С.Арслан: Японы төмөрлөгийн зах зээл рүү нэвтрэх боломж бидэнд байна
Өнгөрсөн арван нэгэн сард Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбооны төлөөлөл Японы Нийгата мужийн Гадаадтай технологийн талаар хамтран ажиллах холбооны урилгаар Япон улс руу ажлын туршлага судлаад ирсэн байна. Энэ талаар тус холбооны гүйцэтгэх захирал С.Арслантай ярилцлаа.
-Энэ удаагийн Япон улс руу явсан ажлынхаа талаар хэлнэ үү ?
Өнгөрсөн сарын 24-30-ны өдрүүдэд Японы Нийгата мужийн Гадаадтай технологийн талаар хамтран ажиллах холбооны урилгаар таван хүний бүрэлдэхүүнтэй баг тус улсын Метал боловсруулах үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэлийн явцтай танилцан туршлага судлаад ирлээ.
Таван хүний бүрэлдэхүүнд Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал миний бие, холбооны менежер, Төмөр транс компанийн захирал зэрэг хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон баг яваад ирлээ.
-Явсан ажлын гол зорилго юу байсан бэ ?
Хамгийн гол зорилго Дэлхийн төмөрлөгийн салбарт тэргүүлэгч Японы орны хөгжлийн туршлагыг судлах, ижил түвшний үйлдвэрүүдийн техник, технологи хэрхэн байгаатай танилцаж монголд нэвтрүүлэх боломжтойг судалж сонирхлоо. Японы тал бүх нөхцөлд хамтран ажиллах болно. Тэд хэлэхдээ та бүхэн үйлдвэрүүдтэй сайн танилцаж юу танай улсад хэрэгтэй байгааг судлаад бидэнд хандаарай гэсэн.
-Японы төмөрлөгийн үйлдвэрүүдийн хөгжлийн онцлог юу вэ ?
Бид Японы метал барилгын хийц үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг Фүжики компанитай танилцахад үйлдвэрийн дотоод зохион байгуулалт, техник, технологи, хөдөлмөр зохион байгуулалт зэрэг нь үнэхээр гайхалтай санагдсан.
Ер нь Японд газар хөдлөлт тогтмол тул ихэнх барилгаа метал хийцээр барьдаг. Түүнээс гадна төрөл бүрийн гүүрийг даацийн хэмжээгээр нь метал хийцээр хийж байна. Дараа нь бид бүх төрлийн өрөмдлөгийн машины өрмийн хошууг үйлдвэрлэдэг “ТНТ” компанитай танилцсан.
Энэ үйлдвэрээс гарсан өрөм нь уул нүхэлж хонгил гаргах, метро хийх зэрэгт ашиглагддаг. Манайх 2016 оноос метро барина гэхэд түүн дээр ч хамтран ажиллах боломжтойг хэлж байсан. Би энэ талаар Нийслэлийн удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах боломжтой гэдгийг уулзаж хэлнэ.
Манайх 2016 оноос метро барина гэхэд түүн дээр ч хамтран ажиллах боломжтойг хэлж байсан.
-Таньд монголдоо хэрэгжүүлж болохоор үйлдвэрлэлийн төрлийн зүйл ажиглагдсан уу ?
Нэг сонин зүйл ажиглагдсан нь хийн хоолойны хаалт арматурыг хийдэг томоохон үйлдвэртэй танилцсан. Гэтэл тухайн хаалтыг хийдэг түүхий эдийг Монгол улс нийлүүлэх боломжтой. Бид ч үүнийг хэлсэн.
Учир нь тус үйлдвэр түүхий эдээ Италиас оруулж ирдэг. Харин манай улсад хагас боловсруулсан түүхий эдийг нь Эрдэнэтэд үйлдвэрлээд эхэлчихсэн. Түүнийг Япон руу экспортонд гаргах боломжтойг энэ уулзалтаар ярилцсан ажлын үр дүнгийн нэг.
-Мэдээж төмөрлөгийн салбар жижиг дунд үйлдвэрлэлээс гараагаа эхэлдэг. Манай улсын үйлдвэрлэлийн хувьд Япон улсын хөгжилтэй харьцуулвал жижиг салбар төдий байх. Энэ талаар ажиглагдсан зүйл байна уу ?
Нийгата мужийн жижиг дунд үйлдвэрлэлийн технологи судалгааны төвтэй танилцсан. Тус төвийн тэн хагасийг улс, нөгөө хагасыг судалгаа хийлгэж буй аж ахуй нэгжүүд санхүүжүүлдэг. Ингэж салбар дундын гүүр төвийг бий болгосноор үйлдвэрлэлийн хурдыг маш хурдан эрчимжүүлдэг.
Энэ төв нь зөвхөн төмөрлөг биш газар тариалан, хөнгөн хүнсний салбарын тулгамдсан асуудлыг тухайн үйлдвэрлэгчийн техник, технологийн нөөц бололцоонд тулгуурлан шийддэгээр онцлог. Нэг үгээр хэлбэл улсдаа брэндийг гаргахын тулд зөвхөн дан ганц аж ахуй нэгж ажиллаад байлгүй улстгай хамтарч ажиллахад нь тус төв гүүр болдог. Ийм төв манай улсад зайлшгүй хэрэгтэй байна.
Үйлдвэрүүдтэй танилцах үеэр
-Монгол улсын төмөрлөгийн салбарыг Японтой харьцуулахад ямар түвшинд байна вэ ?
Мэдээж техник, технологийн хувьд үсрэнгүй хөгжилтэй орон. Түүнийг гүйцэнэ гэхэд хүндрэлтэй. Гэхдээ манай их, дээд сургуулийн боловсон хүчин бэлтгэх сургалын систем нь хоцрогдоогүй. Манай оюутан багш нарыг тус улсын өндөр техникжсэн үйлдвэрт ажиллуулахад гологдохгүй. Учир нь үйлдвэрлэл өөрөө програмчлагдаж байгаа тул тухайн программыг мэддэг л хүн бол хаана ч ажиллах боломжтой болчихсон.
-Монгол улс Япон руу төмрийн түүхий эд экспортлож, нийлүүлэгч орон болох боломж хэр байгаа вэ ?
Япон төмрийн үйлдвэрлэлийн бүх түүхий эдээ хоёрдогч орноос авдаг. Тиймээс тэр зах зээлд бид орох боломж бүрэн бий. Учир нь Тяньжинаас Япон ойрхон ойрхон, харин МонголоосТяньжин мөн ойрхон. Бидний хувьд холбоо тогтоож үүдийг нь нээсэн тул үүнд л төр засгийн бодлого, дэмжлэг маш чухал байна.