Б.Нэргүй: Нэг далайлтаар бүхнийг хийж болохгүй
Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй
2013.07.01

Б.Нэргүй: Нэг далайлтаар бүхнийг хийж болохгүй

Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүйтэй төмөрлөг үйлдвэрлэлийн салбарын талаар засгийн газраас баримталж буй бодлогын талаар ярилцлаа.

-Төмрийн хүдэр олборлогчид нойтон баяжуулах үйлдвэр лүү чиглэж байгаа. Үүн дээр засгийн газар ямар байдлаар оролцож байна.

Төмрийн хүдрийн нөөцийн ихэнхи хэсэг нь Дархан, Сэлэнгийн нутагт бий. Экспортлогч компаниуд төмөр,  төмрийн хүдрийг Хятад улс руу ихэвчлэн экспортолж байна. Өнгөрсөн жил гэхэд 6,2 сая тонныг экспортолсон нь том улсын хувьд бага тоо ч, манай улсын хувьд их тоо. Нөгөө талаасаа хүдэр хэлбэрээр экспортлохоор үнэ өртөг нь бага байна. Боловсруулалт хийгээд гаргавал өртөг нь нэмэгдэж, чанар нь сайжирна.

Бидний хийх ёстой ганцхан зүйл нь эксппортын бүтээгдэхүүний чанарыг сайжруулах асуудал. Хэрвээ чанарыг сайжруулвал бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр борлуулж, өртөг нэмэгдэнэ. Энэ нь монгол улсад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний орлого орно гэсэн үг.

Үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр улсын эдийн засагт нөлөөтэй. Нөгөө талаасаа одоо гаргаж буй төмрийн хүдрийг сайжруулах талаар яамнаас тодорхой ажлуудыг хийж байгаа.

-Засгийн газраас бүх үйлдвэрийг дэмжих боломжгүй гэсэн. Хэрхэн яаж зохицуулах вэ?

Нөгөө талаас ганц нэгээрээ хятадуудтай наймаа хийх бус, нэг консорциум ассоциаци зохион байгуулалтад орвол хүчтэй учраас энэ замын сонгосон. Ингэснээр хөрөнгө оруулалтын хэмжээ ч өснө. Шинээр ч үйлдвэр барих боломжтой болно.

Нэг далайлтаар бүхнийг хийж болохгүй. Үе шаттайгаар явна. Эхний ээлжинд нойтон баяжуулах үйлдвэрийг барьж, хүдрийн баяжмалын агуулгыг нэмнэ. Зөөгөөд байгаа шорооны хэмжээг багасгана. Жинхэнэ үнэ хүрдэг зүйлээ тээвэрлэх чиглэлтэй байгаа.

Дараагийн шатанд ангижруулсан төмөр юм уу, ширэм үйлдвэрлэе. Ингэснээр ямар ч хэлбэрийн төмөр, төмөрлөгийн бүтээгдэхүүн, ганболд гаргах боломжтой болж байгаа юм.

-Нэгдсэн нэг үйлдвэр байх юм уу. Олборлогчид бондын мөнгөнөөс зээл хүсч байгаа шүү дээ?

Эхний ээлжинд монголын үндэсний 10-иад компаний Монголган нэгдэлийг байгуулсан байгаа. Тэд төслөө ирүүлсэн. Гурван үйлдвэрийг өргөтгөж, шинээр зургаан баяжуулах үйлдвэрийг барья гэснийг нь яам бодлогын хувьд дэмжиж байгаа. Санхүүгийн эх үүсвэрийг судалж байна. Энэ асуудал дээр сайд маань ч санаа тавьж байна. Гэхдээ юу ч үгүй, компанид хөрөнгө оруулахгүй. Санхүүгийн бусад эх үүсвэрээ өөрсдөө даачих чадалтай компаниудыг дэмжинэ.

-Тодорхой хэмжээгээр баяжуулж төмрийн хүдрийг нэмүү өртөг нэмэхээр ч энэ нь экспортыг л дэмжиж байгаа харагдаж байна. Нөгөө талаас Дархан, Сэлэнгийн районд аж үйлдвэрийн цогцолбор барина. Тэр баригдтал экспортоор төмрийн хүдрээ зөөгөөд дуусвал яах вэ гэсэн асуудал гарах уу?

Өнөөдөр монгол улс нутаг дэвсгэрийнхээ 20-30 хувьд нь хайгуул судалгаагаа хийсэн. Өөрөөр хэлбэл манай улсад нээгдээгүй зүйл их байна. Хоёрдугаарт байгалийн баялаг гэдэг нөхөгдөшгүй болохоор аль болох хамгийн өгөөжтэй, ашигтай хувилбараар л ажиллах чиглэлтэй байна.

Төр засаг нь ч компаниа зөв чиглүүлээд, эдийн засгийн ашигтай байдлаар харилцан ашигтай ажиллах хэрэгтэй. Гэхдээ хуулиа дээдэлсэн, хариуцлагатай уул уурхайг л хөгжүүлэх чиглэлд хамгийн их анхаарал хандуулах болно.

Хариуцлагатай гэдэг нь байгаль орчинд ээлтэй, орон нутгийн иргэдийн эрхийг хангасан, амьдрах орчныг нь сайжруулсан байдлаар явахыг хэлнэ. 

Энэ тал дээр манай яам олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хууль санаачлаад явж байна.

-Төмрийн хүдэр, нүүрсэн дээр зөвхөн нөөц ашигласны төлбөрийг л авч байгаа. Дэлхийн банкнаас зөвлөснөөр экспортын татварыг нэмж авах бололцоотой гэж үзсэн. Ер нь цаашид экспортын татварыг нэмж авах уу?

Дэлхийн банк, олон улсын валютын сан бидэнд зөвлөгөө өгдөг. Үүнээс нь Монгол улс хэрэгтэйг нь авч, хэрэггүйг нь хаядаг. Яах вэ, бидэнд нэг үе тэдний зөвлөгөг заавал авч байж, дараагийн тусламтай золгодог байсан. Тэр үе ард хоцорсон.

Тэгэхээр ойрын үед экспортын татвар байхгүй гэж ойлгож болно.