Б.Батхүү: Маргааныг шийдэхийн тулд дундаж үнийг олох хэрэгтэй
Уул уурхайн яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Батхүү
2013.05.31

Б.Батхүү: Маргааныг шийдэхийн тулд дундаж үнийг олох хэрэгтэй

Уул уурхайн яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Батхүүгээс уул уурхайн экспортын бүтээгдэхүүний жишиг үнийн талаарх маргаанд яам ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

-Экспортлогч компаниуд засгийн газрын жишиг үнэ тогтоож буй аргачлалыг бодитой бус гэж үзэж байгаа. Энэ асуудлыг хэлэлцэж байгаа юу. Ямар шийдэлд хүрсэн бэ?

Жишиг үнийн асуудлаар хоёр жил маргаж байна. Бид ахин ажлын хэсэг гаргаж, Сангийн яамаар толгойлуулсан. Ажлын хэсэгт хувийн хэвшлээс ч гэсэн төлөөлөл орсон. Тал талаасаа мэтгэлцэж жишиг үнээ тогтоож байхаар зөвшилцсөн. Урьд нь Засгийн газар шийдчихдэг байсан. Нүүрс, төмөр, жонш гурав өөрөө дэлхийн жишиг байдаггүй, тухайн бүс нутагтаа үнэ нь тогтдог онцлогтой. Маргааныг шийдэхийн тулд дундаж үнийг л олох ёстой.

 Компаниудын саналаар шийдвэл аж ахуй нэгж л өндөр ашиг олно. Гэхдээ монголын ард түмний баялаг учраас нэг талын эрх ашгийг харж болохгүй. Манай улс уул уурхайн олборлолтоо ганцхан нөөц ашигласны төлбөрөөс л татвар авч байна. Төлбөрөө улсдаа ашигтайгаар авахын төлөө ажиллах ёстой. Энэ хоёрын балансыг л барих ёстой.

-Тэгэхээр компаниудын эрх ашиг чухал уу, улсын эрх ашиг чухал уу гэсэн асуулт гарч байна.

Мэдээж улс орны эрх ашиг илүү чухал. Улсаас бүтээгдэхүүнээ түүхийгээр нь гаргахгүй, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих чиглэл барьж байгаа юм бол сайн дэмжих хэрэгтэй.

-Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртэйн орд зогсчихсон байгаа нь ямар учиртай юм бэ?

Төмөртолгой ажиллаж байгаа. Төмөртэй орд болохоор монгол улсдаа төмрийн боловсруулах үйлдвэр барина гэсэн учраас экспортыг хязгаарлаад байж байгаа. Жоншны тухайд үнэ нь уначихсан байгаа. Жоншин дээр нэг буруу хандлага байгаа нь Оросын хэдхэн худалдан авагчдаас хамааралтай байгаа явдал. Тэдний үгэнд унаад байгаа юм. Өөрөөр хэлбэл өрсөлдөх зах зээл байхгүй болчихсон гэсэн үг.

-Нөгөө талаас худалдан авагчид илүү өндөр өртөг шингэж боловсруулсан бүтээгдэхүүн хүсээд байгаа. Компаниудад улсаас дэмжлэг хэрэгтэй байна гэсэн. Энэ тал дээр ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

Илүү боловсруулсан үйлдвэр манайх хангалттай сайн баяжмал гаргаж байгаа боловч өрсөлдөхөөр үнэ гаргаж чадахгүй байна. . Монголросцветметийг би шүүмжилмээр байна. Ганцхан Оросыг хараад байхгүй, жоншны хэрэгцээтэй Хятад, Япон, Солонгос улсад нийлүүлж болно. Өрсөлдөхтэй чадвартай болох технологийн шинэчлэл хийх хэрэгтэй ш дээ. Олон худалдан авагчтай бол үнэ өсөх боломжтой.

-Төмрийн хүдрийг агуулгаар нь үнийг тооцоход асуудал гараад байгаа шүү дээ?

Төмрийн хүдэр дээр бид ойлголцсон. Хятадын гүний үнээр жишээд байсан ч компаниуд хил дээрх үнийг тавих сонирхолтой байгаа. Хүдэр өөрөө онцлог. Бүхэллэг л илүү үнэтэй. Нунтаг нь ахиж боловсруулж байж ордог учраас хямдхан борлогддог. Тэгэхээр үнийн маргаан гараад буй. Гэхдээ зөвшилцөлд хүрсэн.

-Ажлын хэсэг ирэх зургаан сараас л бодитой үнэ гаргана гэсэн үг үү?

Таван сарын үнийг тохиролцож гаргасан. Мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулж гаргаж байгаа. Улс бол өндөр татвар, компаниуд бага татвар хүсээд байгаа. Энэ зарчмыг л олох хэрэгтэй.