2024.12.26

Н.Алтаншагай: Сүүлийн 8 жилийн улс төрийн тогтвортой байдлын үр дүнд энэ төсөл урагшлах гэж байна

УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:

Бид өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаа өмнө байгуулагдах байсан энэ бүтээн байгуулалтын ажил,том төсөл хүлээгдсээр байгаад өнөөдөр учран золгож байгаа юм. Энэ төсөл өөрөө их амаргүй цаг үеийг туулсан. Улс төрийн түнэр харанхуй шоу дундуур явсаар байгаад, маш их хүлээлт үүсгэж айдаст автуулаад өнөөдөртөө золгож байгаа юм. Сүүлийн 8 жилийн улс төрийн тогтвортой байдлын үр дүнд энэ төсөл өнөөдөр ингээд бид бүхэн яг ширээний ард суугаад, хэлэлцээд сайн,муугаа ярилцаад сууж байгаа юм.

Энэ 2 талаасаа ЗГ-ын хооронд хэлэлцээр байгуулаад төмөр замаа холбох ажил ингээд яригдаад эхэлж байна. Энэ төмөр зам батлагдах юм бол яг хэзээ дуусаад хэзээ эхлэх юм бэ? Энэ цаг хугацааг нь иргэддээ маш тодорхой хэлж өгөөч? Маш их хүлээлт үүсчихсэн, тэнгэр дээр л нэг том юм байгаа мэт ийм ойлголтыг иргэддээ өгчихсөн. Үүн дээр улс төрийн шоу хийсээр байгаад, иргэд нь төрдөө итгэхээ байчихсан. Ийм хүндрэлтэй асуудал үүссэн. Энэ төсөл яригдаж байх үед Монгол Улсын эдийн засаг 17%-ийн өсөлттэй дэлхийд өндрөөр үнэлэгдэж байсан.

Алтан боломжтой тэр цаг үед энэ төсөл хэрэгжээд явсан бол өнөөдрийн яригдаад буй 17 мега төсөл, ажил хэрэг болчихсон иргэд маань үр өгөөжөө хүртээд байж байх байсан. Иргэдийн дунд нэг том төөрөгдөл байгаа. Хоёр зам нь зөрчихсөн, өндөржилтийн зөрүүтэй гээд. Үүнийг иргэддээ товч бөгөөд тодорхой ойлголтыг өгөх нь зөв. Монголоос явж буй төмөр зам, хилийн бүс рүүгээ орно. Цаанаас явж буй зам орж ирээд, хилийн бүс дотроо нүүрсээ буулгах зам гэж би ойлгоод байгаа юм.

Түүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn