Н.Алгаа: Хил хүртэлх зардлыг хасч тооцох хэрэгтэй
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа
2013.05.20

Н.Алгаа: Хил хүртэлх зардлыг хасч тооцох хэрэгтэй

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаатай уул уурхайн бүтээгдэхүүний экспортын жишиг үнийн асуудлаар ярилцав.

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын жишиг үнийн асуудлаар маргаантай байдаг. Засгийн газраас тогтоож буй жишиг нь хэр зөв зүйтэй вэ, яагаад маргаад байна?

Засгийн газраас хувийн хэвшлийнхнийг хардаад бага үнээр тогтоож мөнгөө нуух гээд байна гэдэг. Жишиг үнэ тогтоож татвар авдаг жишгээр гурван жил болж байна.

Гэхдээ жишиг үнэ тогтоосон аргачлалаа бусдаас нуудаг. Тиймээс энэ нь бодит үнээс өндөр байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, их татвар авах зорилгоор үнэ тогтоодог. үүний нэг тод жишээ нь Бор-Өндөрийн жоншны үйлдвэр байна. Жишиг үнэ нь 407 ам.доллар, худалдах үнэ нь 250 ам.доллар, 250 ам.доллараар худалдаанд 407 ам.долларт ногдох татвар төлж байна. Үүнээс болж үйл ажиллагаа нь зогслоо. Татварын суур нь борлуулалтын орлого биш, нэг тонноосоо гэсэн бол тэрнээсээ л авна. Одоо борлуулалтаас аваад байгаа учраас их татвар авахын тул жишиг нь борлуулалтаас өндөр тогтоод байна.

-Жишиг үнэ нь худалдах үнээс өндөр байна. Аж ахуй нэгжүүд өндөр татвар төлж байна гэлээ. Тэгвэл жишиг үнийг ямар зорилгоор тогтоодог юм бэ?

Ойлголтын том зөрүү байна. Татвар их авахын тулд жишиг үнийг өндөр гаргасан. энэ нь бодит байдалтайга нийцдэггүй. ерөөсөө ашигт малтмалын үнэ яаж бүрддэгийг, жишиг нь хаана зарлагдаж байгаа нь тодорхой бус. Уг нь засгийн газар төрөлжсөн биржээр дамжуулж үнийг ил болгох ёстой. Мөн зөвлөх үүрэгтэй байтал жишиг үнэ тогтоогоод татвар авдаг байдал үргэлжилсээр гурван жил боллоо. Хувийн компаниуд үгээ хэлж байна шүү дээ.

-Ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортын үнэ хэрхэн бүрэлдэх нь манай улсад асуудал болсон гэсэн үг үү?

Үнэ хэрхэн бүрэлддэг талаарх монголд ямар ч туршлага мэдлэг алга. Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ хэрхэн бүрэлддэг, хаана юутай жиших, олон улсын туршлагаас суралцаагүй. Гэтэл хувийнхан мэдээд байдаг ч олон нийтээрээ хүлээн зөвшөөрдөггүй. Жишиг үнэ гэхэд хачин. Үүнийг борлуулалтаар аваад байгаа учраас борлуулаллтын орлогыг өндөр болгож, худалдааны үнээсээ зөрчихөөд байна. Үнэ маань өөрөө манай улсын хилийн боомтууд дээр тогтоно.

Уг нь төрөлжсөн бирж эсвэл хилийн порт дээр тогтоох учиртай.

Гэтэл жиших гээд байгаа үнэ нь Атлантын далай, Номхон далай эрэгийн үнэтэй харьцуулаад байдаг. Монголын нүүрсний компаниуд хил хүртэл буюу Цагаан хад, Шивээ хүрэнд хүргэж, цаашаагаа явж чадахгүй. Логистикийн асуудал гарч ирнэ. Тэнд бүрэлддэг үнийг Австралийн уурхайгаас Тяньжины далайн боомтод очсон үнэтэй жишиж болохгүй шүү дээ. Манайд сар болгон яамнаас жишиг үнийг тогтоодог. Уг нь төрөлжсөн бирж эсвэл хилийн порт дээр тогтоох учиртай.

-Өөрөөр хэлбэл Тяньжин хүргээгүй байж өндөр жишиг үнэ тогтоогоод, үүнээс татвар авч байгаа нь ашигт малтмал экспортлогч компаниудад дарамт болдог гэсэн үг үү?

Наанадаж Тяньжинаас манай хил хүртэлх зардлыг хасч тооцох хэрэгтэй. Гэтэл үүнийг Татварын ерөнхий газар, Сангийн яам хүлээн зөвшөөрдөггүй. Ингэсээр байгаад татварын орлогогүй болж эхэллээ. тухайн орон нутагт байгалийн баялгаа ашиглуулж, татвар авья гэх сэтгэхүйг нь байхгүй болтол төвлөрсөн төсөвт хийсэн. Өнөөдөр “Энержи ресурс” алдагдалтай үнээр нүүрсээ нийлүүлж байна. Өөрөө алдагдал үүрээд зарж байна. Гэтэл дээрээс нь жишиг үнэ тогтоогоод татвар авдаг. Ингэж байхад яаж татварын бааз өргөжих юм бэ.