М.Баянмөнх: Хүдрээ бөөнцөг болгоод экспортлох нь зөв
ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баянмөнх
2013.06.17

М.Баянмөнх: Хүдрээ бөөнцөг болгоод экспортлох нь зөв

ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баянмөнхөөс төмөрлөг боловсруулах үйлдвэр барих ажил ямар явцтай байгаа талаар ярилцлаа.

-Засгийн газраас төмөрлөг боловсруулах үйлдвэрийг эхлэлийг тавих үүднээс нэлээдгүй эрчимтэй ажиллаж байгаа. Боловсруулах үйлдвэр барих ажил ямар шатандаа явж байна вэ?

Засгийн газраас төмөрлөг боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого гаргасан. Бид төмөрлөг үйлдвэрлэгчид болон олборлогчидтой хамтарч ажиллаж, санал солилцож байгаа. Манай улсад Төмөрлөгийн холбоо, Металлургийн холбоо, Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбоо зэрэг хэд хэдэн ТББ идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Мөн олборлогч, экспортлогч компаниуд гэвэл “Болд төмөр Ерөө гол” ХХК, “Бэрэн майнинг”, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр бас олборлолт явуулж байна.

Ингээд дээрх газруудтай төмөрлөг үйлдвэрлэлийг монголдоо хөгжүүлэх талаар нэлээдгүй уулзалтыг зохион байгуулсан. Түүнчлэн уурхайн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Ерөнхий сайдын хэмжээнд хүртэл уулзаж ярилцсан.

-Тэгээд ямар шийдэлд хүрсэн бэ?

 Ерөнхийдөө төмрийн хүдэр олборлоод баяжуулаад дэлхийн зах зээлийн үнээр борлуулах боломж бидний хувьд нээлттэй байгаа учраас хүдрээ 70 гаруй хувь хүртэл баяжуулья гэсэн шийдэлд хүрсэн. Үүний тулд эхний алхам нь төмрийн хүдрийн бөөнцөг үйлдвэрлэх явдал. Үүнийг тээвэрлэхэд ямар нэгэн асуудал үүсдэггүй, өндөр агуулгатай учраас зах зээлийн үнээр борлогдох боломжтой. Одоогийн байдлаар хоёр талаас санал гаргаад, төслөө хийгээд ажиллаж байна.

-Төмрийн хүдэр олборлогчдын зүгээс Засгийн газраас зээл авах хүсэлтэй байгаа гэсэн. Нэг уурхайд баяжуулах үйлдвэр  барихад 20 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Энэ саналыг хэрхэн үзэж байгаа вэ?

Манай сайд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодтой уулзаад нэг л санал тавьсан. Тус тусдаа баяжуулах үйлдвэр бариад хэрэггүй. Засгийн газар компанийг дэмжих бодлого барихгүй. Харин салбарын дэмжинэ гэсэн. Энэ утгаараа компаниуд, холбоод нэгдээд нэгдсэн бодлогоор ажиллаж, төсөл боловсруулахаар болсон. Ийнхүү жилийн хоёр сая тоннын хүчин чадалтай үйлдвэр байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрцгээсэн. Одоо үйлдвэр барих газар байршил, хөрөнгө оруулалтын асуудлыг компаниуд төсөл хийгээд судалж байгаа.

-Шинээр үйлдвэр барихаас гадна нөөц бололцоотой үйлдвэрүүдээ хэрхэн ашиглах вэ?

Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг битүү цикльд/эргэлт/ оруулах бодлого барьж байна. Үүнд төмрийн хүдрээ баяжуулж, ангижруулаад цааш нь металл гаргаж барилгын материал түүхий эд үйлдвэрлэх эргэлдсэн шат дамжлагад оруулж, эцсийн бүтээгдэхүүн гаргана гэсэн үг. Одоо энэ ажил судалгааны түвшинд явж байна.

-Дархан Сэлэнгийн бүст төмрийн аж үйлдвэрийн цогцолбор барих асуудал бас яригдаж байгаа шүү дээ. Тэр ямар учиртай юм бэ?

Аж үйлдвэрийн цогцолбор бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон ажил байгаа юм. Цогцолборыг барихын тулд Дэлхийн банкны санхүүжилтээр судалгааны ажлыг хийж байна. Ямартай судалгааны эхний ажлуудыг хийчихсэн. Одоо технологийн сонголтууд хийгдэх ёстой. Нэгээр хэлбэл ямар технологи цогцолборт тохиромжтой вэ гэдгийг судалж, дөрвөөс таван технологийг судалж байна. Дараа нь ТЭЗҮ хийгдэнэ. Гэх мэтчилэн маш нарийн зохион байгуулалттайгаар шат дараалалтай явна.

-Манай улсын төмрийн хүдрийн ашиглалтын нөөц 600 сая тн. Бөөнцөг байдлаар баяжуулж гаргалаа гэхэд үсрээд 140 ам.доллараар л борлогдоно. Эцсийн бүтээгдэхүүн гаргаж, улс орныхоо хэрэгцээг хангах төмөр ган үйлдвэрлэх чиглэлд бүрэн анхаарвал зүйтэй биш гэж үү?

Бид эхлээд бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээр борлуулдаг хэмжээнд хүрэх хэрэгтэй. Бөөнцөгийг үйлдвэрлээд 62 хувиас дээш хувьтай үйлдвэрлэвэл нэгдүгээр алхам биелнэ, хоёрдугаар алхам нь ангижруулаад төмөр металл хэлбэрээр гаргаж авах явдал. Ингэвэл жилд хичнээн сая тонны хүчин чадалтай үйлдвэр барих вэ гэдэг асуудал гарна.

Яагаад гэхээр манай дотоодын зах зээлийн хэрэглээ маш бага. Бид дандаа экспортод зориулсан хагас боловсруулсан бүтээгдэхүүн гаргах байдлаар явахгүй бол дотоодын зах зээлээ л хангаад байвал эдийн засгийн үр ашиг нь багасах аюултай. Зөвхөн дотоодын хэрэгцээг хангах үйлдвэр барих нь ашиггүй гэсэн үг.

-Манай дотоодын хэрэгцээ хичнээн тонн төмрийн баяжмал байдаг гэсэн үг вэ?

Жилийн 200-300 сая тн ангижруулсан төмрийн хүдрийн баяжмал байгаа. Үүний 190 орчим хувийг гаднаас авч байна. Барилгын арматур төмөр, багахан хэмжээний металл хийц эдлэлүүд орно. Хэрэгцээ өсөөд жилийн таван зуугаас нэг сая тн болно. Хятад улсын хэрэгцээ хэдэн зуун сая шүү дээ.  Гадны зах зээл, худалдан авагчаа олох хэрэгтэй.

Нэгэнт эрдэс баялгаа ашиглаад тодорхой хэмжээгээр ашиг орлого олж байгаа учраас бөөнцөг болгоод экспортод гаргах нь зөв. Тэгэхгүй баахан үйлдвэр барьчихдаг, бүтээгдэхүүнийг нь авах газар байхгүй бол хэцүү.

Сайн судалж байж шат дараалсан арга хэмжээ авна.