Д.Батцогт: Шаардлагатай л байгаа бол хуралдах нь зүйтэй
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2013.08.14

Д.Батцогт: Шаардлагатай л байгаа бол хуралдах нь зүйтэй

УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарлаад нэг сарын хугацаа өнгөрлөө. Гэтэл улсын төсвийн орлого бүрдэхгүй байгаагаас ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсөвт тодотгол хийх шаардлага байна гэсэн асуудал хөндөгдөж эхлээд байгаа.

Тиймээс бид УИХ-ын зарим гишүүнтэй холбогдож хаагуур ямар ажил амжуулж яваа хийгээд төсөвт тодотгол хийх тухай асуудалд ямар санаа бодолтой байгааг нь сонирхсон юм.

УИХ-ын гишүүн Д.Батцогт:

-Сонгуулийн үеэр орон нутагт нэлээд сайн ажилласан. Түүнээс хойш ажил амралтаа хослуулаад байж байна. УИХ-ын ажлаас гадна би нэлээд хэдэн ТББ удирддаг.

Монголын махны холбооны тэргүүнийхээ хувьд махны салбарын өмнө тулгамдаад байгаа асуудлын талаар нэлээд том судалгаа хийж дүгнэлт гаргаж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны удирдлагуудад танилцууллаа.

Монголын махны салбарыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргахаар ажиллаж байна.

Цаашид Монголын махны салбарыг яаж хөгжүүлэх вэ гэдэг талаар төлөвлөгөө гаргахаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхантай хамтраад ажиллаж байна.

Төсөвт тодотгол хийх тухайд эдийн засаг хүнд байгаа нь хэнд ч ойлгомжтой байгаа тохиолдолд заавал ээлжит чуулганыг хүлээхгүй ээлжит бусаар хуралдуулж болно.

Шаардлагатай л байгаа бол хуралдах нь зүйтэй л гэж бодож байна. Хаа сайгүй л эдийн засгийн байдал хүнд байх шиг байна.