2024.12.27
Ж.Ганбаатар: Нүүрсээ бартераар зарахгүй гэдгээ албан ёсоор хэлээрэй
УИХ-ын чуулганы /2024.12.27/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Урт хугацаатай үйл ажиллагаа явуулж буй компаниуд үнэ биржийн үнэд ойртуулж өсгөх үүрэгтэй. Энэ үүргийг хүлээгээд 2 жил болж байгаа.Үүнийг Уул, уурхайн сайд анхаараарай. Эрдэс тавантолгой компани 2025 онд хэдэн тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бэ, нэг, хоёр, гурав дугаар улиралд тус бүр хэдэн тонн нүүрс гаргах вэ. Тоогоо үнэн,зөв хэлээрэй. Биржийн тухай хууль дээр төмөр замын холболттой холбоотой биржээр нүүрсээ борлуулахгүй байж болно гэсэн заалт орсон байгаа. Байнгын хорооны хурал дээр нүүрсээ бартераар зарахгүй гэж хэлж байсан.Үүнийгээ албан ёсоор хэлээрэй. Монгол Улс 83 тонн нүүрс зарна гэж баталчихсан. Дараа нь ийм зүйлээс болж орлого тасарлаа гэж ярихгүй биз дээ. Албан ёсоор хариулмаар байна.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд болон, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn