Үйлдвэрчний эвлэл шинэ ерөнхийлөгчтэй боллоо
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.06.04

Үйлдвэрчний эвлэл шинэ ерөнхийлөгчтэй боллоо

Эгнээндээ 210 мянган гишүүнийг нэгтгэсэн МҮЭХ-ны ээлжит бус XXI их хурал өчигдөр хуралддаа. Хурлаар МҮЭХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан, холбооныхоо тэргүүнийг сонгосон гээд сонирхуулах зүйл олонтой болсон.

Тус холбооны ерөнхийлөгчийн суудлын төлөө дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга П.Адьяа, ерөнхий санхүүч Б.Гэрэлмаа нар нэр дэвшсэн ч Х.Амгаланбаатар олонхийн санал авч МҮЭХ-г ирэх хоёр жилд толгойлохоор боллоо.

Түүнчлэн энэ удаа өнгөрсөн хурлаас гарсан шийдвэрүүдийнхээ биелэлтийг хэлэлцсэн юм. Тухайлбал, өмнөх их хурлаар "Зохистой хөдөлмөр", "Шинэ үйлдвэрлэл-Шинэ ажлын байр бий болгох" зорилт дэвшүүлсэн нь бодит ажил болж, биелэлт сайн байгаа хэмээн дүгнэсэн бол хуралд төлөөлөгчөөр оролцсон 210 хүн өмнөх ерөнхийлөгчдөө онц дүн тавьсан.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 194 мянгад хүргэжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалахын төлөө тууштай зогсч, жагсаал цуглаан зохион байгуулж нийгэмд цочроо өгч их тус хүргэснийг онцолно билээ. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 194 мянган төгрөгт хүргэж, халамж, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зохих үр дүнд хүрснийг ч сайшааж байв.

Хурлын үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч асан С.Ганбаатар "Би МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр зургаан жил ажиллаа. Энэ тийм ч бага хугацаа биш. Хүнд ачаа үүрбэл үүрсэн шиг үүрэх хэрэгтэй юм гэдгийг хэлмээр байна. Хөдөлмөрийн хөлс, тэтгэвэр, ажлын үнэлэмж дээшлүүлэхэд амжилт олсон.

Эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгуй байдлын стандартыг батлуулж чадсан. Дотоод гадаад орчинд ямар ажил хийснийг манай хамт олон надаар хэлүүлэлтгүй өөрсдөө онцлох биз. Оюутолгойн гэрээний тухай асуудал мөн л холбоотой.

МҮЭ-ийн байгууллага жинхэнэ ардчилалтай болж чадсан. Үүргээ сайн биелүүлсэн гэж бодож байгаа. Жил бүр хийсэн ажлаа Ерөнхий зөвлөлийн хурлаар ярилцаж алдаа оноогоо дүгнэж ирсэн. МҮЭ-ийн алдагдсан хөрөнгийг олон шатны шүүх дамжин байж эргүүлж авлаа.

МҮЭ-ийн байгууллага жинхэнэ ардчилалтай болж чадсан.

Би энэ ажлыг анх хүлээж авахад дансандаа 120 сая төгрөгтөй байсан. Харин өнөөдөр тэрбумаар тоологдохоор болсон. Урьд нь ажиллаж байсан хүмүүсийн бүтээн босгосон хөрөнгөд тулгуурлан санхүүгийн хувьд хөл дээрээ бүрэн тогтож чадсан.

Бидний зүтгэл хөдөлмөрийн хүчинд 140 айл байртай болсон. Одоо МҮЭХ 12 давхар зочид буудал босгох гээд барилгын ажил эхлээд байна. Х..Амгаланбаатар энэ том байгууллагыг удирдаад явж чадна гэдэгт итгэж байна" хэмээсэн юм.