг авч татвар ногдуулж байгаа. Бид татварын нэгдсэн системд орох нь байж болох асуудал. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой.
Нэгэнт л хоёр улс харилцан нүүрсний борлуулалтын асуудлыг хийхээс цааш үүнтэйгээ нэгдсэн бодлогоор, удаан жилийн хугацаатай үнэ ханшийг тогтвортой барих, энэ бодлогоор гэрээ хэлэлцээртэй нэгдсэн системтэй болох нь аль аль талынх нь эрх ашигт хамааралтай асуудал.
Үүнийг шийдэх ёстой. Энд манай холбогдох яамдаас төлөөлөл ирсэн. Тэд яамдын хэмжээнд асуудлыг тавьж шийдэх байх.