Ч.Хурц: Дотоодын компаниуддаа давуу эрх олгож босгох нь чухал
Геологи, уул уурхайн үйлдвэрийн сайд асан, доктор Ч.Хурцаас Ашигт малтмалыг экспортлох үр дүнтэй аргын талаар тодрууллаа.
-Өнөөдрийн эрдэс баялгийн салбарын бодлогыг та хэрхэн дүгнэх вэ. Ажлаа мэдэхгүй хүмүүс томилогдож байгаа гэж шүүмжлэх нь бий?
-Эрдэс баялгийн бодлого гайгүй явж байна. Гэхдээ ганцхан муу юм байна. Мэргэжлийн бус хүмүүсийг олноор төрийн захиргаанд тавьснаас болж төрийн уламжлалт ёс байхгүй боллоо. Юу хийхээ мэдэхгүй хүн яаманд томилогддог боллоо. Үүнд л санаа зовж байна.
-Байнгын маргаан дагуулдаг экспортын ашигт малтмалын бүтээгдэхүүний жишиг үнийн асуудал яригдсаар байна. Үүнийг хэрхэн шийдвэл зохистой вэ?
-Компаниудын тавьж буй санал зөв. Бодит борлуулалтаараа хийсэн бодлого дээр нь үндэслэж, дундажлаж жишиг үнийг тогтоох чухал. Тэрнээс биш дэлхийн зах зээлийн зэсийн үнэ, хятадын сингапурын зэсийн үнэтэй адил жишиж болохгүй. Хөгжлийнхөө анхны үе шатад явж байгаа манайх шиг улс аль болохоор дотоодынхоо компаниудын өсч өндийх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Дотоодын компаниуддаа давуу эрх олгож босгох нь чухал. Экспортын бүтээгдэхүүний жишиг үнийн асуудлаар яаман дээр үе үе уулзалтууд хийж байна. Эрдэмтэд, ахмадууд, шинжээчид саналаа хэлж байна.
-Нөгөө талаас жишиг үнийн асуудал ашигт малтмалын бүтээгдэхүүнийг түүхийгээр нь экспортлуулахгүй гэсэн бодлоготой уялдаж байгаа?
-Зэсээр жишээ авахад, зэсийн борлуулж буй үнэ дэлхийн үнэ хоёр ялгаатай. Бид аль болохоор монголын компаниудын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өртөг дээр суурилан жишиг үнээ тогтоогоосой. Ер нь түүхийгээр ашигт малтмал экспортлох буруу. Гэтэл баяжуулсан нүүрс гаргаж, хогийг нь нутаг дээрээ хаяхын оронд түүхийгээр нь нийлүүл гэсэн бодолтой хүмүүс байдаг. Энэ бол буруу асуудал юм.
-Тэгвэл бид ямар аргаар ашигт малтмалаа өөрт ашигтайгаар экспортлож болох вэ?
-Ухаа худгийн баяжуулах фабрикийг ашиглан Эрдэнэс МГЛ-ын дөрөвдүгээр давхаргаас гаргаж буй сайн чанарын коксжих нүүрсийг аваад, 0 давхаргын нүүрстэй нь 55/45, 40/60 хувиар холиод, баяжуулаад, коксжих түвшинд хүргээд зарвал үр дүнтэй. Өнөөдөр манай улс нүүрсийг боловсруулах гээд дэмий зардал нэмж байна. Ухаа худагийн 15 сая тонны нүүрс угаах хүчин чадалтай фабрикийг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй байгаа.
Тиймээс дэмжээд, Эрдэнэм МГЛ таван саяа Ухаа худагтаа өгөөд, өндөр үнээр үр ашгийг авах боломж бий. Доод талын чанар муутай нүүрсээ сайн нүүрстэй холиод бүгдийг сайн болгон үнэ өсгөх эрдэм шинжилгээний үндэслэлтэй арга байна.