Л.Баяраахүү: Нойтон баяжуулах үйлдвэр баривал 5000 ажлын байр нэмэгдэнэ
“Монголын Төмөрлөг Үйлдвэрлэгчдийн Холбоо”, “Монгол Ган Нэгдэл” ХХК-ын гүйцэтгэх захирал Л.Баяраахүү
2013.06.17

Л.Баяраахүү: Нойтон баяжуулах үйлдвэр баривал 5000 ажлын байр нэмэгдэнэ

“Монголын Төмөрлөг Үйлдвэрлэгчдийн Холбоо”, “Монгол Ган Нэгдэл” ХХК-ын гүйцэтгэх захирал Л.БаяраахүүтэйТөмөрлөг үйлдвэрлэлийн салбарын ирээдүйн хөгжлийн талаар ярилцаж, төр хувийн хэвшлийн зүгээс хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаарх байр суурийг нь сонирхлоо. 

-Манай улсын төмрийн хүдрийн геологийн нэг тэрбум тонн, үйлдвэрлэлийн 600 сая тонн нөөцтэй гэж тооцсон байдаг. Хятад улсын нэг жилийн төмрийн хүдрийн хэрэгцээ 1 тэрбум гаруй тонн. Тэгэхээр бид ирээдүйгээ найдвартай байлгахын тулд түүхийгээр хятад руу зөөх нь утгагүй гэдэгтэй та санал нийлэх үү?

Төмрийн хүдэр олборлодог компаниуд Хятадад бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэж өрсөлдөж байдаг. Үүний дотор хамгийн том нийлүүлэгчид нь Бразил, Австралийн компаниуд байдаг.

Монголд олборлосон төмрийн хүдрийг БНХАУ-ын хэрэглэгчид л авдаг, цаашдаа тэд л авах байх. Иймээс нэгэнт гаргаад эхэлсэн төмрийн хүдрээ яаж илүү ашигтай зарах чиглэлээр ажиллах нь зүйн хэрэг.

Харин Монголын төмрийн хүдэр экспортлогчид илүү өртөг нэмсэн, дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргаж, худалдан авагч тоох хэмжээгээр зарахыг зорьж байгаа. Энэ нь манай орны эдийн засагт өгөөжтэй нөгөө талаас худалдан авагчид ч үүнийг шаардаж байдаг.

Төрийн зүгээс түүхий эдийн эскпортын багасгахын тулд өндөр татвар тавиад буй. Харин нэмүү өртөг шингэсэн дараагийн түвшний үйлдвэр барихаар Дарханы боловсруулах үйлдвэрийн шавийг тавьсан?

Тийм ээ. Гэхдээ аливаа зүйлийг шат дараалалтай хөгжүүлэх ёстой. Эхлээд хүдрээ баяжуулах хэрэгтэй, дараа нь хорголжин төмөр хийж сурах байх, дараа нь ширэм ган гээд ярих болно.  

Эрдэс баялгийн салбар дах төрөөс баримтлах бодлогыг гаргаад хэлэлцэж байна. Уул уурхайн яамнаас төмөрлөгийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг гаргасан. Үүнд та бүхэн саналаа тусгаж чадав уу, ямар санал хэлсэн бэ?

Бид Уул уурхайн яам болон Эдийн засаг хөгжлийн яамтай байнгын харилцаа холбоотой ажиллаж байна. Манай төмөрлөг  үйлдвэрлэгчид эхний ээлжинд Уул уурхайн яам болон Эдийн засаг хөгжлийн яамаар дамжуулаад Засгийн газрын бондноос тодорхой хэмжээний санхүүжилт хүсч байгаа бөгөөд баяжуулсан төмрийн хүдрийн үйлдвэр байгуулах зорилготой юм. Бондын хөрөнгөөс санхүүжилт олговол уурхайнуудынхаа дэргэд баяжуулах үйлдвэр байгуулна.

Нэг уурхайд баяжуулах үйлдвэр байгуулахад хичнээн төгрөг шаардагдана гэж тооцсон бэ?

Янз бүр. Ойролцоогоор 20-иод тэрбум төгрөг  болох байх. Үйлдвэр байгуулах хөрөнгө оруулалт дэд бүтэц, цахилгаан эрчим хүч, ус зэрэг олон зүйлээс хамааралтай.

-Одоо ажиллаж байгаа хамгийн том уурхай ямар газар вэ?

“Болд Төмөр Ерөө гол” ХХК хүдэр олборлож буй хэмжээгээрээ нэгдүгээрт орж байна. Хоёрдугаарт “Алтайн хүдэр” ХХК, “Монлаа” ХХК, “АнхайинтернэйшнлХХК зэрэг орж байгаа.

-Хятадын нөлөө хэр их байгаа вэ?

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд янз бүрийн орны хөрөнгө оруулалтай байдаг. Гэхдээ эдгээр компаниуд хаана бүртгэлтэй вэ гэдэг нь сонин асуудал юм. Монголд төмрийн хүдэр олборлон экспортолдог ААН-үүд  тухайлбал Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны гишүүд бүгдээрээ Монгол улсад бүртгэлтэй  Эдгээр ААН-үүдийн экспорт Монголын экспортод тооцогдоно.

Боловсруулах үйлдвэр барихад ЗГ-аас дэмжлэг хүсч байгаа. Гэхдээ үүнээс өмнө та бүхэнд одоо байгаа нөөц боломж чинь юу вэ. Энэ талаар ярихгүй юу?

Манай төмөрлөг экспортологч аан-д 2002 оноос хойш арав гаруй жилийн турш эерэг, сөрөг олон зүйлийг давж туршлагатай болчихсон компаниуд. Харин тэдэнд төмрийн хүдрийг боловсруулах дараагийн шат руу орох чадал нь хүрэхгүй байгаа юм. Тус салбарт 10 мянган хүн ажилладаг. Хэрвээ нойтон баяжуулах үйлдвэрийн төслийг эхлүүлж, хэрэгжүүлж чадвал шууд 5000 ажлын байр шинээр нэмэгдэх боломжтой. Орон нутгийн төсөвт оруулах хувь нэмэр нь өснө.

Төмрийн хүдрээ баяжуулаад эхэлбэл цахилгаан эрчим хүчний борлуулт, тээврийн хөлс зэрэг их хэмжээний мөнгө Монголд үлдэнэ. Ханган нийлүүлэгчид нэмэгдэж, ажлын байртай болно. Жишээ нь төмрийн баяжмалыг хоёр тонны багтаамжтай уутанд хийж тээвэрлэх шаардлагатай байдаг. Харин тэр уутыг хийхэд 10 гаруй хүн өдөр шөнөгүй оёох шаардлагатай болдог. Тиймээс “Бэрэн майнинг”ХХК-нь үйлдвэрийнхээ дэргэд оёдлын цех ажиллуулан 10 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна. Гэх мэтчилэн ажлын байр олноор бий болно.

Төмрийн хүдрийн олборлолт, экспортод тээврийн асуудал хүндээр тусч байна гэсэн. Тэгвэл өндөр өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлвэл тээврийн асуудал хэвээр байх юм биш үү?

Өндөр өртөг шингэсэн бүтээгдэхүүн өөрөө тээврийн зардлаа даачих чадалтай. Одоо төмрийн хүдрийн тээвэр нийт өртөгт 50 гаруй хувь болж байхад төмрийн баяжмалд энэ зардлын эзлэх хувь 2 дахин буурна. Өөр зах зээлд гарахад ч дөхөмтэй. Өртгийг нэмээд, түүнд эзэлж байгаа тээврийн зардлыг л багасгах ёстой.

Төмөр үйлдвэрлэлийг хөгжүүлвэл дотоодынхоо барилгын арматурын хэрэгцээг ядаж хангадаг болно. Импортын төмөр бүтээгдэхүүний хэмжээг багасгаж, дотооддоо үйлдвэрлэх нь бидэнд ашигтай?

Миний бодлоор хөдөө аж ахуйгаа хөгжүүлье гэвэл хөдөө аж ахуйгаа эрчимжүүлэх хэрэгтэй гэж боддог. Эрчимжсэн хөдөө аж ахуйн гол үндэс нь усжуулалт. Усжуулалтыг хямдхан турбагаар л шийднэ. Энэ трубагаа өөрсдөө хийж сурах хэрэгтэй. Голуудаас талбай руу ядаж ус татаж чаддаг болох хэрэгтэй. Үүнийг манайхан ярихгүй байгаа. Ярих хэрэгтэй. Арматур л гээд байгаа. Арматур чинь энгийн бүтээгдэхүүн.

Гэхдээ бид төмрийн баяжмал, хорголжин төмрөө хийгээгүй байгаа мөртлөө дараагийн шат руу шилжиж болохгүй юм. Үүнийгээ хоёр жилийн дотор үйлдвэрлээд, стандартын түвшинд хийгээд сурчихвал цаашид төмөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар ярих боложтой болж эхлэх юм.

Хорголжин төмрийг  чанарын өндөр түвшинд хийхийн тулд стандартад нийцсэн байхаар бутардаггүй байлгах хэрэгтэй. Энийг л эхлээд хийгээд сурья. Тиймээс манай холбооныхон гангийн үйлдвэрийг ярьдаггүй. Цаг нь болоогүй. Түүнээс биш төмөр экспортлогчид өч төчнөөн гангийн үйлдвэрээр яваад үзсэн, судалсан байдаг. Гангийн үйлдвэр нүсэр эд. Гэхдээ маш их хэрэгтэй, маш чухал салбар. Монголын ирээдүйд ач холбогдолтой учраас олон талаас нь бодолцож, зөв шийдвэр гаргах ёстой.