Д.Тэрбишдагва: Улстөрчдийг хагаралдуулж, амь зогоодог улстөрч олон бий
УИХ, Засгийн газрын гишүүн Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай ярилцлаа.
-Улсын төсвийн орлого 400 гаруй тэрбум төгрөгөөр тасарсантай зэрэгцэн ам.долларын ханш чангарсан нь эдийн засгийн нөхцөл байдлыг амаргүй болгож байна. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсч байгаа нь иргэдийн амьдралд дарамт учруулж эхэллээ. Энэ асуудалд та хэрхэн хандаж байна вэ?
-Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж буй сайд нар, УИХ-ын гишүүд улстөрчид бүхий л салбарт санаа тавин ажиллах ёстой. Үүний нэг нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл, байдал юм. Ам.долларын ханш тогтворгүй байх нь инфляци өөрчлөгдөхөд нөлөөлдөг учир бид энэ асуудалд ихээхэн болгоомжтой хандах ёстой.
Энэ жил инфляци харьцангуй тогтвортой байгаа. Инфляцид нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйл байдаг. Тухайлбал, шатахууны үнэ нэмэгдэх, гурил будаа, махны үнийн өсөлт зэргийг хэлж болох юм. Засгийн газраас шатахууны болон махны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн нь инфляци тогтвортой байхад нөлөөлсөн.
“Чингис” бондын мөнгийг аваад нэлээд удчихлаа. Засгийн газрын тогтоолоор тодорхой салбаруудад бүтээн байгуулалтын ажил хийхээр мөнгө хуваарилж, шийдвэр гаргасан. Харамсалтай нь энэ мөнгөөр хийх ажлууд удаашралтай хэрэгжиж байна.
Гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа учраас кабинетаа шүүмжлэх нь төдийлөн сайн зүйл биш ч салбар хариуцсан хүмүүс ажлаа сайн хийх хэрэгтэй гэдгийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Тэднийг шахаж шаардах нь миний үүрэг.
-Шинэчлэлийн гэсэн тодотголтой гарч ирсэн Засгийн газар жилийнхээ ойн дээр эрч нь буурч байна гэж ажиглагчид дүгнэж эхэлжээ. Тогоон дотор нь ажиллаж буй хүний хувьд та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хувь хүн гаднаас нь хараад яаж ч дүгнэж болно, энэ бол тэдний эрх. Ард түмэн, эрдэмтэн судлаачид, хөндлөнгийн хүний ярьж буй зөв зүйтэй санал шүүмжлэл бүхнийг бид хүлээж авч, тэр дагуу ажлаа сайжруулах нь улстөрчид болон Засгийн газрын гишүүдийн үүрэг.
Улсын төсвийн болон “Чингис” бондын хөрөнгөөр хийж буй зарим бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь хийж чадахгүй байгаа нь аль аль талдаа хариуцлагагүй байгаагийн шинж.
Засгийн газрын ажил ирэх сарын 1-нээс жигдэрнэ. Тэр үед дээрх асуудлаар Ерөнхий сайдад танилцуулж, богино хугацаанд хэрхэн үр дүнд хүргэх талаар ярилцана. Хэрэгжүүлж чадахгүй бол хөрөнгө, мөнгийг өөр зүйлд зарцуулах асуудлыг ч авч үзэх ёстой.
-Засгийн газрын гишүүд амарсантай холбоотой бүтээн байгуулалтын ажил удааширсан гэж үзэх нэгэн ч байна.
-Бид долоо хоног бүрийн бямба гарагт ажиллаж байгаа. Уг нь амралтын өдөр шүү дээ. Бүтэн жилийн хугацаанд 10 хоногийн амралт байж болно биз дээ. Энэ амралтыг улстөржүүлэх хэрэггүй юм. Харин УИХ-ын гишүүдийн хувьд хоёр янзаар ойлгох хэрэгтэй.
Тухайлбал, би УИХ-ын гишүүн болохдоо ард түмнээс авсан саналын тоогоор улсад хоёрт ордог гишүүн. Би сонгогдсон тойрогтой учраас иргэд, сонгогчидтойгоо очиж уулзаж, санал бодлыг нь сонсох ёстой. Харин намын нэрсийн жагсаалтаар УИХ-д орж ирсэн гишүүд чуулганы завсарлагааны үеэр ч ажиллаж л байх ёстой гэж боддог.
-Ам.долларын ханш чангарсан нь “Хадгаламж” банкийг Төрийн банктай нэгтгэсэнтэй холбоотой гэж эдийн засагчид тайлбарлаж байна лээ. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Олон үзүүлэлтүүдийн нэг нь энэ яах аргагүй мөн. Аль нэг банк хөдөлгөөнд орвол тухайн улс орны эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.
Өөрөөр хэлбэл, хийсвэрээр болон бодитоор нөлөөлөх талтай. “Хадгаламж” банк бол хувийнх. Хувийн банкийг ажиллуулах уу, нэгтгэх үү гэдгийг Монголбанк шийддэг.
-“Жаст” групп Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийг батлан даагчаар тавьсан гэсэн яриа гараад байгаа. Энэ талаар та холбогдох албаны хүмүүстэй уулзаж, тайлбар авсан уу?
-Банкны асуудлыг Монголбанк хариуцдаг учраас төв банк энэ асуудалд голлох үүрэгтэй. Тэд энэ талаараа Засгийн газар, УИХ, ард түмэнд танилцуулах хэрэгтэй. Төв банк ард түмэнд тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа учраас урьдчилан мэдээлэл өгөх боломжгүй.
-Эдийн засгийн таагүй нөхцөл байдалтай зэрэгцэн улс төрийн бужигнаан болох нь гэх болж. Өөрөөр хэлбэл, ирэх намар Засгийн газар огцорно, МАХН ч хөдөлгөөнд орно гэлцэх нэг нь ч байна.
-Хардах нь сэтгүүлчдийн эрх. Миний бодлоор хөдөлгөөнд орох нөхцөл бүрдэхгүй байх. Улстөрчдийг хооронд нь хагаралдуулах үйл ажиллагаа байнга л явагдаж байдаг. Ийм байдлаар амь зогоодог улстөрчид сүүлийн 20 жилд бий болсон нь нууц биш.
УИХ-д нэр дэвшээд ард түмнээсээ дэмжлэг авч чадаагүй, албан тушаалаасаа буусан, ажил хийж чаддаггүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй хэрнээ улс төрийг үймүүлдэг мөнхийн бусниулагчид байдаг. Энэ мэт үйл ажиллагаа байнга явагддаг учраас би төдийлөн ач холбогдол өгдөггүй.
-Улстөрчдийн дунд хагарал үүсгэдэг хэсэг бүлэг хүмүүс бий гэж байна. Танай намын гишүүн О.Чулуунбатыг АН-д элсэх гэж байгаа гэсэн яриа гарчээ. Энэ талаар танд ямар нэг зүйл хэлсэн үү?
-Үүнийг О.Чулуунбат гишүүнээс өөрөөс нь асуусан нь дээр. О.Чулуунбат дэд сайдтай уулзахад надад “Тийм зүйл байхгүй” гэж хэлсэн.
-Танай намын дарга Н.Энхбаярыг наадмын дараа суллана гэсэн аман тохироог АН-тай хийсэн тухай хэвлэлүүдээр гарч байсан. Үнэхээр тийм тохироо хийсэн юм уу?
-Н.Энхбаяр даргыг Өршөөлийн тухай хуулиар суллана гэж цаасан дээр бичсэн зүйл байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тийм зүйл бичээд байсан болохоос биш бид Өршөөлийн тухай хууль гаргаж, түүнд хамруулна гэж гэрээ хэлцэл хийгээгүй.
-Таныг албан тушаалаа ашиглан өөрийн туслахаа ОБЕГ-ын даргаар томилсон гэсэн яриа он дамжлаа. Нөгөөтэйгүүр иргэн С.Цэндбаатар таныг хууль бус томилгоо хийсэн гэж АТГ-т шалгуулахаар хандсан байна лээ. Энэ асуудлын үнэн мөнийг манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юү?
-С.Цэндбаатар гэж байнга заргалдаж явдаг хүн байдаг гэсэн. Өмнө нь Б.Амгаланбаяртай заргалдаж байсан юм билээ. Үүний дараа бидэнтэй уулзахдаа “Би дарга болмоор байна” гэсэн. Тэрээр өмнө нь ажлаасаа халагдсан, тэгээд ч тэтгэврийн нас нь болчихсон учир саналыг нь хүлээж авах боломжгүй байсан.
Онцгой байдлын Ерөнхий газар
Дарга болгоогүйд бухимдаж, элдэв гүтгэлэг, гүжирдлэг явуулдаг байх. Би тийм хүмүүстэй заргалдаж, маргалдаад явах бодол ч алга, цаг зав ч байхгүй. Хэлдэг, ярьдаг газар нь хэлнэ биз. Хууль зөрчсөн, ёс суртахууны доголдол гаргасан нэгээхэн ч зүйл байхгүй болохоор үнэн мөнийг нь холбогдох байгууллагууд тогтоох байх. Т.Дуламдорж миний туслах байгаагүй, зөвлөх байсан.
Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар манай намаас нэр дэвшиж байсан, хуульч мэргэжилтэй, Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөх, хэлтсийн дарга хийж байсан ажлын туршлагатай залуу. Т.Дуламдорж онцгой нөхцөлд сайн ажиллаж байгаа. Шүлхий, гал түймэртэй тэмцэх ажилд ахиц дэвшил гарсан. С.Цэндбаатар намайг энэ мэт зүйлээр “шантаажлаад” амжилт олохгүй.
-Таныг төрсөн ахыгаа ОБЕГ-ын даргын зөвлөлд багтаасан гэдэг юм билээ?
-Миний төрсөн ах намайг энэ ажлыг авахаас өмнө төрийн албанд олон жил ажилласан нэгэн байсан. Хөвсгөлийн Цагдаагийн газрын дарга, Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтсийн орлогч дарга, нийслэлийн Онцгой байдлын нөөцийн газрын даргын алба хашиж байв. Би ажилд оронгуутаа ажил төрлөө өөрчил гэсэн. Төрийн албан хаагч байсан ахыгаа би ажлаас нь өөрчилснөөр шударга үнэнд нийцэж байгаа.
Харин тэр хүний ажил төрлийн туршлагыг нь хараад Т.Дуламдорж “Та миний зөвлөхөөр ажиллаач” гэсэн юм билээ. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагч биш, тодорхой хугацаанд гэрээгээр л ажиллаж байгаа гэсэн үг. Би шударга үнэн ажиллахын төлөө ах, дүү, хамаатан садангуудаа хэлмэгдүүлж байна. Тэглээ гээд тэд маань надад гомдоогүй.
Өдий насалж, олон жил улс орондоо ажиллахдаа миний ажиллаж байсан салбар бүр үр дүнд хүрч, дэвшил гарч, амжилтад хүрсэн.
Миний ах, дүү нараас улс төрийн болон төрийн албанд миний татаас түлхээсээр ороод томоохон алба хашиж байгаа хүн байвал би огцроход бэлэн байна. Би зарим хүн шиг хамаатан садангаа даргын суудалд шахдаггүй. Агентлагийн дарга нар хүнийг хууль журмын дагуу ажилд авдаг. Ямар ч хамааралгүй зүйлд намайг оролцуулж байгаа нь хэсэг бүлэг хүний хийж буй өдөөн хатгалаг гэж ойлгож байна.
Үүнээс болоод миний огцордог ч гэж юу байх билээ. Хэрэв огцрохоо хүрвэл тийм хүмүүсийн шантаажаар огцрохгүй. Улсын ажлыг хохироосон, ажлаа хийж чадахгүй байвал би ажлаа өгөхөд хэзээд бэлэн. Би ямар ч ажлыг үр дүнд хүртэл нь хийсэн шиг хийх зарчим баримталдаг.
Өдий насалж, энэ олон жил улс орондоо ажиллахдаа миний ажиллаж байсан салбар бүр үр дүнд хүрч, дэвшил гарч, амжилтад хүрсэн. Ямар нэг салбарыг унагааж байсан түүх надад байхгүй. Бүгдийг өөд нь татаж байлаа. Тиймээс эмзэглээд байгаа зүйл алга. Заргалдах дуртай нэг нь тэгээд явж л байг. Түүнээс айж эмээх зүйл надад байхгүй.