С.Арслан: Монголчууд зохион бүтээх авьяастай
Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн чиглэлээр 40 гаруй жил ажиллаж буй С.Арслантай уулзлаа. Тэрээр 1971 онд металл боловсруулалт, машин үйлдвэрлэлийн чиглэлээр ОХУ-д Политехникийн дээд сургуулийг төгсөөд автотээврийн заводод ажиллаж, засварчин, цехийн мастер, дарга, ерөнхий механик хийж байжээ. Энэ хугацаанд монголд металл боловсруулах технологийг судалж, дээд мэргэжилтэн бэлтгэх санааг анх гаргаж Засгийн газраар батлуулжээ. Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны техник технологи эрхэлсэн захирал, МУ-ын зөвлөх инженер С.Арслантай ярилцлаа.
-Энэ салбараа хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг нэрлэнэ үү. Тэдгээрийг хэрхэн шийдэх вэ?
Улс орны үйлдвэржүүлэлт гол хөгжлийг авч явдаг. Мундаг эдийн засагч, багш, яруу найрагч байгаад авч явахгүй. Үйлдвэрлэлийг авч явдаг ард түмэн хөгжүүлнэ. Тэр хөгжүүлэгчид нь тоног төхөөрөмжийг хийдэг инженерүүд.
Эд анги, сэлбэг эд эвдэрнэ, элэгдэнэ, хөгширнө. Үүнийг сэлбэг хийц, засвараар л янзална. Бүгдийг нь гаднаас аваад байх нь боломжгүй. Гол нь байгаа бололцоогоо нэг зангидаад, төрийн бодлогоор дотооддоо төрөлжүүлж дагнуулж ажиллуулвал их боломжтой.
Сүүлийн таван жилд манай улс 13 тэрбум долларын бараа материал авсан байгаа. Үүнээс 7-г нь машин үйлдвэрлэлийн тоног сэлбэг төхөөрөмж авсан. Өөрөөр хэлбэл 7 тэрбум доллар гадагшаа урссан гэсэн үг. Үүнээс ядаж 700 сая долларыг нь дотоодоо хийх боломжтой. Маш их боловсон хүчин байна. Түүнчлэн эдийн засаг, эрх зүйн орчин сайжруулах шаардлагатай байгаа. Би түрүүн хэлсэн. Манай хөтөлбөрөөр бол эрх зүйн орчныг сайжруулах талаар нэлээдгүй зүйлсийг тусгасан байгаа. Тухайлбал цех, үйлдвэр байгуулах гээд зүтгэж буй нэгнийг лизинг, зээлийн хөнгөлөлт үзүүлж, НӨАТ-ын хөнгөлөлт үзүүлэх гэх мэт.
-Холбооны зүгээс салбарыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагын үүднээс гарч ирсэн байх. Яг юуг амжуулж хийж чадав аа?
2012 онд Үндэсний хөгжил шинэтгэлийн хороотой хамтраад металл боловсруулалт, машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр гаргасан. Үүнийг ҮХААЯ-ы Хүнд үйлдвэрийн газарт өгчихсөн. Улсын бодлого болгож, их хурлаар батлуулах л үлдээд байна. Цаашид алхам алхмаар явбал хөл дээрээ босоод, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гэдэгт итгэж байна.
-Нэг талаас төр засгийн бодлогоор дэмжээд явах асуудал байна. Нөгөө талаас та бүхэнд ямар боломж байна вэ?
Бид судлаад үзэхэд хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллах бүхий л багаж, сэлбэгийг жижиг үйлдвэрүүдэд хийлгүүлэх боломжтой. Ноос ээрэх материалаа олшруулья, сүү боловсруулах тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдийг хоршуулаад, мах сэврээдэг тоног төхөөрөмжийг бид бас хийж байна. Үүнийг хөдөө сум болгонд баг дээр нэвтрүүлье гэж зорьж байгаа.
Уул уурхай дээр экскаваторын шүд хийх технологийг олшруулья, мэргэжилтэн нь байна, тоног төхөөрөмж нь байна, төрөөс дэмжээд өгвөл уухай хашгираад ороход бэлэн.
Манай шинэчлэлийн засгийн газар ч энэ чиглэлд ажиллана гэж итгэж байгаа. Нийслэлийн засаг дарга саяхан нийслэлд дотооддоо үйлдвэрлэж байгаа зүйлсийг гаднаас авахгүй байх журам гаргасан.
-Төр хувийн хэвшлийн түншлэлийг их ярьдаг. Мөн зарим улс орнууд салбарын хөгжлийн салбарын мэргэжлийн холбоод нь даатгадаг туршлага ч бий. Манай улс энэ тал руу чиглэж болох уу?
Мэргэжлийн холбоонд төр тодорхой ачаагаа өгөх хэрэгтэй. Тендерийг өгч болно. Аль компани нь ажлаа сайн хийдгийг зөвхөн тэд л мэднэ шүү дээ. Мөн ёс зүйтэй ажиллана.
Монголын бүтээгдэхүүн цөөхөн ч маш чанартай байдаг. Бид гэхдээ машин үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гээд хүн төрөлхтөний зохиочихсон дугуйг хийх шаардлагагүй. Харин өндөр үнээр авдаг, байнга элэгддэг зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэе гэж байгаа юм.
-Энэ салбар хөгжсөнөөр хичнээн ажлын байр бий болох вэ?
Одоо мэргэжлийн 3000-4000 хүн ажиллаж байгаа. Салбарыг хөгжүүлвэл 10-20 мянга хүртэл өсгөх боломжтой.
Энэ салбар хэр их хөгжсөнөөс хамаарч бусад салбар үйлдвэрлэл илүү хурдан хөгжих, олон мянган ажлын байр бий болно. Цаашдаа өгөх үр нөлөө нь их гэсэн үг.
-Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд юугаар бахархдаг вэ?
Метал боловсруулах, машин үйлдвэрлэгчид гайхалтай бурхан ухаантай хүмүүс. Монголчууд бид дархан хүн бурхан ухаантай гэж ярьдаг шүү дээ.
Монголчилно гэдэг нь хэн дуртай хүний хийдэг ажил биш. Гадныхан бол түлхүүрдсэн тоглоом шиг л ажилладаг. Баруун зүүн, тийшээ түлхүүрээ эргүүлэх бол тэрийгээ л хийдэг. Өөр юм боддоггүй. Гэтэл монголчууд үүнийг яаж хялбар хийх вэ, яаж хурдан, хямд хийх вэ гэж ухаанаа уралдуулдаг.
Үнэхээр зохион бүтээх авьяастай. Хийвэл хийсэн шиг хийдэг хүмүүс. Манай машин үйлдвэрлэлээр төгссөн инженерүүд хөрвөх чадвартай. Үүнийг олон жишээгээр хэлж чадна. Жишээлбэл УИХ-ын гишүүн , эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар манай инженер хүн. ТЭЦ4-ийн засварын инженер Тулга Даланзадгадын цахилгаан станц зогсолтод ороход хөл дээр нь босгож байсан чадалтай инженер. Гэх мэт гайхалтай инженерүүд зөндөө бий.