“Хөх нүүрс” төслийг Багануур дүүргийн уурхайг түшиглэн хэрэгжүүлнэ
2025.01.21

“Хөх нүүрс” төслийг Багануур дүүргийн уурхайг түшиглэн хэрэгжүүлнэ

Монгол Улс хүрэн нүүрсний арвин нөөцтэй орны нэг. Манай Улс ойролцоогоор 170 гаруй тэрбум тонны хүрэн нүүрсний нөөцтэйгөөс 20.3 тэрбум нь Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байна.

Түүнчлэн Багануурын уурхайн хүрэн нүүрсний нөөц 700 сая гаруй тонн гэсэн судалгаа гарсан. Тиймээс Засгийн газрын 14 мега төслийн нэг “Хөх нүүрс” төслийг Багануур дүүргийн уурхайг түшиглэн хэрэгжүүлэхээр болсон.

”Багануур” ХК нь Төмөр зам, Авто зам, Дулаан, Эрчим хүч гэх мэт дэд бүтэц сайтай, жилд 5-5.5 сая метр куб ус шүүрүүлдэг, усны асуудлаа бүрэн шийдсэн давуу талтай учраас Монгол Улсын Засгийн газраас “Хөх нүүрс” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. “Багануур” ХК нь 2025 онд Хөх нүүрс үйлдвэрлэхэд шаардлагатай нүүрсний нөөцийг бэлтгэж, хөрс хуулалтын ажлыг эхлүүлж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээр төлөвлөжээ.

Энэ төслийг 2024-2027 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхэд 190 сая америк долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК “Хөх нүүрс” төслийг бүрэн санхүүжүүлэхээр ажиллаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан