Ч.Хурц: Төмрийн хүдрийн том орд илрүүлэх бүрэн боломжтой
Геологи, уул уурхайн үйлдвэрийн сайд асан, доктор Ч.Хурц
2013.07.01

Ч.Хурц: Төмрийн хүдрийн том орд илрүүлэх бүрэн боломжтой

Геологи, уул уурхайн үйлдвэрийн сайд асан, доктор Ч.Хурцтай төмрийн хүдрийн геологийн нөөц болон ашиглалтын талаар ярилцлаа.

-МУ-д төмрийн хүдрийн тогтоогдсон нөөц нэг тэрбум тонн, үйлдвэрлэлийн нөөц 600 сая тонн. Гэтэл жилийн таваас дээш сая тонноор өдөр шөнөгүй гаргаж, Засгийн газар үүнийг дэмжиж байгаа нь манай ирээдүйд баригдах Дарханы аж үйлдвэрийн цогцолбор, хар металлургийн үйлдвэрт хомсдол бий болгох магадлалтай. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

 Хар төмөрлөгийн үйлдвэр улс орны хувь заяаны асуудал. Хаана хөгжинө, тэр улс орны хөгжил өөдөө гардаг номтой.

Монголын гол төмрийн нөөц Хойд Хэнтийн геологийн тогтоцын Баянголын хагарал хэмээх бүсээ дагасан Ерөө голын хагарал хоёрын хооронд байдаг юм.

Энэ бол сайн чанарын байгаль дээр 52-64 хувийн агуулгатай төмөр. Энэ төмөр хүссэн хүсээгүй аргалж, хорголж хийхгүйгээр цаашаа махан төмрийг 90 хувьд хүргэж чадахгүй.

Баяжууллаа гээд 70 хувиас илүү гаргаж чадахгүй. Тэгэхээр одоо Ерөө голын хэсэгт байгаа 480 сая тонны үйлдвэрийн 380 нь үйлдвэрийн зэргээр баригдсан. Монголын дотоодын хэрэгцээ 1-1,2 сая тн болчихлоо. Төмөр гангийн хэрэглээ төмөр зам орохгүйгээр ийм хэмжээнд хүрлээ. Энэ асар их бүтээн байгууллат явж байгаатай холбогдуулаад гангийн үйлдвэрлэл хүссэн хүсээгүй, босохоос өөр аргагүй байдалд орлоо.

380 сая тонныг ашиглаж байгаа ч гэлээ гэсэн. Энэ нөөц дуусч байна гэж бодохгүй байна.

-Яагаад?

Байшинт худаг, Хөвсгөл аймгийн Бүрэгхангай сумын нутагт Булган аймгийн төмрийн орд газар байж байгаа. Түүнээс гадна Архангай аймгийн зүүн талыг Батцэнгэл сумаас эхлээд урагшаа Түгшрүүлэхийн сангийн аж ахуй хүртэл монголын хоёрдох төмрийн бүс бий. Энэ төмрийн бүсийн агуулга 42 хувь, баяжуулах технологийн хувьд муу.

Хоёрдох төмрийн хүдрийн бүсийн нөөц өндөр агуулгатай, баяжуулах технологи хялбар, нойтон баяжуулах үйлдвэрээр 70 хүртэл хувиар баяжуулна.

Хаягдаж байгаа шороог хаяж болохгүй. Баяжмалаас үлдсэн төмрийн шороог бид дараа нь ашиглана. Тухайлбал Эрдэнэтийн үйлдвэрийг анх байгуулахад өнгөн хөрсөнд гарсан хүдрийг хог мэт овоолоод хөрс хуулалтын тэнд асгасан. Өнөөдөр шинэ технологи гараад эндээс эрдэнийн металл зэсээ гаргаад, металл зэсээрээ цахилгааны уртасгагч гаргаад эцсийн бүтээгдэхүүн гаргаж байна.

Энэ тохиолдолд нэг тонн зэсийн үнэ 12-13,000 долларын үнэтэй болж байгаа. Зэс өөрөө баяжмал дотроо 27 хувийн агуулгатай эрдэнэтийн зэс тонн нь 900-1200 долларын хооронд зарагдаж байгаа. Үүнтэй нэг адил.

Эцсийн бүтээгдэхүүн энэ баяжмалаас хаягдаж буй төмрөө ашиглах хэрэгтэй.

Хүссэн хүсээгүй энэ цаг ирнэ. Түүнээс гадна металлургийн үйлдвэрээ Дарханы районд 1,2-1,5 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ барих ёстой.

-Одоо үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит Дархан төмөрлөгийн үйлдвэрийн хүчин чадал хэр байгаа вэ?

Төмөртэй, Төмөртолгойг ашиглаж байгаа Дарханы гангийн үйлдвэр хүчин чадлаа муу ашиглаж, монголын дотоодын хэрэгцээг хангах арматурын төмөр гаргаж чадахгүй байна. Тэгэхээр Дорнод, төвийн бүс нутгаа хангах асуудал тулгарч байгаа учраас төмрийн орд газрын судалгааг Дархан, Сэлэнгийн нутагт үргэлжлүүлэн хийх шаардлагатай. Хайгуулын шатанд хувийн компаниуд ажиллаж байгаа. Одоо Ерөө голын урд хоёр орд олчихоод  хайгуул хийж байна.

Энэ мэтчилэнгээр Ерөөгийн үргэлжилсэн Архангайн аймгийн Батцэнгэл хүртэл үргэлжилсэн бүс нутагт төмрийн хүдрийн том орд илрүүлэх бүрэн боломжтой.

Түрүүч нь нээгдээд явж байгаа. Тэгэхээр нөөц дууслаа гэж ярихаас өмнө үйлдвэрээ байгуулах талаар ярих ёстой. Одоо хүртэл Дарханд үйлдвэр барихгүй байгааг гайхдаг.

Дархан баригдах хар металлургийн үйлдвэр цогцолбор бол Сайншандад баригдах аж үйлдвэрийн хэрэгцээ, төмөр бетонон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гол эх үүсвэр болох ёстой.

Тийм учраас өнөөдөр нөөц нь дуусна гэхээсээ урд нөөцөө нэмэгдүүлэх чиглэлд хандаж, төрийн бодлогоор Ерөө Дарханы сав газарт үргэлжлүүлэн судалгаа хийх хэрэгтэй. Энэ ажлыг уул уурхайн яам дотодын төсвийн хөрөнгөөр хамаагүй геологи хийх ёстой.

-Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь одоогийн байдлаар Нойтон баяжуулах үйлдвэрийн шинэ төслийг эхлүүлсэн бөгөөд барилга угсралтын шатандаа яваа.  

1,2-1,5 сая тоннын хүчин чадалтай ган металлын үйлдвэрийг барих ёстой. Гангийн чанарыг сайжруулахын тулд хром, марганц олох хэрэгтэй. Хромын нөөц байгаа. Дундговийн нутагт нөөцийн илрэлүүд бий. Гэхдээ дэлхийн том ордын хэмжээнд бус, дотодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Марганцын судалгааг маш түргэн хугацаанд хийх хэрэгтэй. Дарханд ган металлын үйлдвэр барина гэж төлөвлөчихөөд юу юу хэрэгтэй вэ гэдгээ судлах нь чухал. Манайд хромын орд бараг байхгүй. Жижиг ордууд л байгаа. Хромын ордыг яаран хайх шаардлагагүй.

Сайн чанарын гангийн үйлдвэртэй больё гэвэл дагалдах элементийн нөөцөө судлах хэрэгтэй.

-Одоог хүртэл гангийн үйлдвэрийг хөгжүүлээгүй шалтгаан нь юу вэ?

Бодлого байхгүй байна. Төрөөс хөгжүүлэх бодлогын цар  хүрээ хязгаарлагдмал. Юунд яах гэж байгуулах гэж буйгаа бодох хэрэгтэй. Өнөөдөр махан төмөр 92-94 хувийн агуулгатай шингэн төмрийг хийх цаг ирсэн. Гангийн үйлдвэр барьж байгаа бол ширэм, махан төмөр үйлдвэрийг бас хажууд нь барих хэрэгтэй.

Дархан хотоос 14-15 км-ийн зайд Ноён хонгорын талбай гэдэг газар гангийн үйлдвэрийг барих бүрэн боломжтой.

Дараа нь баруун монголын төмрийн хүдрийн судалгааг эрчимжүүлэх хэрэгтэй. Оросын Хагкас, Борнаулд металл боловсруулах үйлдвэр байдаг. Тиймээс оросын өмнөд тал, Казахстан, Хятадын Ганьсу мужийг төмрөөр хангах боломжтой. Тэдэнд хэрэгцээ байна.

-Баруун монголд хар металлургийн үйлдвэр барих нь ямар ашигтай юм бэ?

Ямар ч байлаа гэсэн монгол баруун бүсдээ хар металлургийн үйлдвэр барьсан тохиолдолд хэрэглэгч, экспортлогч орон олон. Монголд сайн чанарын ган үйлдвэрлэсэн тохиолдолд Герман, баруун европод нийлүүлэх бүрэн боломжтой.

Бодлогын хэмжээнд төвийн азийн хэсгийг хангах гангийн үйлдвэрийг баруун бүсэд барих хэрэгтэй. Үүнд 10-15 сая тонн махан төмөр үйлдвэрлэх боломжтой, геологийн нөхцөл бүрэн бүрдчихээд байна. Гагцхүү төрөөс зориудаар төсвөөс хөрөнгө гаргаад баруун монголыг үйлдвэржүүлэхэд анхаарах цаг нь болсон.

Би “Гложекс” ХХК-ийн геологичидтой хамтарч монголын баруун бүсэд хар төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх асуудлаар судалгаа хийлээ. Энэ бодлогыг барьж аваад хөгжлийн 10-15 жилийн хөтөлбөр гаргах хэрэгтэй. Геологийн ажлыг баруун монголоос эхлүүлвэл 5 жилийн дотор, Увс завхан аймгийн нутагт 2-3 миллиардаар хэмжигдэх төмрийн хүдрийн ордыг илрүүлэх боломжтой. Учир нь геологийн урьдчилсан нөхцөл бүрдчихээд байна.

Монгол улсын хэмжээнд үйлдвэрүүдээ зөв байрлуулах хэрэгтэй. Сүхбаатар, Дорнод, Дорноговийн нутагт байгаа жижиг ордыг хувийн компаниуд сэглэж дууслаа, үүнийг зогсоох хэрэгтэй. Нэгдсэн бодлого гаргаж, хар төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй.