Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.06.14

Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөллөө

Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүр сэтгүүлчидтэй 30 минутын уулзалт хийдэг болсон. Энэ долоо хоногийн уулзалт болж Ерөнхий сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-“Оюутолгой” компани анхны бүтээгдэхүүнээ экспортод гаргах байсан ч хойшиллоо. Ямар шалтгаанаар хойшилж байгаа юм бэ?

-“Оюутолгой” компанийнхан өөрсдөө энэ сарын 21 хүртэл хойшлуулах санал гаргасан. Дээр нь бидний зүгээс “Оюутолгой”-той ярих зүйл байгаа шүү дээ.

-Засгийн газраас “Оюутолгой” компанид тодорхой шаардлага тавьснаар бүтээгдэхүүнээ экспортод гаргах нь хойшилсон гэсэн үг үү?

-Үүнд Н.Батбаяр сайд л дэлгэрэнгүй хариулах байх. Ер нь бид бичиг баримт зэрэг зүйл шаардаагүй. Хамгийн гол тавьж байгаа шаардлага бол гадагшаа гаргаад зарж байгаа зэсийн мөнгө чинь Монгол Улсад орж ирэх ёстой шүү гэсэн л ганц шаардлага.

-Оюутолгойн гэрээг өөрчлөхөөр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн хэлэлцээрийн үр дүн гарч байгаа юу?

-Өмнө нь хийсэн гэрээг өөрчилнө гэдэг хэцүү юм байна. “Чалько”-той байгуулсан гэрээг өөрчлөх гэж хэдэн сар зүтгэж сайн, муугаараа дуудууллаа. Оюутолгойн гэрээг өөрчлөхөөр манай дөрвөн сайдаас бүрдсэн ажлын хэсэг гарсан.

Нэлээд олон удаа уулзаж ярилцсан. Тодруулах зүйлээ тодруулж байгаа. Ахиц дэвшил гарч байгаа гэсэн үг. Дээрээ бүх асуудлаа эцэслэн шийдээгүй байхад баяжмал нь гарчих гээд хэцүү байна. Гэхдээ яриа хэлэлцээр хийж байгаа учраас удахгүй ахиц дэвшил гарна гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлж шалгуул гэсэн чиглэл өгсөн гэсэн. Та үүнийг дэмжиж байгаа юу?

-Г.Дэнзэн нэр нь холбогдсон асуудлаараа өөрөө тайлбар хийсэн. Тайлбар нь хангалтгүй байна гэж үзсэн учраас тэр хүн ажлаа өгсөн. Энэ нь ёс зүйн асуудал дээр зөв зүйтэй хандаж байгаагийн нэг илрэл боллоо гэж үзэж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн гэсэн үг үү?

-Тийм ээ. Өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

-Хоёр аймгийн Засаг дарга даргыг томилоогүй байгаа. Энэ асуудал яагаад ингэж удаад байгаа юм бэ?

-Хөвсгөл аймгийг хуучин Засаг дарга Л.Цэрэнжав нь удирдаж байгаа. Дорнод аймгийн хувьд мөн ялгаагүй өмнөх Засаг дарга Ц.Жанлав нь ажиллаж байна. Энэ хоёр аймаг ИТХ-аа хийгээд шинээр томилуулах хүнээ сонгох ёстой. Одоо хүртэл хурлаа хийж чадахгүй байна.

-Засгийн газрын үйл ажиллагаа Ерөнхийлөгчийн сонгууль руу чиглэж байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-Шинэчлэлийн Засгийн газрын томоохон ажлын үр дүн одоо л гарч байна. Бондын мөнгөө зарцуулаад түрүүчийн ажлаа хийж байгаа учраас үүнийгээ олон нийтэд танилцуулах нь Засгийн газрын ажил. Ингэхгүй бол бондын мөнгө алга болчихсон  байгаа мэт тайлбарыг сөрөг хүчнээс хийгээд байна.

Би АН-ын даргын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэлээд цаг зарцуулж байгаа. Энэ бол нууц биш. Би долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт сонгуулийн штаб дээр ажиллаж байгаа.

-Ерөнхийлөгч УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахгүй байх гэсэн заалттай хуулийн төсөл боловсруулснаа УИХ-д өргөн барьсан. Та энэ хуулийн төслийн талаар ямар бодолтой байгаа вэ?

-Энэ их маргаантай асуудал. 1992-1996 онд П.Жасрай агсны Засгийн газрын үед УИХ-ын гишүүд засагт давхар ажиллаж эхэлсэн юм. Харин одоогийн энэ нөхцөлд Засгийн газрын тодорхой хэсгийг нь гаднаас бүрдүүлэх нь зөв байх.

Түүнээс биш бүгдийг нь гаднаас бүрдүүлнэ гэхээр түвэгтэй шүү дээ. Ард түмнээс дэмжлэг аваагүй хүн сайдаар ажиллах нь хэр зохимжтой вэ гэсэн нэг асуудал байдаг юм. Тэгэхээр үүнийг олон талаас нь авч үзэх хэрэгтэй.

-Та өөрийн багц дахь 50 тэрбум төгрөгөөр тодорхой бүтээн байгуулалтын ажлууд хийнэ гэсэн. Энэ ажлууд чинь ямар шатандаа явж байна вэ?

-Орон нутагт ажиллаж байхад иргэд энэ мөнгөнийхөө нэлээд хэсгийг эрүүл мэндийн салбар тэр дундаа оношилгооны лаборатори, техник хэрэгсэлд зарцуулаач гэсэн санал хэлж байгаа.

Тиймээс энэ мөнгөний 25-30 тэрбумыг нь эрүүл мэндийн салбарт, 10 орчим тэрбум төгрөгийг нь гурван аймагт битүү зах барихад зарцуулна. Энэ ажил тендерийн шатандаа явж байна.

Үлдсэн мөнгийг нь иргэд харьяа засаг захиргаанаасаа авдаг бүх бичиг баримт, лавлагааг гаргаж өгөх автомат машинд зарцуулна. 120 ширхэг автомат машиныг ирэх долоо хоногоос аймаг, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт байршуулж эхэлнэ.