С.Хүдэр: Нойтон баяжуулах үйлдвэр барихад усны асуудлаа зөв шийдэх нь чухал
“Засаг чандмань майнз” ХХК-ны баяжуулалтын инженер С.Хүдэртэй төмрийн салбарын нэг ойрын зорилт болоод буй нойтон баяжуулах үйлдвэрийн талаар ярилцлаа.
-Төмрийн хүдрийн баяжуулалтын чиглэлээр хичнээн жил ажиллаж байна вэ?
2001 оноос хойш ажиллаж байна.
-Ер нь манай улсын хувьд төмрийн хүдэр экспортлогчид нойтон баяжуулалтын үйлдвэр барихаар зорьж байна. Ер нь энэ чиглэлд юуг анхаарч ажиллах ёстой вэ?
Би энэ чиглэлээр дипломоо хүртэл бичиж байсан. Сүүлийн гурван жил яг энэ чиглэлээрээ түлхүү дагнаад эрчимтэйгээр манай компани нойтон баяжуулах үйлдвэр барихаар бичиг цааснаас эхлээд судлаад явж байна.
Нойтон баяжуулах тухайд ойрын зорилт бол яах аргагүй мөн. Хийхээс өөр арга зам бидэнд байхгүй. Нойтонгоо хийх хэрэгтэй.
-Яаж хийх вэ?
Лицензтэй компаний хувьд эрчим хүч, зам харилцаа ус, дэд бүтцийн асуудлаа шийдэх тулгамдсан асуудал байгаа. Хангайн бүсэд усны асуудал арай хялбар. Харин говийн бүсэд ус хайж олоход төвөгтэй. Газрын гүний ус хэрэглэдэг. Үүгээрээ томоохон хэмжээний хайгуул хийдэг.
-Дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ. Энэ үнэхээр тулгамдсан асуудал мөн үү?
Нойтон баяжуулах үйлдвэрт томоохон тоног төхөөрөмж ашигладаг учир цахилгаан их шаарддаг.
Манай компаний хувьд Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг. Тэр бүс нутагт эрчим хүчний хүрэлцээ маш хомс учраас компаний дангаараа эрчим хүч татаж, цахилгаанаа шийдэж, зам тавихад их хүндрэлтэй.
Тэгэхээр энэ нэгдэл холбоогоор дамжуулаад засгийн газарт, төмөрлөгийн салбарт төрөөс баримтлах бодлогод нэгдсэн бодлогоор хандах нь зүйтэй байгаа.
-Дарханы Төмөртэй ордыг тойрсон долоон үйлдвэрт нойтон баяжуулах технологийг ашиглаж, баяжмал гаргаж авах оролдлогууд хийгдсэн байдаг. Та тэдгээрийг үзсэн хүний хувьд тэдний туршлагаас юу суралцсан вэ?
Дарханд долоогоос найман үйлдвэр бага хүчин чадал багатай үйлдвэрүүд барьсан байна. Нэг нэгээрээ жоохон юм бариад худалдан авагч нар дээр очиход яаж хүлээж авах вэ, нэгдээд нэгдэл болоод очвол хэрхэн очих вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.
Том байдлаар нийлүүлэгч талтай үнэ тохирвол бас өөр хэрэг шүү
-Өнөөдөр дэд бүтцийн асуудал их тулгамдаж байгаа. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
Монгол орны эдийн засаг уул уурхай дээр тулгуурлаж байгаа. Нөгөө талаасаа байгаль орчин гэж ярина. Энэ хоёрыг л нэг боломжтой төвшинд уулзуулах хэрэгтэй. Тэнцвэрийг барих хэрэгтэй.
Жижиг компанид төмөр зам татах санхүүгийн боломж байхгүй учраас үүн дээр төр засаг туслах хэрэгтэй. Одоо дэд бүтцийн асуудлыг шийдэхийн тулд нэн түрүүнд асфальтан зам /хар/ тавьж, орон нутаг, төрийн байгууллагын хяналтыг сайжруулах хэрэгтэй болов уу. Уул уурхайг эмх цэгцтэй, хариуцлагатай хөгжүүлэхээр ажиллаж буй хүн олон бий.
Эхний ээлжинд сайжруулсан шороон замаараа маршрутыг нь баталж өгөөд, эмх цэгцтэй яваад, төмөр замдаа хүргээд, тэндээсээ төмөр замаараа тээвэл боломжтой.
-Баяжуулалт хийхэд ус их шаардлагатай. Усаа яаж ашиглах вэ?
Говийн бүсэд ус хэрэглэнэ, хэрэглэхгүй гээд ярьдаг. Гэхдээ одоо байгаль орчин, ногоон хөгжлийн яам үнийн ялгаатай бодлого барьж байна. Тэгхээр бид усыг эргүүлэн ашиглах хэрэгтэй.
Дарханы нойтон баяжуулах үйлдвэрүүдийн алдаа нь усны асуудлаа шийдэж чадаагүйд байгаа юм. Үүнийг л шийдэх хэрэгтэй. Бид энэ алдааг давтаж болохгүй. Мэдээллээ бие биендээ сайн солилцоё.