Б.Гарамгайбаатар: Манайхан мөнгө олох ажлаа хийхгүй байна
УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарлаад нэг сарын хугацаа өнгөрлөө. Гэтэл улсын төсвийн орлого бүрдэхгүй байгаагаас ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсөвт тодотгол хийх шаардлага байна гэсэн асуудал хөндөгдөж эхлээд байгаа.
Тиймээс бид УИХ-ын зарим гишүүнтэй холбогдож хаагуур ямар ажил амжуулж яваа хийгээд төсөвт тодотгол хийх тухай асуудалд ямар санаа бодолтой байгааг нь сонирхсон юм.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:
-Амраагүй шүү дээ би. Наадмаас хойш “Хадгаламж”, Монголбанктай эдийн засгийн нөхцөл байдлын талаар хамтарч ажиллаж байна. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд Монголбанкин дээр хорооныхоо гишүүдийг дагуулж очин мэдээлэл солилцох, эдийн засагчидтай уулзах, тооцоо судалгаатай танилцах гээд ажил ихтэй байна.
Яах вэ, эдийн засгийн нөхцөл байдал орлого бүрдэх талдаа дутагдалтай байгаа нь үнэн. Гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүйгээс валютын урсгал буураад байгаа. Энэ асуудал гэнэт гараад ирсэн ч юм биш. Өмнө нь байсан л асуудал. Үүнийг засч залруулах гэж ажиллаж байна.
Ээлжит бус чуулганыг хуралдуулах бэлтгэл ажил хангагдаж байна гэж ойлгож байгаа. Гишүүдийн ирцийн бүртгэл явагдаж байх шиг байна. Гэхдээ одоогоор хурлын зар энэ тар бол ирээгүй. Эдийн засгийн хүнд байдлаас гарахын тулд нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-ын чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцэх хэрэгтэй.
Манайхан аливаад тооцоо судалгаагүй хандаж ирсний гай нь гарч байна.
Хоёрдугаарт, төсөвт тодотгол хийгдэх шаардлага үүсч байх шиг байна. Бусад асуудал нь Засгийн газартай холбоотой, Яамдын хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний удаашралтай байдалтай ч холбоотой.
Нэг ёсондоо яамдыг хариуцаж байгаа удирдлагууд мөнгө олох ажлаа хийхгүй байна. Ер нь манайхан аливаад тооцоо судалгаагүй хандаж ирсний гай нь гарч байна. Тэр дундаа уул уурхайтай холбоотой янз бүрийн захиа занаа бичиж буй нь асуудлыг төвөгтэй байдалд оруулж байна.
Ядаж л хэвлэл мэдээллээр тайлбар өгч, ажлаа танилцуулаад байгаа сайд нарын ажлын арга барил доголдолтой л байна шүү дээ. Ер нь ганц уул уурхай гэхгүй бусад мөнгө олох арга замаа ашиглах хэрэгтэй. Ганцхан уул уурхайг шүтэж ирсний гай энэ.