Су.Батболд: Хүндэрсэн нөхцөл байдлаасаа яаж гарах талаараа ярих хэрэгтэй
УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарлаад нэг сарын хугацаа өнгөрлөө. Гэтэл улсын төсвийн орлого бүрдэхгүй байгаагаас ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсөвт тодотгол хийх шаардлага байна гэсэн асуудал хөндөгдөж эхлээд байгаа.
Тиймээс бид УИХ-ын зарим гишүүнтэй холбогдож хаагуур ямар ажил амжуулж яваа хийгээд төсөвт тодотгол хийх тухай асуудалд ямар санаа бодолтой байгааг нь сонирхсон юм.
УИХ-ын гишүүн Су.Батболд:
-Энэ сарын 15-нд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуралдах юм. Тэр ажлын хэсэгт би байдаг. Би энэ 15-наас ажилдаа орж байна. Амралтынхаа хугацаанд Төв аймагт амарсан. Аймгийн маань 90 жилийн ой сайхан боллоо. Мөн намын бүлэг цуглаж, хуралд оролцсон.
Найр наадмаа зогсоогоод асуудлаа шийдэхгүй бол болохгүй нь.
Төсөвт тодотгол хийх тухайд эдийн засаг маш хүнд байна. Долларын ханш, төсвийн орлого бүрдэлт зэргийг харахад болж байгаа юм алга. Одоохондоо хүмүүс амраад явсан болохоор мэдрэгдэхгүй байна.
Хичээл сургууль эхлээд сургуулийн бэлтгэл ажил хангах, халаалт энэ тэр эхлээд ирэхээр мэдрэгдэнэ. Энэ нөхцөлд Засгийн газар аахар шаахар асуудал хэлэлцээд суугаад байж болохгүй.
Төсвийн тодотгол бүгдийг нь шийдэхгүй л дээ. Яах вэ, зарим хөрөнгө оруулалтыг хасах байх. Гэхдээ цаашид олборлох салбарын экспортын уналт бууралтыг яах вэ гэдгийг бодлогын хувьд шийдэхгүй бол болохгүй.
Оюутолгойн ажил огт явахгүй байна.
Ээлжит бус чуулган хуралдуулж мөнгө олохгүй байгаагаа загнаж, энэ байшинг барихаа боль гэхээсээ илүү ер нь цаашид яаж ажиллах гээд байгаа юм бэ, хүндэрсэн нөхцөл байдлаасаа яаж гарах гээд байгаа юм бэ гэдгээ ярих хэрэгтэй.
Ер нь улсын эдийн засаг бондын мөнгөн дээр тогтож байна. Дээрээс нь Оюутолгойн ажил огт явахгүй байна. Энэ талаар уул уурхайн сайд нь юм хийхгүй байна.
Тиймээс найр наадмаа зогсоогоод асуудлаа шийдэхгүй бол болохгүй нь. Эдийн засаг оны эцсээр хүндэрч мэдэхээр байгаа. Энэ нь хүн амын амьжиргаанд хүчтэй тусч мэдэхээр байна.
Энэ талаар арга хэмжээ авахгүй, статистик мэдээнийхээ сайн сайхныг нь түүж мэдээлчихээд, хүүхдэд чихэр өгч хуурч байгаа юм шиг суугаад байж болохгүй шүү дээ.